Сөүл рүү дөрөвдүгээр сарын 17-нд дахин тусгай нислэг үйлдэнэ

Улсын Онцгой комиссын шуурхай штабааас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатар, ОБЕГ-ын дарга хошууч, генерал Т.Бадрал, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, МИАТ ТӨАК-ийн гүйцэтгэх захирал Д.Баттөр нарын хүмүүс оролцов.
Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатар "Тусгай нислэгтэй холбоотой ташаа мэдээлэл, хардлагад тайлбар өгье. Манай улсын гуравдахь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Москвагаар дамжин тусгай үүргийн онгоцонд сууж ирсэн. Яагаад гэвэл тасалбар нь чөлөөтэй борлуулагдаж байсан. Мөн хойд хилээр орж ирж Сэлэнгэ аймагт тусгаарлагдаж байсан, COVID-19 халдвараар өвчилсөн болох нь тогтоогдсон оюутан энэ жишгээр л орж ирсэн.
Дараагийн онгоцоо төлөвлөж нисгэхээр Улсын Онцгой комисс ажиллаж байгаа. бид цаашид тусгай нислэг үйлдэх төлөвлөгөөгөө ЭМЯ-наас тавьж байгаа шаардлагыг харгалзан үзэж гаргаж байна. Нэг хүнийг нэг өрөөнд 21 хоног байлгана гэхээр өрөө сул болох хугацааг, өдөр шөнөгүй ажиллаж байгаа эмч нарын ачааллыг бид тооцоолж байна. Өөрийн орны иргэдээ боломжоороо авчирна. Иргэд амаргүй хүсэлт тавьж байна. Олон орон руу нислэг үйлдэхийг хүсч байгаа. Бидний хувьд хоёрхон онгоцтой. Тэд нь нисч ирээд л тусгаарлалтад орж байгаа. Олон улсын нислэг үйлдэгдэж байгаа төвүүд рүү л бид нислэг үйлдэж байгаа. Тиймээс иргэд маань тийш очиход хүчин чармайлт гаргах хэрэгтэй.
Мөн эргэн тойрон улс орнууд хилээ хаагаад байна. Япон гэхэд дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл транзит нислэгийг зогсоосон. ОХУ мөн адил хилээ чанга хаасан, БНХАУ хязгаарлалтын горимтой ажиллаж байна. Энэ нөхцөлд бид нислэг үйлдэхэд цөөнгүй зөвшөөрөл авах шаардлага гарч байна" гэлээ.

Хилийн чанадын 43 улсаас манай улсын 7624 иргэн эх орондоо буцах хүсэлтээ илэрхийлжээ. Тухайлбал БНСУ 2000, АНУ 1270, Австрали 906, Энэтхэгт 549, Туркид 437, Японд 300 иргэн байна. Энэтхэг улсад байгаа 500 гаруй иргэний 314 нь шашны сургуульд суралцдаг бага насны хүүхдүүд аж
ОБЕГ-ын дарга хошууч, генерал Т.Бадрал "Сөүл рүү дөрөвдүгээр сарын 17-нд дахин тусгай нислэг үйлдэнэ. Мөн дөрөвдүгээр сарыг дуустал Турк, Сөүл, Европын холбоо руу нислэг үйлдэхийг зорьж байна. Мөн улс орондоо байгаа иргэдийн хөл хөдөлгөөн их байгаа тул хөдөлгөөнийг хязгаарлах тал дээр анхаарч ажиллана" гэлээ.
Хэрэв дараагийн тусгай нислэгийг үйлдвэл бага насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, өндөр настан, тухайн улс орондоо амьдрах байргүй, байрны төлбөрийн чадамжгүй болсон, эрүүл мэндийн шалтгаантай иргэн, түүний асран хамгаалагч зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг нэн тэргүүнд татан авна. Харин залуучуудыг амьдарч байгаа улс орондоо аль болох дасан зохицож амьдрах шаардлагатай байгааг албаныхан зөвлөлөө.

Тусгай нислэгийн бүртгэл хэрхэн явагдаж байгаад иргэд эргэлзэж байгаа тул Сөүл хотод байгаа Үндэсний телевизийн сурвалжлагчаар өдрийн турш шууд дамжуулалт хийлгэх ажлыг судалж үзнэ гэдгийг Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатар хэллээ. Мөн тэрбээр "Бид иргэдээ татан авахын тулд хайчин дунд ажиллаж байна" гэдгийг онцлов.
Тусгай нислэгийг үйлдэхдээ Монгол Улсын аюулгүй байдлыг нэн тэргүүний зорилт болгон ажиллаж байгаа аж.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ