COVID-19: Оксфордын их сургууль болон ДЭМБ эм бэлдмэлийн томоохон туршилтуудыг эхлүүллээ
2020-04-30

 

Их Британийн эмнэлгүүдэд 8000 гаруй өвчтөн оролцсон COVID-19 вирусийг эмчлэх эм бэлдмэлийн клиникийн туршилт эхэлсэн талаар ВВС дамжууллаа. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, RECOVERY гэж нэрлэгдсэн, Оксфордын их сургуулийн ивээл дор явагдаж байгаа туршилтуудад хэдийнэ эмчилгээнд нэвтэрсэн таван эм багтаж байгаа  гэнэ.

 

Тэдгээрийн дунд, ДОХ-ыг эмчлэх үед хэрэглэдэг эм болон хумхаа өвчний эсрэг эм бэлдмэлүүд багтаж байгаа бөгөөд туршилтын үеэр эдгээр эм бэлдмэлүүд хүний бие организм дахь титэм вирусийн үржлийг зогсоох чадвартай эсэхийг судлаачид тогтоох аж.

 

Түүнчлэн үрэвслийг бууруулж, дархлааны системийн хариу урвалыг дарангуйлдаг эм бэлдмэлүүдийг судалж байгаа юм байна.

 

Клиникийн туршилтыг Британи даяар 170 орчим эмнэлэгт эхлүүлсэн бөгөөд удахгүй дэлхийн 100 гаруй оронд энэ туршилтыг хийхээр төлөвлөжээ. Эрдэмтдийн онцолсноор титэм вирусийн халдвараас үүдэлтэй нас баралтыг бууруулах эм бэлдмэл сонгон авах нь энэ туршилтуудын гол зорилго гэнэ.

 

"Хэдий чинээ их өвчтөнүүдийг туршилтад хамруулж чадна, төдий чинээ хурдан үр дүнд хүрнэ. Бид хэдийнэ туршилтын хамрах цар хүрээний тал дээр олон дээд амжилт тогтоолоо, энэ бол гайхалтай хэрэг" хэмээн судалгааны багийн удирдагч, профессор Питер Хорби өгүүлсэн байна.

 

Британийн энэхүү туршилтын зэрэгцээ ДЭМБ COVID-19 вирусийг эмчлэх эмийг дэлхий дахин туршиж эхэлсэн талаар лхагва гаригт мэдэгдсэн юм. Энэ туршилтад оролцохыг 200 гаруй сайн дурын хүн зөвшөөрчээ. 

 

"Энэ туршилтад оролцсоноор үр дүн нь намайг аврана гэдэг юу л бол. Гэхдээ энэ судалгаа өөр хэн нэгний амь насыг аврахад тусална. Бид өнөөдөр шинжлэх ухааны тусламжгүйгээр хаачих вэ дээ" хэмээн 60 настай өвчтөн Жефф Пайк ярьсан бөгөөд тэрбээр зургаан долоо хоногийн өмнө COVID-19 вирусийн халдвар авсны дээр үүнээс өмнө хорт хавдар нь дахисан гэсэн оноштой байжээ.

 

Энд дуулгахад, Британид зөвхөн эмнэлэгт бүртгэгдсэн төдийгүй гэртээ, тэр дундаа ахмад настнуудын асрах байранд нас барсан тохиолдлуудыг бүгдийг нь бүртгэх шийдвэр гарсны дараагаас COVID-19 вирусийн халдвараас үүдэлтэй нас баралт 26 мянгыг давж, эрс өссөн үзүүлэлт гарсан юм.

 

Харин Британийн Гадаад хэргийн сайд Доминик Раб мэдэгдэл хийхдээ гуравдугаар сарын хоёрноос хойш титэм вирусийн улмаас амиа алдсан бүхий л тохиолдлуудыг багтаан бүртгэсэн учир гэнэт ихэссэн гэж үзэж болохгүй хэмээн онцолж байв.

 

Түүний зэрэгцээ Их Британи аюултай цаг мөчид ирсэн бөгөөд өвчлөлийн оргил үе хараахан дуусаагүйг анхааруулж байлаа.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин