Амны хаалт зүүхгүй бол автобус ч үгүй, мөнгө ч үгүй


Цар тахлын дэгдэлтийг хянах хамгийн чухал хоёр арга нь хоёр метрийн зайнаас харилцах, амны хаалт зүүх гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байгаа. Гэвч урин дулаан цаг ирсэн энэ үед иргэд амны хаалтаа халааслаад хотын гудамжаар хэр тэнүүчлэх явдал ихэсч байгааг ч албаныхан сануулсаар байна.
Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу амны хаалтаа зүүж хэвшүүлэх тал дээр нийтийн тээврийн автобусанд шугамын шалгалт тогтмол хийж, зөрчлийг арилгуулан албаныхан ажиллаж эхэлжээ. Энэ ажлын хүрээнд Нийслэлийн засаг даргын орлогч, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхээр ахлуулсан албаныхан автобусны цэвэрлэгээ, ариутгал болон зорчигчид масктай үйлчлүүлж байгаа эсэхэд явцын шалгалт хийсэн байна.
Хэрэв олон нийтийн газраар явахдаа амны хаалт зориудаар зүүхгүй байгаа иргэдийг хүний эрүүл мэндэд санаатай хохирол учруулсан үндэслэлээр гэмт хэрэг хийсэнд тооцож, 150 мянган төгрөгөөр торгох арга хэмжээг авах болсон. Энэ шийдвэрийг хэрэгжүүлэх, хяналт тавих, торгох хариуцлага тооцох эрхийг цагдаагийн алба хаагчдад олгосон.
Дээрх шийдвэрийн дагуу эрсдэлтэй цаг үед амны хаалт зүүгээгүй иргэдийг нийтийн тээврээр зорчуулахгүй байх шийдвэр гарсан. Иймд иргэн та амны хаалтаа зүүхгүй бол автобус ч үгүй, мөнгө ч үгүй болох нь гэдгийг анхааруулж байна.
Иргэн та үүргээ биелүүлж амны хаалтаа зүүж өөрийн болон бусдын эрүүл мэндийг хамгаалаарай.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ