Э.Эрдэнэбаатар: Сургуулилтын өдөр хөдөлгөөнийг бүрэн хаана
УОК-ын Шуурхай штаб, НОБГ, Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас энэ сарын 6-8нд болох Covid-19 цар тахлаас хамгаалах дадлага сургууль”-ийн талаар мэдээллээ. Хэвлэлийн бага хуралд НОБГ-ын дэд дарга, дэд хурандаа Э.Эрдэнэбаатар,Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн, нийслэлийн Засаг даргын тамгын газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албаны дарга н.Мөнхбаатар нар оролцлоо.
ОБГ-ын дэд дарга, дэд хурандаа Э.Эрдэнэбаатар:
-Нийслэл хотод “covid-19 цар тахлаас хамгаалах дадлага сургууль” энэ сарын 6-8-ны хооронд гурван өдрийн сургалт зохион байгуулагдана. Гурван үе шаттай. Энэ сарын 06-нд УОК-ын шуурхай штаб, есөн дүүрэг, 21 аймгийн шуурхай штаб тодорхой сургуулийн цагийн байдал дээр цар тахлын хариу арга хэмжээний үеийн хариу арга хэмжээг тодорхойлох, мөн бэлэн байдлаа шалгах ажиллагааг зохион байгуулах, үүрэг гүйцэтгэх бүрэлдэхүүний мэдлэг чадварыг дээшлүүлэх арга хэмжээг зохион байгуулна. Энэ сарын 07-ны өдөр “Чингэлтэй” дүүргийн нутаг дэвсгэрт 08:00-18:00 цаг хүртэл хөл хорио тогтоох арга хэмжээ зохион байгуулна. Дүүргийн нутаг дэвсгэрийн хилийн заагаар Чингэлтэй дүүрэг рүү орох гарах хөдөлгөөнийг хориглоно. Дүүргийн нутаг дэвсгэр дээр хөл хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээг зохион байгуулах юм.Чингэлтэй дүүргийн 150 мянга гаруй иргэд энэ дадлага сургуульд оролцох үйл ажиллагаа үүргийг давхар хүлээж байна. Иргэдийг гэрт нь тусгаарлах гэрээс гарахгүй байх шаардлагыг тавьж байна. Дадлага сургуулийн гуравдугаар үе шат нь энэ үйл ажиллагаагаа дүгнэн тодорхойлох юм. Иргэдийн дунд гурван өдөр хөл хорио тогтооно гэсэн ойлголт байна. Энэ сарын 07-ны өдөр зөвхөн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хэсэгчилсэн хөл хорио тогтоох, арга хэмжээ зохион ба Хэвлэл мэдээллийн байгууллага орох боломжгүй. Дүүргийн шуурхай штабаас болж буй үйл явдлын талаар 12:00, 16:00 цагуудад онлайнаар мэдээлэл хийнэ. Зэвсэгт хүчний байгууллагаас хөл хорио тогтоох сургуулилтыг зуслангийн бүсэд зохион байгуулахаар ажиллаж байна. Ингэхдээ байлдааны зэвсэг техник орохгүй. Иргэд та бүхэн айж сандрах хэрэггүй.
Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн:
-Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр дээр энэ сарын 07-ны өдөр дадлага сургуулийн зорилгоор бүхэлд нь хөл хорио тогтоох арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Дасгал сургуулийн өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр дээр хөл хорио тогтоож байгаа. Дүүргийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүдийг ажиллах цагаа дотооддоо зохион байгуулах чиглэлийг өгч байна. Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр хилийн цэсээ тойроод нийт 63,9 км урт газар нутагтай. Хилийн цэсийг тойрсон бүтэн харуул хамгаалалт гарна. Цагдаагийн байгууллага, зэвсэгт хүчний туслалцаатай 700 гаруй албан хаагч оролцоно. Зэвсэгт хүчний анги салбарын цэрэг, албан хаагчид оролцохоос гадна дүүргийн томоохон уулзварууд дээр цэргийн зэвсэгт техникийн авто машинууд хөл хөдөлгөөн хаахад оролцоно. Дүүргийг тойрсон 650 цэг дээр албан хаагчдыг байрлуулж орох гарах хөдөлгөөнийг бүрэн хаана. Зайлшгүй тусламжийн автомашин орж, гарах 7 гарцыг төлөвлөж байна. Дүүргийн 19 хорооны нутаг дэвсгэрт хамгаалалтын 2129 албан хаагч хөл хорионы хамгаалалтад гарна. Хөл хорио тогтоосон байх үеийн арга хэмжээг видео бичлэг хийж сурталчилна. Энэ бол дадлага сургуулилт учраас иргэд та бүхэн хүлээцтэй тайван байхыг хүсье гэж мэдээлээд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Хөл хорио тогтоосон үед дэглэм зөрчиж, гэрээсээ гарч автомашинаар зорчсон иргэдэд аргах хэмжээ авах уу?
-Зөрчлийн тухай хуулиар иргэнийг 150 мянга, аж ахуй нэгжийг 1,5 сая төгрөгөөр торгоно. Гамшгаас хамгаалах тухай хуулиар өдөр тутмын бэлэн байдал, өндөржүүлсэн бэлэн байдал, бүх нийтийн бэлэн байдлаар ажилладаг. Хуулиар асуудлыг зохицуулсан.
-Дэлгүүр ажиллах уу? Иргэд хүнсээ нөөцлөх шаардлагатай юу?
-Хүнс нөөцлөх шаардлага байхгүй.
-Зайлшгүй шаардлага гарсан иргэд ямар утсаар хандах вэ?
-Шуурхай албаны утаснууд байнга ажиллаж байна. Мөн Чингэлтэй дүүргийн онцгой комиссын шуурхай штабын 70007105 утсаар холбогдох боломжтой.
-Нийтийн тээвэр нэвтрэх үү?
-Нийтийн тээвэр нэвтрэхгүй
Г.Мичидмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ