Д.Нямхүү: Тээврийн жолоочийн гэр бүлийн хүнээс COVID-19 илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.04.22/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "ХӨСҮТ-д өчигдөр 330 хүний шинжилгээ хийгдсэн. Дөрөвдүгээр сарын 8-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 281 зорчигчийн давтан шинжилгээг хийхэд COVID-19 илрээгүй. Мөн Сүхбаатар, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн уушгины хатгалгаа, томуу, томуу төст өвчтэй 25 хүнээс сорьц цуглуулаад шинжилгээ хийхэд вирус илрээгүй.
Өчигдөр буюу энэ сарын 21-нд батлагдсан нэг тохиолдлын /ОХУ хоорондын ачаа тээврийн жолооч/ ойрын хавьтлын 24 хүнийг тогтоож шинжилгээ хийлээ. Шинжилгээгээр 23 хүнээс вирус илрээгүй. Харин тус иргэнтэй автомашинд хамт сууж ирсэн гэр бүлийн хүнээс COVID-19 илэрлээ" гэв.
Улмаар манай улсад COVID-19 халдварын батлагдсан тохиолдлын тоо 35 боллоо. Үүнээс найман хүн эдгэрч, 27 хүн ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ