Б.Эрдэнэбатын “1000 ор” ба ээлжит луйврын бэлтгэл

Шадар сайд Ө.Энхтүвшин саяхан Эрүүл мэндийн сайдад нэгэн уриалга гэгчийг дамжуулжээ. Түүнд өгүүлснээр "Эрэл" группын ТУЗ-ийн дарга Б.Эрдэнэбат "Байшин үйлдвэрлэх комбинат -1" үйлдвэрийнхээ өмнөөс “мянган ортой эмнэлгийг богино хугацаанд өөрийн өртгөөр, чанарын өндөр түвшинд барьж өгье” гэсэн санал тавьсан бололтой юм. Шадар сайд түүнийг нь судалж, хариу өгөхийг Эрүүл мэндийн сайдаас хүссэн бололтой юм.
Б.Эрдэнэбат нь олон тэрбумын өрөнд баригдаж, төлбөрийн чадваргүй болсон бөгөөд Хас, Хаан банк болон Хөгжлийн банкны нэхэмжлэлтэй хэргүүд шүүхэд шилжээд байгаа билээ. Тэрээр эмнэлэг барих уриалгадаа дурдсан "Байшин үйлдвэрлэх комбинат -1" гэх байгууламжийг хууль зөрчин олон банкны барьцаанд тавьж зээл авсан хэрэгт нь залилангийн шинж чанар байгаа болохыг хуулийн байгууллага тогтоогоод байгаа юм. Энэ үйлдвэрийг барих нэрээр авсан олон тэрбум төгрөгийн зарцуулалт тодорхойгүй, банкинд гаргаж өгсөн үнэлгээ нь хэт өндөр гэх зэрэг түмэн асуудалтай, эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсан байдалтай байх үедээ мань Б.Эрдэнэбат гэнэт “нийгмийн хариуцлагаа” санаж уриалга гаргасан нь хачирхалтай. Хамгийн сайн нийгмийн хариуцлага бол зээлийн үүргээ биелүүлэх, шударга ажиллах л билээ. Ийм байж чадаагүй хүн гэв гэнэт нийгмийн хариуцлагатай нэгэн болж харагдахаар чармайхын утга учир юу байх вэ?
Шадар сайдын уламжилсан албан бичигт дурдсанаас үзэхэд Б.Эрдэнэбат “богино хугацаанд өөрийн өртгөөр, чанарын өндөр түвшинд барьж өгөх” нэрээр ахин луйвар, залилан хийхээр сэдсэн байж тун болзошгүй харагдаж байгаа юм. Учир нь тэрээр Байшин үйлдвэрлэх комбинат барих гээд зээл хөөцөлдөж явах үедээ, хожим нь банкны өр нэхэгдэх үед, үйлдвэрээ нээх үедээ эдгээр сайхан үгсийг гамгүй давтдаг байсан билээ.
Шадар сайд аа, Эрүүл мэндийн сайд аа, судлах шаардлага огт байхгүй. Хөгжлийн банкнаас асуу, Хас, Хаан банкнаас лавла. Эрүүгийн цагдаа, прокуророос мэдээлэл ав. Ээлжит луйврын хохирогч болж, дуусдаггүй эмнэлгийн тоог нэмэх вий.
Э.Сонор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ