Нийслэлийн хэмжээнд хууль бусаар олгосон газрын эрхийг цуцална
НЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга н.Даваажаргал, Хэвлэл мэдээлэлтэй харилцах албаны дарга Б.Мөнхбаатар нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
НЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга н.Даваажаргал:
-Улаанбаатар хотод хууль бусаар олгогдсон, зөрчилтэй газруудыг нийтийн эзэмшил болгохоор ажиллаж байгаа. Өнгөрсөн хугацаанд нийт 246 иргэн, аж ахуй нэгж, албан байгууллагын хууль бусаар эзэмшдэг газрыг цуцаллаа. Хууль бусаар эзэмшсэн гэдэг нь анх газрыг авахдаа зориулалтын бусаар авсныг хэлнэ. Ийм учраас нийслэлийн Засаг даргаас захирамж гаргаж нийт 246 аж ахуй нэгжийн 150 орчим га газрыг цуцаллаа. НИТХ-аар энэ асуудлыг хэлэлцүүлж, нийтийн эдэлбэр газар болгох шийдвэр гаргасан.
Эдгээр иргэн, аж ахуй нэгжээс 32 нь Засаг даргын захирамжтай холбоотой шүүхэд гомдол гаргаад байна. Цаашид ч зөрчилтэй газрыг чөлөөлөх, газар цэгцлэх ажил үргэлжилнэ. Одоо шинээр 38 байршил дээр 120 орчим иргэн аж ахуй нэгжийн газрыг цуцлахаар судалж байна. НОК-ын үүрэг даалгаврын дагуу дүүрэг, хороо бүрт байх хэсгийн ахлагч нарт, нийслэлийн хэмжээнд 1630 орчим хэсгийн ахлагч нар байна. Өнөөдөр 13:00 цагаас эхлээд ЦЕГ-аас батлагдсан хуваарийн дагуу олон нийтийн цагдаагийн сургалтанд хэсгийн ахлагч нарыг хамруулна. Хуваарийн дагуу сургалтандаа сууж, шалгалт өгч,тэнцсэн хэсгийн ахлагч нарт олон нийтийн цагдаагийн эрх олгоно. Энэ сарын 15-аас хороо дүүрэг болгон дээр хэсгийн ахлагч нар олон нийтийн цагдаагийн эрхтэй ажиллана. Энэ нь ариун цэвэр сахиулах, олон нийтийн газар хогоо хаях, зэрэг асуудалд Зөрчлийн тухай хуулийн дагуу торгууль ногдуулж ажиллах эрхтэй болно.
Хэвлэл мэдээлэлтэй харилцах албаны дарга Б.Мөнхбаатар:
-“Хотын соёл” аян хэрэгжиж байгаа. Хэсгийн ахлагч нар хэрэгжилтэнд нь хяналт тавина. Тухайн ахлагч нарын шаардлагыг биелүүлж, дагаж мөрдөөсэй гэж хүсч байна хэмээн мэдээлээд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Улаанбаатар банкны эзэмшилд байсан хэдэн газар цуцалсан бэ?
НЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга н.Даваажаргал:
-Улаанбаатар хотын банкны охин компанийн хууль бусаар эзэмшиж байгаа газруудыг цуцалсан.
-Дугаарын хязгаарлалтад өөрчлөлт орох уу?
Хэвлэл мэдээлэлтэй харилцах албаны дарга Б.Мөнхбаатар:
-Дугаарын хязгаарлалттай холбоотой УОК-оос санал дэвшүүлсэн. Урьдчилж иргэдээс цахим хэлбэрээр санал асуулга явуулдаг. Үүгээр нийтийн тээврээр олон иргэд зорчих, эрсдэл үүсэх боломж бүрдэж байна гэсэн учраас хотын даргаас энэ асуудлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулаад байна.
Г.Мичидмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ