М.Булган: Япон бизнес эрхлэгчдээс Монголд маск зарах санал ч ирсэн
2020-04-20

Гадаадад байгаа монголчуудтай онлайнаар цуврал ярилцлагаа хүргээд багагүй хугацаа өнгөрч байна. Энэ удаа www.Shuud.mn сайтад арлын Япон улсад амьдарч,  ажиллаж байгаа М.Булган хандаж өөрийн ажиллаж, амьдарч байгаа улсынхаа өнөөгийн нөхцөл байдлын талаар монголчууддаа мэдээлэл хүргэх хүсэлтээ илэрхийлсэн юм. Ингээд уншигчийнхаа хүсэлтийн дагуу түүнтэй ярилцсанаа хүргэе.

 

-Сайн байна уу? Юуны өмнө танд баярлалаа. Уншигчдад маань өөрийгөө танилцуулна уу?

 

-Сайн, сайн байна уу? та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Намайг М.Булган гэдэг. Япон улсад 12 жилийн хугацаанд сурч, ажиллаж амьдарч байна. Анх 2008 онд хэлний бэлтгэлээр ирж байсан. Хоёр жил сурч төгсөөд, англи хэл, гадаад худалдаа,бизнесийн удирдлагын чиглэлээр суралцаж төгссөн. Одоо “Nagano koumutenco.ltd” гэх  дэд бүтцийн барилга засварын компанийн бизнес  төлөвлөлтийн хэлтэст ажиллаж  байгаа.

 

-Япон улсын хэмжээнд онц байдал зарлалаа. Нөхцөл байдал ямар байна вэ?

 

-Хоёрдугаар сарын дунд хүртэл нөхцөл байдал  их тогтвортой тайван байсан. Харин төд удалгүй “Токио-2020” олимп нэг жилээр хойшилсон гэх мэдээний маргаашнаас эхэлж Токио хотын Сэтагая дүүргээс 40 орчим коронавирусийн халдвартай иргэн илэрсэн гэх мэдээлэл тарж эхэлсэн. Түүнээс  хойш өдөр бүр тохиолдлын тоо нэмэгдсэн. Хамгийн анх “Diamond Princess” усан онгоцонд Хятадын Ухань хотоос зорчиж буй иргэд ирж байгаа гэх мэдээлэл гарж тухайн үедээ Японы Засгийн газар түргэн шуурхай ажиллаж, усан онгоцон дээр байгаа иргэдийг “Япон улсын боомт дээр буулгаагүй” гэх мэдээлэл гарсан ч энэ нь ташаа мэдээлэл болж таарсан.

 

Мөн тухайн усан онгоцонд байсан иргэдээ боомтод буулгаагүй өөр арал дээр аваачиж коронавирусийн шинжилгээ  авч эмчилгээ хийж байгаа  гэх мэт мэдээлэл тархсан ч төд  удалгүй онгоцноос  арав гаруй хүн  буусан ба зарим нэг хүн нь  хаана байгаа, хаагуур явж байгаа  гэх мэтчилэн мэдээллүүд нь олдохгүй, ойлгомжгүй болсноор хяналтаа алдлаа гэж Япон улсын иргэд айж эхэлсэн. Харин онц байдал зарласанаар Монгол Улс шиг хөдөлгөөн хязгаарлаагүй нийтийн тээвэр, хүн амын хөдөлгөөнийг хязгаарлаагүй. Шаардлагагүй тохиолдолд гэрээсээ битгий гар гэсэн санамж өгч байгаа. Миний хувьд долоо хоногт хоёр удаа л ажил дээрээ очиж, бусад үед нь гэрээсээ ажиллаж байна

 

-Япон улсын Засгийн газраас ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байна вэ?

 

-Улс даяараа онц байдал зарлаж олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Жишээлбэл,

 

-Айл, өрх бүрт хоёр ширхэг маск / дахин хэрэглэж болдог/ тараах

 

-Санхүүгийн хохирол амссан гэр бүлүүдэд мөнгөн тэтгэмж өгөх, хоёр хүний орлогоос үл шалтгаалж 100 мянган иен олгохоор болсон.

 

Энэ шийдвэр дөрөвдүгээр сарын 30-наас өмнө  хэрэгжүүлэх зорилготой. Мөн жижиг дунд бизнес эрхлэгч, компаниудад хоёр сая иений нөхөн төлбөр, хувиараа бизнес эрхлэгчид нэг сая иений тэтгэмж өгөх зэрэг арга хэмжээ авч байна. Мөн дөрвөндүгээр сарын сүүлээр тавдугаар сарын эхээр “Алтан долоо хоног” гэх бүх нийтийн амралтын өдрүүд эхэлнэ. Энэ амралтын өдрүүдээр иргэд аялал, зугаалгаар явж, салхинд гардаг. Энэ үед л  олон нийтийн бөөгнөрөл үүсгэхгүй байх тал дээр анхаарч ажиллаж байна.

 

-Амны хаалт хүрэлцээтэй байна уу? Зах зээлийн ханш нь хэд байгаа вэ?

 

-Маскны бизнес зөвхөн Монголд ч гэлтгүй энд ч гэсэн хүчээ авч эхэлсэн. Миний бизнес хамтрагч, япон бизнес эрхлэгчдээс хүртэл "Монголд маск зарах уу" гэж холбогдож байсан. “Амазон” болон бусад худалдааны сайтуудаар 5000 иенээр зарагдаж байна. Харин одоо бол 50 ширхэгтэй амны хаалт 3500 иен орчмоор худалдаалагдаж байгаа. Бодоод үзэхээр, нэг амны хаалтны үнэ 70 иен буюу монгол мөнгөөр 1807 төгрөгөөр худалдаалагдаж байна гэсэн үг. Амны хаалт дахин борлуулах, үнийн хөөрөгдөл үүсгэсэн этгээдэд торгууль ногдуулах шийдвэр гарснаас хойш маскны бизнес харьцангуй намжсан гэж ойлгож болно. Мөн Япон улсын Ерөнхий сайд Абэ Шинзогийн өрх бүрт хоёр ширхэг амны хаалт тараана гэсэн мэдэгдэл нь  цахим орчинд их үймээн дэгдээсэн. Ихэнх нь Ерөнхий сайдыг шүүмжилж, жирийн ард иргэдийг Абэ хэзээ ч ойлгохгүй учир нь тэр хүүхэд байхаасаа л эхэлж дээдсүүдийн амьдралаар амьдарч ирсэн, тэр хэзээ ч бидний амьдралыг ойлгохгүй. Ийм Ерөнхий сайд сонгосон нь бидний буруу гэх мэт ярилцлагууд явж эхэлсэн.

 

-Аж ахуй нэгжүүд хэвийн ажиллаж байна уу?

 

-Эдийн засгийн хувьд Хятад улсаас их хамааралтай. Гадаад худалдааны томоохон нөлөөг Хятад, АНУ хоёр улс эзэлдэг. Томоохон компаниудынх нь үйлдвэр Хятад улсад байдаг. Жишээлбэл: “Ниссан”, “Хонда” гэх машины үйлдвэр байна. Нэг сараас гурван сар хүртэл орлого нь 70-85 хувиар буурсан бол гурван сарын сүүлээс эргээд хэвийн байдалдаа шилжиж ажиллаж эхэлсэн гэсэн мэдээлэл байсан.

 

Хамгийн түрүүнд аялал жуулчлалын салбар хувьд ашиг орлого бүрэн зогссон. Үүнээс үүдэн  сүлжээ зочид буудлууд ердийн тарифын үнээ тал үнээр буулгаж байна. Япон улсад амьдрахад өртөг өндөр байдаг. Тиймээс хаана хаанаа хэцүү байгаа байх. Нэг давуу бий.  Япон  компанид үндсэн ажилтнаар ажиллаж байгаа иргэдийн тухайд ажлаа хийгээд л  сар бүр тогтмол орлогтой явж байгаа болов уу? Учир нь энэ улсад гэрээ хийсэн бол маш чанга сахиж мөрддөг. Тийм учраас амархан ажлаас халах эсвэл цалин буулгана гэсэн асуудал байхгүй. Бүх юм эхний гэрээний дагуу явдаг. Харин оюутнуудад цагийн ажил олдох нь бага байгаа байх.

 

-Япон улсад суугаа манай Элчин сайдын яамнаас ямар арга хэмжээ авч байна?

 

-Манай Элчин сайдын яамнаас Япон улсын мэдээллийн хэрэгслүүдээр гарч байгаа цаг үеийн мэдээг монгол хэл дээр хөрвүүлээд цахим хаягтаа байршуулж, сэрэмжлүүлж  байна. Тиймээс монгол иргэдийг мэдээллээ сайн авч байгаа болов уу гэж найдаж байна.

 

-Эх орондоо ирэх хүсэлт гаргасан уу?

 

-Одоогоор гаргаагүй л байна.  Онц байдал зарласан ч тавдугаар сард байдал дээрдэх байх гэж бодож бас найдаж байна. Тиймээс эндээ ажлаа хийгээд л байж байна.

 

-Японд байгаа монголчууддаа хандаж юу гэж хэлмээр байна?

 

-Тайван байж, хичээгээрэй гэж хэлмээр байна. Ар гэртээ болж байгаа нөхцөл байдлыг ойлгуулж аль аль талдаа тайван байж, илүү хичээнгүй байх хэрэгтэй шүү. 2011 оны гуравдугаар сарын 11-нд болсон үйл явдлыг бүгд мартаагүй байгаа байх. Тэр үед бүх гадаад иргэд Япон улсаас дайжин зугтсан. Харин Сүмогийн дэвжээнд бол монгол бөхчүүд л үлдэж жаргал зовлонгоо хуваалцаж байсан гэдэг. Монгол хүмүүс гэдэг чинь ариун цэвэр сахидаг, сахилга баттай  хүмүүс гэдгээ үлгэрлэж харуулах хэрэгтэй. Мөн нэмж хэлэхэд манай Монгол улсын онцгой комисс, эрүүл мэндийн яам маш сайн ажиллаж байна.  Гэхдээ нөгөө талдаа бусад яамтайгаа харилцан холбоотой ажилламаар юм шиг санагдсан.

 

Баярлалаа. Эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсье.

 

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Япон улс ямар ч аюулгүй хамгийн тайван сайхан орон шүү дээ. Япончууд алзахгүй мундаг ард түмэн.
2020-04-22
Od:
Batalgaatai l mask baidag baigaa daa! ymar ymaar hiichiheed JAPAN l bol sain gesen tarhi ugaaltaar bidniigee hulihidahgui l bol bolj bnaa. End ireheeree 2-3 nugalsan uneer zaragdah biz dee. Gehdee yaaya geheb 1 udaa ideh hooloo hasaj baigaad ch gesen avah l bolno doo
2020-04-20