"Эзэн"-д биш хуульд захирагддаг албан хаагчид төрийн албыг шинэчилнэ

img

Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Идэрчулуун бичиж байна

 

 

Төрийн албаны шинэ хуулийг дагаж мөрдөөд багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хууль урьдах хуулиас зарчмын хувьд цоо шинэ хууль болсон. Яагаад шинэ гэж хэлж байна вэ. Энэ хууль төрийн албан хаагчдад тавигдах шаардлага, төрд орж ажиллах иргэдэд тавигдах шаардлага өндөрссөн. Төрийн албан хаагчийн сахилга хариуцлага, ёс зүйг чангатгасан. Төрийн албаны томилгоо бүхэн зөвхөн шатлан дэвших зарчимд үндэслэж хийгдэхийг хуульчилсан, төрд хохирол учруулсан албан тушаалтан эдийн засгийн хариуцлага хүлээх болсон. Төрийн албаны зөвлөлийн бүрэн эрх бүтэц бүрэлдэхүүнийг өргөжүүлж хараат бус ажиллах нөхцөл бололцоог хангасан гэх мэт олон шинэ зохицуулалт бий болсон.

 

Монгол Улс 1994 онд анх төрийн боловсон хүчний бодлого үйл ажиллагааг шинэ үндсэн хуулийн хүрээнд зохицуулах Төрийн албаны тухай хуультай, хууль хэрэгжүүлж ажиллах Төрийн албаны зөвлөл гэдэг байгууллагатай болсон. Энэ 26 жилийн хугацаанд төрийн албыг тогтвортой байлгах, чадварлаг мэргэшсэн албан хаагчдаар бэхжүүлэх, улс төрөөс ангид байлгах зарчимд тулгуурлан 2002, 2008 онд хоёр удаа нэмэлт өөрчлөлт хийсэн. Хэн ч маргаж, буруутгаж үгүйсгэж чадахгүй олон сайн зүйлийн талаар хангалттай ярьж, олон гоё нэртэй төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, олон улс, газар орны туршлага судалж олон удаа олон түвшинд сургалт зохион байгуулсан.

 

Ингэж амьхандаа л сайн засаглалтай шударга төр, төрийн албан хаагчидтай болох дэвшлийн төлөө арга зам эрэлхийлж, шийдэл хайж тодорхой зарим арга хэмжээнүүдийг авсан хэдий ч олигтой үр дүнд хүрсэнгүй. Төрийн албыг шинэчилье гэж зорьсон нэг хэсэг хүмүүсийн мөрөөдөл, үр шимийг нь хүртэх гэж яарсан иргэд олон нийт, гар бие оролцон зүтгэсэн олон олон шударга төрийн албан хаагчдын хүлээлт үр дүнд хүрсэнгүй. Мэдээж сайжирсан тогтож төлөвшиж байгаа зүйлүүд байгаа хэдий ч санаанд хүрсэнгүй өнөөг хүртэл шүүмжлэл дагуулсаар л байна. Шийдлээ хүлээсэн өөрчлөх ёстой олон асуудал овоорсон хэвээр байна. Хүлээлт хэтэрхий удаан үргэлжиллээ. Төрийн алба шүүмжлэлийн бай хэвээр л байна. Эцэст нь “төрийн алба дампуурсан” гэх нэр зүүлээ. За яагаад ийм нэр зүүх болов.  Хууль нь, хуульчилсан зорилго зорилт зарчим нь, хориглосон зүйл заалт нь бүгд байсан.  Тангараг өргөсөн албан хаагчид нь   байсан. Яагаад үр дүн нь харин сөрөг байгаад байна.  Энэ улс орны туулж өнгөрүүлсэн сүүлийн жилүүдийн нийгмийн амьдралаас эргэцүүлж харвал шалтгаан нь ил тодорхой байна. Энэ бүхэн зөвхөн “хүн”-тэй холбоотой байж. Асуудал төрийн албан хаагчдад өөрт нь байж гэж би харж байгаа. 

 

Бид бүгд нэгэн зүйлийг сайн мэддэг болсон.  Төрийн албан хаагчийн алба хаах, ажилтай байх баталгаа 4 жилийн давтамжтай болсон. Их хурлын болон орон нутгийн сонгууль болгоны дараа төрийн алба бүхлээрээ “бужигнадаг”. Улс төрчид нам, эвсэл бүлэглэлийн нөлөө, элдэв шахалт хавчилтаар төрийн албанд мэргэшсэн, мэргэшиж байгаа албан хаагчдыг мэдлэг, мэргэжил ур чадвар ёс зүй харгалзалгүй хоморголон ажлаас халж, чөлөөлж, сэлгэж шилжүүлдэг. Энэ ажлыг хуульд биш зөвхөн “эзэнд” захирагддаг төрийн албан хаагчдын оролцоотойгоор хийгддэг. Шударга байх гэж эрмэлздэг албан хаагч болгон үүнд өртдөг. Харамсалтай нь энэ үйл ажиллагаа орон даяар болдог.  Намаас түдгэлзсэн тодорхойлолт хувийн хэрэгтээ хавчуулсан төрийн албан хаагч намынхаа ивээлд багтаж ил далд үр шимийг нь хүртдэг тогтолцоо амь бөхтэй үргэлжилж байна. Тэдний оронд улс төрч, эрх мэдэлтэнд дулдуй, ая талтай нам фракцын угшил харьяалалтай, улс төрийн сонгуулийн компанит ажилд гар бие оролцсон ил далд дэмжсэн, хандив тусламж үзүүлсэн, эрх мэдэлтний танил, ах дүүс, хамаатан садан, нутаг нуга, найз нөхөд, цүнх баригчид, гэх элдэв “номинац”-аар төрийн албанд томилдог заншил тогтоод удаж байна. 

 

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр шударга дүр эсгэж, хууль ёс зарчим ярьдаг ч нүүр буруулан хууль зөрчдөг хууль зөрчихийг шаарддаг бүлэг хүмүүс бий болжээ. Тэд эрх мэдэл, албан тушаалыг ашиг сонирхол, орлого, олз олж хөрөнгөжих боломж гэж харж, төрийн өндөр алба, албан тушаалыг өөр зорилгод ашигладаг нэгдмэл сонирхолтой зарим бүлэглэл, улс төрчид хүчирхэг сүлжээ үүсгэснийг бид нэгэнт мэдэх болсон. Урьд нь төрд ажиллаж байгаагүй, төрийн алба хаших ойлголтгүй эх орноо гэх “сэтгэлгүй” нөмөр нөөлөгтөө чирч явдаг дуулгавартай “зарц” нараа монгол төрийн тооноор, цонхоор, хаяа хатавчаар чихсэнээс энэ алба танил тал, ураг төрлийн алба болсон. Эрх мэдэлтэй, албан тушаалтай, хөрөнгө мөнгөтэй хэдхэн хүний өмч, тэдний “хүүхэд”-үүдийн “өдөр өнжүүлэх” болсон. Төрийн албан тушаал сонгууль болгоны дараа үндсэндээ баярын бичиг, сайшаалын үнэмлэхний хэмжээнд очдог болсон.

 

Хууль бус шударга бусын эсрэг ганц нэг дуугардаг нэгэнд нь ажил орлоготой байхын тулд “амьгүй албат” болох, эсхүл хамтарч хууль зөрчих зам үлддэг.  Ийм албан хаагчдын “буян”-аар улс орон уруудан доройтож, бүхэлдээ хямралын байдалд орсон. Төрийн албаны, төрийн албан хаагчдын нэр хүнд шалан дээр унасан.  Үүнийг харж суугаа ард иргэд төрийн албаны булайг тоочиж төрийн алба дампуурсан гэж тодорхойлж байгаа юм. 

 

Аливаа ажлыг хийхэд мэдлэгээс илүү хувь хүний ёс зүй сахилга хариуцлагаас гадна “чин сэтгэл” чухал юм байна. Мэдээж мэдлэгийг үгүйсгэсэн хэрэг огт биш. Аливаа улс үндэстний хөгжил боловсролтой иргэдтэй салшгүй холбоотой. Тэгэхдээ төрийн төлөө ажиллах сэтгэл үнэхээр чухал юм байна. Төрийн алба гэдэг өс санадаг бас ач санадаг хүний ажил биш шүү дээ. Төрийн албаны чиг үүргээ хэрэгжүүлж цалин авч байгаа нь чамлалттай санагддаг хүмүүс авлигач түшмэлийн сүрэг бий болсон байна. 

 

Төрийн албаны сонгон шалгаруулалтгүйгээр хууль бусаар томилогдсон албан тушаалтан, албан хаагч төрийн албаны дампууралд голлох хувь нэмэр оруулж, төрийн албаны дампуурлын хурдасгуур нь болж ажилласан.   Хууль ёсонд нийцсэн үйлдэл, хууль ёсонд нийцсэн шийдвэр, үр дүн тэднээс хүлээх хэрэггүй. Тэдэнтэй хууль зарчим яриад нэмэргүй. Тэд албан тушаалд томилогдонгуутаа “хаан” болсон мэт ойлгож, дураар аашилж эрх мэдлээ хэтрүүлдэг, хууль зөрчдөг... Тэд хуульд биш ажилтай болгосон эзэнд захирагддаг.

 

 Ийм хууль бус томилгооны үр дүн Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрч, иргэд нь Үндсэн хуулиар тунхагласан эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээ алдчихаад байна. Зам тээврийн осол, гэмт хэргийн золиос, хорт хавдрын улмаас амь насаа алдагсдын тоо дайны хөлд нэрвэгдсэн орныхоос хол давсан. Шинэ төрж байгаа нярай төрөлхийн өвчин гажигтай дээр нь өртэй төрөх болсон.  Эдийн засгийн, хүнсний, аюулгүй байдал алдагдсан. ... хөрс, агаар, усны бохирдол... хот төлөвлөлт, газар олголт...  гээд олон зүйлийг ярьж болно.   Эрүүл бус хүнс, агаарын бохирдлоос болж, эрүүл иргэнгүй улс болчхоод байна. Болж бүтэж байгаа зүйлгүй болсон гэхэд хилсдэхгүй. Тэр байтугай Төрийн албыг 60 тэрбумаар зарах тухай яриа ... хүртэл олонд дэлгэгдсэн. Энэ бүхнийг төрийн албан хаагчид өөрсдөө хийсэн. Аллага, архидалт, хар тамхи хахууль гээд хүнд гэмт хэргийг төрийн албан хаагч үйлддэг болсон.  Төрийн албан хаагчид дунд ийм “дайсан” олон байна.  Монгол улсын төрийн албаны шившиг энэ улсын нутаг дэвсгэрээс хальсан. Төрийн нэрийн өмнөөс шийдвэр гаргадаг шүүгчид нь бөөнөөрөө авлигын хэрэгт шийтгүүлтлээ ..., Монгол Улсын элч төлөөлөгч дипломатууд нь дэлхийн хар тамхины мафийхны зөөвөрлөдөг хэмжээнээс хол давсан (600кг) хэмжээгээр хар тамхи зөөвөрлөтлөө, ... мэргэжлийн хяналтын болон гаалийн байцаагч нь оймсноосоо, малгайнаасаа хахуулийн мөнгөө савируулах хүртлээ... уруудан доройтсон. Ийм байхад Монголчуудад, Монголын төрд, төрийн албан хаагчдад хэн итгэх билээ Ийм байхад бид гадна талдаа ч дотооддоо ч яаж сайн нэр дуулах билээ. Төрийн албаны, төрийн албан хаагчид яаж сайн нэр дуулах билээ.  Нэг жишээ хэлье. Нэг оюутан багшдаа мөнгө хавчуулсан дүнгийн хуудас өгч шалгалтад тэнцэж төгсч байгаа ролик байдаг. Мухар олгой авах сэдвээр мөнгө авч дүн тавьсан багш нь тодорхой хугацааны дараа дүн худалдаж авсан шавь дээрээ яг тэр оношоор хагалгаа хийлгэхээр ирдэг. Энэ жишээнээс олон дүгнэлт хийж болно. Энэ жишээг төрийн албатай холбож зориуд хэлж байна.

 

 Улс орон бүхэлдээ хямралын байдалд орлоо. Энэ үйл явцад гар бие оролцож, хувь нэмэр оруулсан, энэ гажуудлаас олз олсон, үр шимийг нь хүртсэн, одоо ч хүртэж байгаа зарим нэгэн гардан хэрэгжүүлэгчид ч одоо бидэнтэй мөр зэрэгцэн ажиллаж төрийн албан хаагч бидний дунд сууж байна. Хууль зөрчсөн томилгоо бүрийн ард ашиг сонирхлын зөрчил байна гэдэг хоосон хардлага биш гэдэг нь бага багаар нотлогдож байна. Давтан хэлье хууль зөрчсөн томилгоо бүхэн төр уруудан доройтоход нөлөөлж, төрийн албаны дампуурлын хурдасгуур болсон.

 

Харин одоо энэ бүх муу муухайгаасаа яаж хурдан салж, сайн цагийг эхлүүлэх вэ. Яаж сайн засаглалтай болох вэ. Хариулт нь их энгийн. Хууль ноёлсон зарчим хэрэгжсэн төрийн алба.  Төрийн албаны энэ шинэтгэл энэ хуулийн хүрээнд заавал хийгдэх ёстой. Шинэчлэл хийх нь бидний үүрэг. Шинэтгэлийг төрийн албан хаагчид бид хамтарч хийнэ.

 

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй. төрийн албыг төлөвшүүлэх нь” төсөл хэрэгжүүлж байгаа энэ цаг үе шинэтгэлтэй давхцаж байна. Энэ их аз завшаан. Төрийн албаны шинэ хуулийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх төрийн албаны шинэтгэлийн ажлын хүрээнд төслийн дэмжлэгтэй олон ажил хийж байна. 

 

Шинэчлэл гэдэг үйл явц хууль, дүрэм журам өөрчлөөд яриад хэрэгждэг зүйл биш. Энэ бол олон хүний хичээл зүтгэлээс хамаарах өргөн хүрээтэй үйл явц юм.

 

Шинэчлэлийг бид уулын аялалтай зүйрлэж ойлгож байгаа. Аялалд мэдээж цаг хугацаа орно, хүндрэл бэрхшээл тохиолдох нь ойлгомжтой. Аялалд гарах гэж байгаа хүн өөрийн болоод хамтрагчийн эрүүл мэнд, сэтгэл зүйн бэлтгэлээс эхлээд хөтөч хэн байхав, унаа унаш, хоол хүнс, тоног хувцас хэрэгсэл... гээд тооцох төлөвлөх базаах зүйл их бий.  Аялалт тохиолдож болох саад бэрхшээл, түүнийг даван туулах гээд санаа зовоох бодох төлөвлөх олон зүйл бий.   Хамгийн гол нь үр дүн чухал. Зорьсон газраа төлөвлөсөн цаг хугацаанд амжилттай даван туулж, хүссэн оргилоо эзэлж амжилттай бууж ирснээр аялал амжилттай өндөрлөнө.  Аялал сэтгэлийн ханамжтай, бас амжилттай дагуулах ёстой. Аялал бүхэлдээ сургамж болж үлдэнэ.  Дараагийн эзлэх оргил нь зорилт болж үлдэнэ. Тэгэхээр төрийн албанд шинэчлэл хийх энэ том аялалд төрийн албан хаагч нэг бүрийн идэвх, санаачилга оролцоо чухал. Бид нэг олсонд бэхлээтэй уулчдын баг гэж ойлгож ажиллахыг хичээнэ.

 

Төгс төгөлдөр зүйл гэж хаа ч байхгүй. Төгс төгөлдөр хүн ч гэж бүр байхгүй. Гэхдээ “зөв хүн” байх, “зөв сэтгэл”-тэй байх чадвар хүн бүхэнд бий. Төрийн албан хаагч бүр хичээж энэ чадвараа багахан хөгжүүлээд хуульд мөрддөг болчихвол, зүрх сэтгэл нь эх орны төлөө байж чадвал төр зөв зүгт явах боломж байна.

 

Монголчууд дэлхийн өнцөг булан бүрт тухайн орны хуулийг дагаж мөрдөөд өндөр шаардлага дор нь амьдарч чадаад байгаа. Тэгэхээр манайханд хууль сахих чадвар байна. Ердөө хувь иргэний хууль сахих ухамсар ёс зүй сахилга хариуцлага гэсэн үг. Форд машиныг үндэслэгч Хэнри Форд “Эзнийг эзгүйд ажлаа хийж байгаа байгаа ажилтан бол хамгийн сайн хамтрагч юм” гэж хэлсэн байдаг. Төрийн албан хаагч хуульд заасан чиг үүргээ хэнээр ч шахаж шаардуулалгүй, санаачилгаараа гагцхүү хуульд захирагдаж хэрэгжүүлдэг байлгах тухайд энэ жишээг хэлж байна.

 

 Тэгэхээр төрийн эрх ашгийг хувийнхаа эрх ашгаас ялгаж чадвартай, шуналаа тэвчиж чадах гадны аль нэг улс, хэн нэг иргэн, хувийн эрх ашгийн дээр “үндэсний язгуур эрх ашгийг” тавьж, төрийн албанд зүтгэх хүмүүсийг олж хийж чадах ажил албыг нь хариуцуулах ёстой юм байна. Энэ бол төр шиг төртэй байхын амин чухал асуудал юм гэдэг нь улс орны сүүлийн 30-аад жилийн амьдралаас харагдаж байна. Ямар нэгэн саванд эрдэнэ хийвэл “эрдэнэтэй сав” харин хог хийвэл “хогийн сав” болно. Төрийн албыг шударга, ёс зүй сахилга хариуцлагатай төрийн төлөө ажиллах сэтгэлтэй албан хаагчид бүрдүүлсэн нөхцөлд сайн үр дүн гарна гэсэн үг. Миний бодолтой санал санал нийлэхгүй байж болно. Морь болгон хурдалдаггүй. Хүлгийн төрмөл хурдан байх ил өгөгдөл шинжийг олж харсан уяачийн эрдэм ухаан хөдөлмөр зүтгэл нөлөөлж унаач хүүхдийн чадвар нийлээд амжилтад хүрдгийг бид мэднэ.

 

Хүн төрөлхтөн овог аймгийн зохион байгуулалтаас нийгмийн байгуулалтад шилжих үеэсээ амьдралаас урган гарсан асуудлыг шийдэх арга зам нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ зохиосон нь өнөөгийн бидний хууль хэмээх ойлголт болсныг бид мэднэ. Хуулийг хүн зохиодоггүй. Хууль хүний нийгмийн харилцаанаас амьдралаас урган гардаг. Хууль хатуу чанга байхаасаа илүү, хариуцлага зайлшгүй байх АЛТАН зарчимтай. Монгол Улсын Үндсэн хуулийн эх баригч Бяраагийн Чимэд агсны Аливаа хуулийг доодсыг энэрэн хамгаалах, дээдсийг эрхэмлэн хязгаарлахын тулд гаргадаг. Хуулийг албан тушаалтны төлөө хийдэггүй харин албаны эрх мэдлийг хязгаарлахын төлөө хийдэг. Хууль бол хориг юм. Мэргэшсэн төрийн алба бол явуулын улс төрчдийг хуулиар зэвсэглэж, хуульд захирагдаж ажилладаг болгох отчийн газар мөн” гэж хэлсэн үг байдаг.

 

Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.-д “Монгол Улсын үндсэн хууль бусад хуулийг чанд баримталж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан, ард түмэнд үйлчилж, төрд чин үнэнч зүтгэхэд төрийн албаны эрхэм зорилго оршино” гэсэн байгаа.  Энэ зорилтод хүрэх гол хөшүүрэг нь төрийн албан хаагчид. Дахиад давтъя ашиг ашиг сонирхлоос ангид, хувийн эрх ашгаа хойш нь тавьж, зөвхөн хуульд захирагдах ёс зүйтэй, сахилга хариуцлагатай зөв хүмүүсийг шатлан дэвших зарчимд тулгуурлан томилж төрийн албыг “эрдэнэтэй сав” болгож бэхжүүлнэ. Төрийн албаны зөвлөл үүний төлөө ажиллах ёстой. Нөгөө талдаа төрийн албан хаагчдыг шударга ажиллах боломж нөхцөл нийгмийн баталгааг нь хангахыг зорилгоо орхигдуулж болохгүй. Шинэ хуулийн зорилго товчхондоо ердөө л энэ.  

 

Шинэ хууль урьд урьдын хуулиас онцлог ялгаатай зарчмын шинэчлэлийг тусгасан. Зарим нэгийг дурьдая. Тухайлбал чадахуйн зарчим. Энгийнээр хэлбэл чаддаг хүнээр чаддаг ажлыг нь хийлгэнэ. Тэгэхдээ төрийн албаны бага тушаалаас ажиллаж шат алгасалгүй ахиж дэвшиж дарга болох боломжийг бүгдэд нээсэн. Ингэснээр төрийн албанд тохиолдлын хүн хууль зөрчиж томилогдох боломжгүй болсон гэсэн үг.  Авлига албан тушаалын гэмт хэрэгт үйлдэж, шүүхээр ял шийтгэгдсэн хүн төрийн албанд орох боломжгүй болсон. Тухайн албан тушаалд томилогдох тусгай шаардлагыг хангаагүй хүн, ял шийтгэлтэй хүн төрийн албанд ажиллах боломжгүй г.м.

 

Төрийн албаны зөвлөл иргэний гомдол мэдээллээр, өөрийн санаачилгаар хяналт шалгалт хүний нөөцийн аудит хийдэг болсон. Төрийн албан хаагчийг хууль бусаар халдаг үзэгдлийг зогсоосон. Албан тушаалтны хууль зөрчсөн үйлдлийн улмаас төрд учирсан хохирлыг буруутай албан тушаалтнаар төлүүлдэг болсон. Шүүхийн шийдвэр биелүүлээгүй албан тушаалтанд хариуцлага тооцох гэх мэт хариуцлагыг чангатгасан.  Энэ хуулиар зөвлөлийн бүрэн эрхийг өргөжүүлж өгсөн. Зөвлөл төрд учирсан хохирлыг төлүүлнэ, бүртгэл хөтөлж хохирол барагдуулалтад хяналт тавина, шүүхэд нэхэмжлэл гаргана. Зөвлөлийн шийдвэрийг шүүхийн шийдвэрийн адил заавал биелэгдэнэ. Хууль зөрчсөн тушаал шийдвэрийг хүчингүй болгоно.

 

 Цаашлаад төрийн албанд орох иргэнд ч ажиллаж байгаа албан хаагчдад тавигдах шаардлага өндөр болсон. Тэдний үүрэг хариуцлагыг чангаруулсан.  Шатлан дэвших бүрт нь мэдлэг мэргэжил, ур чадвар туршлага, ёс зүй сахилга хариуцлагыг харгалзана. Тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг хангасан хүн л ажиллана, төрийн албан хаагч тухайн албан тушаал хаших сургалтад хамрагдаж төгсөөгүй бол дэвших боломжгүй гэх мэт олон зүйлийг хэлж болно. Тэгэхээр төрийн албаны энэ шинэтгэл яаж хэрэгжих нь, ямар цаг хугацаа зарцуулах нь гагцхүү төрийн албан хаагчид биднээс шалтгаална.  Бид дор бүрнээ ёс зүйтэй сахилга хариуцлагатай байж шинэ шударга төрийн албыг төлөвшүүлнэ. Бид үлгэрлэх ёстой.  Ингэж ойлгож, ухаарч, хичээж, өөрчлөгдөж чадвал   даргад биш гагцхүү хуульд захирагдаж сурвал төрийн алба цэгцрэхэд ойрхон байна.

 

Зөвлөлийн шинэ бүрэлдэхүүн хамт олон төрийн албыг “зөв” хүмүүсээр бүрдүүлэхийн төлөө ажиллах болно. Ингэж ажиллахыг бүх шатны төрийн байгууллага албан тушаалтнаас шаардана. Зөв хүнээс зөв бодлого гарна. Энэ бодлогыг   зөв хүмүүс хэрэгжүүлж зөв үр дүнд хүрнэ. Улс орон зөв хөгжих замд орно. Ийм шинэ хандлага бодлогоор бид ажиллаж цааш явах болно. Төрийн албаны шинэтгэл бүрэн утгаараа хэрэгжинэ. Бидэнд итгэж найдаж болно.

 

Нийт төрийн албан хаагчиддаа хандаж эхний ээлжинд гурван зүйлийг уриалъя.

 

Нэгдүгээрт; Хэн нэгэн эрх мэдэлтэн албан тушаалтны, хууль зөрчүүлэх, хүсэлт тулгалтын өмнөөс, хуулиар хамгаалсан эрхээ эдэлж “болохгүй”, “үгүй” “чадахгүй” гэж хэлж сурцгаая.

 

Хоёрдугаарт; Төрийн алба бол үйлчилгээний алба. Эрх мэдэлтэн рүү харж инээдэг тэр нүүрээрээ иргэд рүү харж төрийн үйлчилгээ үзүүлдэг харьцааны соёл, харилцаа хандлагаа өөрчилцгөөе шинэчлэлийг өөрөөсөө эхэлцгээе.

 

Гуравдугаарт; Төрийн алба хугацаатай бас ээлжтэй, хэмжээ хязгаар, цаг хугацаатай гэдгийг санаж “Төрийн   хүн мөнгөнд харам, шуналаас хол байх ёстой” гэсэн сургаалыг дагаж авлига ашиг сонирхлоос ангид гагцхүү хуульд захирагдаж ажиллацгаая. “Мөнгөний үнэр авсан хүн цусны үнэр авсан араатан хоёр зогсдоггүй” гэсэн дорны мэргэдийн үгийг зориуд хэлье.

 

Цаашид Төрийн албаны зөвлөл Төрийн албаны тухай хуульд заасан чиг үүргийн хүрээнд төрийн байгууллагын үйл ажиллагаанд хууль тогтоомж, албан тушаалын томилгоо, чадахуйн зарчмын хэрэгжилтэд хүний нөөцийн аудит хийж, төлөвлөгөөт хяналт, шалгалтыг хийж илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахын төлөө ажиллана. Монгол Улсын Төрийн албаны зөвлөл хууль хэрэгжүүлдэг төртэй байлгахын төлөө ажиллах болно. Төрийн албан хаагчийн үг, үйлдэл, төрийн албан албан тушаалтны шийдвэр, төрийн бодлого, Төрийн албаны тухай хуулийн хүрээнд байх ёстой.

 

Монгол төрийг сахилга хариуцлагаа ухамсарласан, ёс зүйн өндөр соёлтой мэргэшсэн албан хаагчидтай, хууль зарчим ноёлсон иргэдэд ээлтэй төр шиг төртэй болгож үр хойчдоо үлдээхийн төлөө хамтран ажиллана хуулиа хэрэгжүүлнэ гэдэгт нийт төрийн албан хаагчиддаа итгэж найдаж байгаа. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ЗГХЭГ-т Мөнхцэрэн гэж авгай хууль бусаар томилогдсон. ТАЗ ийм хүнийг?
2020-04-27
Зочин:
Худлаа сайхан ярихаас цаашгүй. Төрийн албаны зөвлөл хэдэн дарга нарын карманд багтсан, асуудлууд хэзээ ч шийдэгддэггүй. Түр орлон гүйцэтгэгч гэж байхгүй болно гэсэн юу болсон бээ? хэзээ шударгаар шалгалтанд чинь тэнцсэн хүмүүсээ томилдог болох вээ?
2020-04-21
123:
Өмнөх завхарлын албан тушаалтан, түшмэлүүд хожоод цаашаа батжаад үлдэх бололтой
2020-04-20
irgen:
toriin huuli byh tyvshind mordogdoj baigaa esehiig ard tymen irged l harj hyanahgui bol yund ch hyrehgui, duugui baidag aidag, avilga ogdogoo bolzgooj shaardlagatai baij surah heregtei … Huuli heregjyylegch baiguullaguud eroosoo huulia bielyyehgui toriin gemt heregtenyydiin hereg mash udaan byr heregsehgui bolgood baigaatai temzeh estoi…. ene songuuliar nydee neezgeej shudargaar songooroi …irged oorsdoo ih buruutai 30 jil luivarchidiig songoson !!! Ta nariin yr hyyhdiin byten ye ene shudarga bus systemd torj osoj hymyyjij baigaag uhaarahgui baina shyydee irged
2020-04-20
Хэд хэдэн компани л төр нэрээр ажиллаад байх шиг болчидог байшин түрээсэнд шахаад л
2020-04-20
ТАЗ-д хандсан өргөдөл, гомдол дандаа хад мөргөөд байгаа шүү.Шинэ хуулиа, хэлж ярьж буйгаа хэзээ хэрэгжүүлдэг болох вэ. 3 сарын 1нээс хэдэн түр орлонгийн цалинг хаасан... олон асуулт байна даа. даанч та нар ярьдаг, хийдэггүй.
2020-04-20
ТА-г шинэчлэхгүй бол Монгол мөхнө:
Төрийн албанд хуулийн дагуу биш цаад өөрийг нь тоимлсон эзэддээ үйлчилдэг газар болгоод удаж байна. ТӨБЗГ-ын хэлтсийн дарга Ц.Баяр-Эрдэнэ гэж хуулийг гууль болгодог, цаад эзэддээ үйлчилдэг чадваргүй, хувийн ашиг сонирхол ихтэй, авилгачин лалар бий. Ийм бузарнуудыг төрын албанаас зайлуулж цэвэрлэгээ хийе
2020-04-20