Б.Батбаясгалан: Шувуу бол нисээд очихсон
Гадаадад байгаа монголчуудынхаа дараагийн зочноор арлын Япон улсын Окинава арлын Кариюши үйлчилгээний газарт дадлагажигчаар ажиллаж байгаа “Идэр” их сургуулийн оюутан Б.Батбаясгаланг урилаа. Түүнтэй Япон улсад ажиллаж, амьдарч, сурч байгаа монголчуудын нөхцөл байдлын талаар ярилцсанаа хүргэе.
-Коронавирусийн халдвар хурдацтай тархаж байна. Амьдарч байгаа аралд нь нөхцөл байдал ямар байна вэ?
- Дөрөвдүгээр сарын 24-ний байдлаар 12429 хүн халдвар авч, 328 хүн нас барсан. Энэ Окинава аралд 134 иргэн халдвар авч, дөрвөн хүн нас барсан байна. Хүмүүс аль болох гэрээсээ гарахгүй гэртээ байхыг хичээж, шаардлагатай тохиолдолд л гадуур гарч байна. Эрүүл мэндийн газраас маскаа сайн зүү, ойр ойрхон бүлээн, шингэн зүйл уух хэрэгтэй гэж зөвлөж байна. Харин надтай хамт МУИС-ийн нэг оюутан, “Идэр” их сургуулийн зургаан оюутан, нийт найман дадлагажигч оюутан байгаа. Дадлагын хугацаа тавдугаар сарын 28-нд дуусах боловч энэ өвчнөөс шалтгаалаад цагаасаа өмнө буцаж болно гэсэн. Бидний цалинтай дадлага хийж байсан газар үйл ажиллагаагаа зогсоосон учраас, санхүүгийн асуудал үүсч байна.
Иргэд гэртээ өдөрт 1-2 удаа чийгтэй цэвэрлэгээ хийж, орой бүр 17:00-18:00 цагийн хооронд чанга яригчаар хүмүүсийг гэртээ байхыг анхааруулж байна.
-Амны хаалт хүрэлцээтэй байна уу? Монголчууд өөрсдөө оёж хэрэглэж байгаа юу?
-Хүрэлцээгүй байна. Харин монгол иргэд, оюутнууд бид өөрсдөө амны хаалтаа оёж ашиглаж байна. Мөн хамт байдаг магистрын ангийн оюутан маск оёж хүмүүст тараасан.
-Аж ахуй нэгж, хүнс өргөн хэрэглээний барааны дэлгүүрүүд ямар журмаар ажиллаж байна вэ?
-Номын сан, олон хүн цуглардаг газрууд ажиллахгүй байгаа. Харин хүнс өргөн хэрэглээний дэлгүүрүүд ажиллаж байна. Ажиллаж байгаа газар болгонд мөн олон нийтийн тээврийн хэрэгсэлд ч гар ариутгагч байршуулсан байна. Мөн иргэд гэртээ өдөрт 1-2 удаа чийгтэй цэвэрлэгээ хийж, орой бүр 17:00-18:00 цагийн хооронд чанга яригчаар хүмүүсийг гэртээ байхыг анхааруулж байна.
Байрны төлбөрийн асуудлаас болж нэгнийдээ очсон, гудамжинд гарсан ч хүмүүс байна. Иргэдийн дунд “онгоц иртэл, онгоцны буудал дээр байдаг юм уу “ ч гэсэн яриа гарч байгаа.
-Хүнс, өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдсэн үү?
-Нэмэгдсэн. Токио хотод илүү нэмэгдсэн гэсэн. Харин манай энд монгол мөнгөөр тооцвол 2000-3000 төгрөгөөр хүнс, барааны үнэ нэмэгдсэн байна.
-Дадлагажигч оюутны дотуур байр төлбөртэй юу?
-Төлбөртэй, дотуур байрны төлбөр гэж сар бүр монгол мөнгөөр 500 мянган төгрөг төлдөг. Түүн дээр хувийн хэрэглээ, хоол хүнс нэмэгдэхээр нэг сая гаруй төгрөгийг сардаа зарцуулдаг. Байрны төлбөрийн асуудлаас болж нэгнийдээ очсон, гудамжинд гарсан ч хүмүүс байна. Иргэдийн дунд “онгоц иртэл, онгоцны буудал дээр байдаг юм уу “ ч гэсэн яриа гарч байгаа. Миний хувьд одоохондоо гайгүй байна.
-Халдвараас үүдэн байрны түрээсэнд хөнгөлөлт урамшуулал үзүүлж байна уу?
-Хөнгөлөлт байхгүй. Хүмүүс төлбөр, түрээсээ төлж чадахгүйд хүрсэн учраас, Засгийн газраас иргэддээ санхүүгийн дэмжлэг үзүүлнэ гэсэн. Харин бидний тухайд дэмжлэг, хөнгөлөлт байхгүй учраас санхүүгийн асуудал үүсч байгаа.
-Оюутнууд сэтгэл санааны хувьд ямар байна вэ?
- Бид асуудал гарахгүй, гэртээ харьчихна гэж бодож байсан. Гэтэл ийм зүйл болчихлоо. Санаа маш их зовж байгаа. Бидний байгаа жижигхэн арал дээр одоогоор зуу гаруй хүн халдвар авсан болохоор зовниж, бүгд л гэрээ санаж байна.
Япон улсын иргэд тайван байсан. Ажлаа маш тайван хийж, инээмсэглэж “манай улс зүгээр ээ, бид энэ асуудлыг давж гарна, дэлхий зүгээр ээ” гэцгээж байна.
- Япон улсад онц байдал зарласан. Жил бүр болдог амралтын “Алтан долоо хоног”-ийг гэртээ байх долоо хоног болгож байна?
-Япон улсад жилд нэг удаа болдог “алтан долоо хоног”-т гадаад, дотоодын жуулчлагч их байдаг. Энэ жил амралтын алтан долоо хоногт болох бүх л арга хэмжээг цуцалсан. Иргэд ч гэртээ байхыг эрмэлзэж байна.
-Хоёр улсын иргэд аливаа асуудлыг харж, хүлээж авахдаа өөр. Энэ халдварын нөхцөл байдлыг Япон улсын иргэд хэрхэн хүлээж авч байна вэ?
-Япон улсын иргэд тайван байсан. Ажлаа маш тайван хийж, инээмсэглэж “манай улс зүгээр ээ, бид энэ асуудлыг давж гарна, дэлхий зүгээр ээ” гэцгээж байна. Сэтгэлзүйн хувьд хаттай ард түмэн. Саяхан бидэнтэй хамт дадлага хийж байсан Япон улсын иргэн “удахгүй энд хөл хорио тогтоож магадгүй. Түүнээс өмнө та бүхэнтэй уулзахаар ирлээ” гээд ирээд явсан. Маш сайхан сэтгэлтэй хүмүүс.
-Коронавирусээс үүдэн амьдралд чинь ямар өөрчлөлт гарсан бэ?
-Ном уншиж, өөрийгөө хөгжүүлэх тал дээр ажиллаж байна. Цаг хугацааг илүү үр бүтээлтэй өнгөрүүлэхийг хүсэж, хичээж байгаа. Хэдийгээр нэг жилийн дадлагажигч оюутнаар энд ирсэн ч гэсэн сургуулийнхаа цахим хичээлийг үзэж, хичээлээ хийж байна. Мөн Япон хэлээ сайжруулахад анхаарч байгаа.
-Эх орондоо ирэх хүсэлт гаргасан уу?
-Хүсэлтээ гаргасан. “Японоос Монгол руу явах хүсэлтэй иргэд” гэсэн фэйсбүүк групп нээж монголчууд нэгдсэн. Фэйсбүүк групп админ биднийг бүртгүүлсэн. Бид өөрсдөө бүртгүүлэх гэхээр сайн мэдээлэл байхгүй, Элчин сайдын яам утсаа авахгүй байгаа болохоор нэгтгэж бүртгүүлсэн. Гэхдээ бүртгэл яг баталгаажсан эсэхийг сайн мэдэхгүй байна. Тэр фэйсбүүк группт одоогийн байдлаар 455 хүн нэгдэж, мөн тусдаа 164 хүн хүсэлтээ илэрхийлсэн гэсэн.
Энд байгаа манай улсын Элчин сайдын яам залгахаар утсаа авахгүй, холбоогүй байна. Манай группын бүртгүүлсэн иргэд дундаас зарим хүн рүү залгасан гэх сураг байсан. Тиймээс эхний ээлжинд бүртгүүлсэн юм байна гэж ойлгож байна. Энд сурч, ажиллаж амьдарч байгаа монголчуудын тухайд гэрээт ажилчдын гэрээний хугацаа нь дууссан учраас ажиллах боломжгүй, аяллын визээр ирсэн бол визээ сунгуулаад байж байгаа. Мөн эмч, эмнэлгийн хяналтад байгаа ахмад настан, жирэмсэн болон бага насны хүүхдүүд байна. Харин их сургуульд суралцаж төгсөөд, дотуур байрнаасаа гарч, очих газаргүй болсон залуус, ар гэрт нь гачигдал гарч, гэртээ харих шаардлагатай хүмүүс ч бий.
Харин манай улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр Япон улсад байгаа иргэдийг боломжтой, асуудал байхгүй мэтээр ярьж байх юм. Далавчтай бол Монголруугаа нисээд очихсон л гэж бодох юм.
-Олон нийтэд хандаж хэлэхэд?
- Тайван байгаарай. Өөрсдийнхөө төлөө гэртээ байцгааж, чухал, шаардлагатай тохиолдолд гадуур гарахдаа гараа сайн угааж, амны хаалт зүүгээрэй гэж хэлмээр байна.
-Баярлалаа. Эрүүл энх, сайхан бүхнийг хүсье!
Г.Мичидмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ