ВИДЕО: АН "өрх тусгаарласан" экс лидерүүддээ сонгуульд хамтарч оролцохыг уриаллаа

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баатархүү өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэрбээр:
-Ардчилсан үзэл санаагаар тугаа хийж байгаа улс төрийн намуудад, мөн ардчилсан үйл хэргийн төлөө ажиллаж байсан журмын нөхдөдөө, Ардчилсан намаас тусдаа гарч нам байгуулсан улстөрчдөд хандан 2020 оны сонгуульд хамтарч, хүчээ нэгтгэн орох эв нэгдлийн ялалтын уриалгыг хүргүүлж байна. 1996 онд АН анх удаагаа 76 жил Монголын төр, засгийг удирдсан МАН-ыг ялж байсан. Хамтарна гэдэг нь эвсэнэ гэсэн үг биш, АН-тай нэгдэн ардчиллын үйл хэргийг хүчирхэгжүүлэх, эрх баригч намын увайгүй үйлдлийг 2020 онд таслан зогсоох уриалгыг хүргүүлж байгаа юм. 2020 оны сонгуульд АН эв нэгдлийг эрхэмлэж, ардчиллын үзлийг түгээнэ дэлгэрүүлнэ. АН сонгуульд дангаараа оролцоно. Уриалгыг хүлээж аваад, ялалтын төлөө хамтрах хүмүүст манай намын үүд хаалга нээлттэй.
АН санхүүжилтээ нээлттэй болгох уриалгыг бусад намууддаа уриалж байна. Улсын аудитын байгууллага нэг нэр дэвшигчээс гарах сонгуулийн зардлын дээд хэмжээг гаргачихсан. 2020 оны сонгуульд намууд хэдэн төгрөгийн төсөв санхүүгээр сонгуульд оролцохоо зарла. Ялангуяа эрх баригч нам эдийн засгийн хүнд үед төсвөө тодотгохгүй, татвар төлөгчдийн мөнгөөр үр ашиггүй зүйл хийх нь бид хардаж байна. Нийслэлд төв талбайн ногоон байгууламжийг нь устгаад 3.2 тэрбум төгрөгөөр усан оргилуур барих гэж байна. Үүнийг олон нийт эсэргүүцээд байхад хийнэ гэж байгаа нь хардлага төрүүлж байгаа. Тиймээс намууд санхүүжилтээ шилэн болгохыг шаардаж байна. АН жил бүр Аудитын байгууллагаар санхүүжилтээ шалгуулдаг хэмээгээд сэтгүүлчдийн асуултад хариулав.
-АН-аас нэр дэвшихээр татвараа тушаасан горилогчдын нэрсийг ил болгох уу?
-Нэрс нь дурдагдсан татвараа төлсөн хүмүүсийн нэр худлаа мэдээлэл гээд хуулийн байгууллагад зарим хүмүүс хандаж байгаа. Хоёрдугаар шатны гэрээ гэж зүйл байхгүй. Бид хуулийн дагуу татварын хэмжээгээ тогтоосон.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ