Д.Нямхүү: Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын 13 хүнээс COVID-19 илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.04.14/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов.
Сингапур улсад өвчлөл огцом нэмэгджээ. Шалтгаан нь гадаадад зорчоод ирсэн иргэдийг гэртээ өөрийгөө 14 хоног тусгаарлах зөвлөмж өгсөн ч энэхүү зөвлөмжийг иргэд хэрэгжүүлэлгүй олон нийтийн газраас ихээр зорчсоноос халдвар тархаасан гэж үзжээ. Улмаар хүн бүр өөрийгөө оршин суугаа газраасаа гарахгүй байх дэглэмийг хэрэгжүүлж, 1.5-.2.0 метрийн зайнаас харилцах, нийтийн арга хэмжээг зогсоох зэргээр урьдчилан сэргийлэлт явуулж байгаа аж.
Итали, Испани, Франц, Герман улсад нас баралт буурч байгаа үзүүлэлт гарсан байна. Халдварын тархалт буурах эерэг үзүүлэлт ажиглагдаж байгаа ч тулааны ард гарах хараахан болоогүй гэдгийг анхааруулжээ. Турк улсад нас баралт 98-аар нэмэгдсэн. Герман улсад халдвар авсан хүний тоо 123 мянга гаруй, нас баралт 2799 бүртгэгджээ. Өвчилсөн иргэдийн 68 хувийг 15-59 насныхан эзэлж байна. Хүйсийн хувьд тэгш. Нас баралтын 86 хувийг 70-аас дээш насныхан эзэлсэн байна. Тус улсад зайнаас харилцах, хоёроос дээш хүн цугларахгүй байх, гаднаас ирж байгаа бүх зорчигчдийг 14 хоногийн хугацаанд тусгаарлах арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.
Япон улсын хоёр мужид нэмж онц байдал зарласан байна. БНХАУ-д хилийн хяналтыг чангатгаж хилээр орж ирж байгаа зорчигчдод 28 хоног хөл хорио тогтоох арга хэмжээг авч эхэлжээ. ОХУ-д 2555 тохиолдол шинээр бүртгэгдэж халдвар нэмэгдсээр байна. Тус улсын хэмжээнд халдварт өдөрт дунджаар 15-18 хувиар нэмэгдэж байгаа аж. Мөн өнөөдрийн байдлаар ОХУ-д 148 хүн нас баралт бүртгэгдсэн байна.

Манай улс өнгөрсөн бямба гарагт буюу дөрөвдүгээр сарын 11-ны өдөр ОХУ-аас нутаг буцах хүсэлтэй 282 иргэнээ Алтанбулагийн хилээр нэвтрүүлж, тусгаарлах үйл ажиллагааг зохион байгуулсан. Эдгээр иргэний 111 нь Дархан-Уул аймагт, 149 иргэнийг Улаанбаатар хотод тусгаарлах байранд ажиглалтад авсан. Харин сэжигтэй тохиолдол гэж үзсэн 20 хүнийг ХӨСҮТ-д тусгаарлаад байгаа юм. Сэжигтэй иргэдийн 13-аас COVID-19 вирус илэрчээ.
Энэ талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "ХӨСҮТ-ээс өчигдөр /2020.04.13/ үдээш хойш нэг өвчтөн эдгэрч гарлаа. Өмнө нь эдгэрч гарсан хоёр хүний сувиллын 14 хоногийн тусгаарлалтын хугацаа дуусч өөрийн гэрийн тусгаарлалтад дамжин шилжлээ. Эдгээр иргэнд 14 хоногийн турш хэд хэдэн шинжилгээ хийхэд хариу сөрөг гарсан. Гэрийн тусгаарлалтын хугацаанд мөн шинжилгээ авна. Ингээд нийт таван хүн эдгэрлээ.
Өчигдөр нийт 502 хүний шинжилгээ хийгдсэн. Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 262 хүнээс COVID-19 илрээгүй. Тандалтын зорилгоор уушгины хаталгаатай 19 хүнд шинжилгээ хийхэд хариу сөрөг гарсан. ХӨСҮТ-д тусгаарлагдсан 17, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 44 хүнд шинжилгээ хийсэн. Эдгээрээс 13 тохиолдолд COVID-19 вирус илэрлээ. Дархан-Уул аймагт тусгаарлагдаад байсан Москва хотын төмөр замын дээд сургуульд суралцдаг нэг оюутнаас халдвар илэрч, тусгай баг өнөөдөр өглөө түүнийг ХӨСҮТ-д авчирсан. Халдвар илэрсэн 13 хүн нь өмнө нь батлагдсан нэг тохиолдлын ойрын хавьтлын 19-23 насны оюутнууд байна. Бүгдийг нэг нэг өрөөнд тусгаарласан байсан" гэлээ.
Ийнхүү Монгол Улсад COVID-19 вирусийн батлагдсан тохиолдол 30 болж нэмэгдлээ. Үүнээс таван хүн эдгэрч эмнэлгээс гаран гэртээ болон сувилалд тусгаарлалтын дэглэмд шилжээд байна.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ