Ч.Төрбат: Засгийн газраас малчдыгаа дэмжих шийдвэр гаргасан нь сайхан байна

img

 

Ховд аймгийн Мөст сумын харьяат Ховд аймгийн аварга малчин Ч.Төрбаттай ярилцлаа.

 

-Сайн байна уу та?  Сайхан хаваржиж байна уу?  Юуны өмнө аймгийн аварга малчин болсонд баяр хүргэе.

 

-Сайн, сайн байна уу? Баярлалаа.1989 онд наймдугаар анги төгсөөд мал дээр гарсан. Эцэг эхээсээ л суралцаж мал маллаж эхэлсэн. Түүнээс хойш тасралтгүй 30 гаруй жил мал маллаж байна. 1996 онд өрх тусгаарлаж бие дааж мал маллаад 20 гаруй жил болжээ. Анх бог, бод нийлсэн 70-н малтай айл болж байлаа. Тэрнээс хойш 100-н малтай болтлоо нилээн удаад, 200 хүртлээ бас хэдэн жил болсон. Саяхан 10 орчим жилийн өмнө 200 гаран бод, бог нийлсэн малтай байлаа шүү дээ. Тэглээ гээд би шантраагүй ээ.  Малаа өсгөе гэвэл мал худалдаж авах хэрэгтэй. Би 2010 онд билүү дээ 60 эм хурга худалдаж аваад тэрнээс хойш эм мал нь олон болоод ирэхээр жилд гарах гарз гарлагаа нөхөөд ирэхээр чинь мал аяндаа өсөөд эхлэнэ шүү дээ.

 

-Энэ жил өвөлжилт өнөтэй сайхан байлаа. Танай нутгаар хаваржилт тавтай  байна уу?

 

-Харин тийм. Өвөлжилт маш сайхан болж өнгөрч, сайхан хаваржиж байна.Тэнгэр хангай сайхан дулаахан байгаа. Ноднин жилийг бодвол их сайхан өнөтэй байна. Ноднин 5 сард л гэнэт цасаар шамраад зудлаад цасаар дараад хаячихсан шүү дээ. Манайх Тавтад  өвөлжиж, Бодончид хаварждаг айл.  

 

-Хаврын анхны хур орсон уу? Чийг сайтай байна уу?

 

-Шинэхэн хаврын анхны хур орлоо. Урд талын сумдаар багахан цас орсон байна.  Манай нутаг байгаль цаг уурын онцлог ихтэй нутаг. Хэзээ нь цас, бороогоор шамарч, хэзээ нь зуд турхан болохыг тааж мэдэшгүй. Энэ жилийн хувьд сайхан байна. Зуншлага өргөн дэлгэр хуртай бороотой болж магадгүй байна. Өвс ногооны гарц өмнөх жилүүдийг бодвол сайн гарах байх гэсэн бодолтой байна шүү. Ер нь тэгж ажиглагдаад байна.

 

-Танай мал бүрэн төллөж дууссан уу?

 

-Манай мал бүрэн төллөж дууслаа. Энэ жил харин жил нь сайхан юм даа. Хур өвс ихтэй, хүн бүл хүчтэй их л сайхан хаваржлаа. Гэхдээ зарим аймгуудад хаваржилт их хүндэрлээ шүү дээ.

 

 

-Малчин хүн мянган мэргэжлийн эзэн гэдэг. Малчин болгонд өөрийн гэсэн арга барил бий.Таны хувьд?

 

-Өвөл нар буцчихсан байдаг болохоор мал эрт бэлчдэггүй. Намар хоёр нарны хооронд бэлчээртээ байна. Хавар мал төллөж байгаа үед бол тааваар нь бэлчээрт гаргана. Одоо бол долоо,найман цагт  бэлчээж байна. Цаг агаар сайн сонсож ажиглах хэрэгтэй. Цаг агаараас гадна од мичдийн тохиол, тэнгэрийн хаяа, байгаль дэлхий мал амьтан аа сайн ажиж ажиглаж байх хэрэгтэй. Үүнийг ажиглаж байж л маргааш болон ойрын хоногуудын цаг агаарыг урьдчилан мэдэх боломжтой байдаг шүү дээ.

 

-Одоогийн залуус мал маллах нь цөөрсөн байна. Танай хүүхдүүдээс малчин болж, ааваасаа малч ухааныг суралцан, тантай хамт мал маллаж байгаа хүүхэд бий юу?

 

-Манайх таван хүүхэдтэй. Гурван том нь хотод оюутан. Зургадугаар ангид сурдаг нэг охин байна. Сургуулийн амралтаараа ирж  тусалдаг. Оюутан хүүхдүүд маань сургуулиа төгсөөд ажлын байр  юу болох бол? Дараа нь шийд нь гарах байх.

 

-Сүүлийн жилүүдэд бэлчээрийн даац  хэтэрч байна. Баянхайрхан багт хэчнээн малчин өрх байна? Бэлчээрээ хэрхэн зохицуулж байна вэ?

 

-Бэлчээрийн даац хэтэрсэн байна. Манай багт 160,170 малчин өрх байдаг. Бэлчээрийн даац хэтэрч байгаа болохоор малын тоо толгой, мал сүргийн харьцааг анхаарч  өсгөж байна. Ямаа бэлчээрт халтай учраас манайх хонийг голчилж өсгөдөг. Ямаа өвсний үндсийг тээж иддэг шүү дээ. Үндсийг нь идчихээр дахиж ногоо ургахгүй нь лавтай.

 

-Зүүн аймгуудын малчид  ямаагаа эрт самнадаг. Харин баруун аймгуудын малчид цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж оройхон самнадаг шүү дээ. Танайх ямаагаа самнаж эхэлсэн үү?

 

-Харин тийм. Цаг уурын эрс тэс уур амьсгалтай. Манайх одоо дөнгөж л  ямаагаа самнаж эхэлж байна. Энэ жилийн хувьд ямаагаа хурдан самнах байх гэж бодож байна шүү дээ. Оюутан хүүхдүүд маань ирчихсэн байгаа болохоор санаа зовох юм алга даа. Урьд нь хоёулаа л хаваржин самнаад дуусгадаг байлаа. Өглөө эрт босоод хэдэн ямаа барьж уяад л эхлэнэ шүү дээ. Өдөрт арав хориор нь самнаж байтал дуусдаг л юм.

 

-Хонины ноос маш хямд байдаг шүү дээ. Таны хувьд ямар бодолтой байна?

 

-Сүүлийн үед малын түүхий эд үнэгүйдэж байна. Хот суурин, төв газартай ойрхон малчид боломжийн үнээр борлуулдаг. Харин манай алслагдмал аймгуудад мал, малын мах их хямд байдаг. Малчид гар дээрээсээ үнэтэй зардаггүй. Энэ олон ченжийн гар дамжихаар л махны үнэ тэнгэртээ хадаад, үүнийгээ дагаад хотын хүмүүсийн дунд малчид бидний нэр хүнд унаад байх шиг байгаа юм. Малчид махаа үнэтэй зарлаа тэгсэн мөртлөө төрөөс тэтгэлэг авлаа, нийгмийн даатгал төлөхгүй байна. Тэгээд бас болоогүй ээ ааруул сүүндээ ус, гурил хийлээ л гэх юм. Манай нутагт тийм юм хийх ахар бодолтой хүн байхгүй ээ. Жинхэн цэвэр сүү, цагаан идээ, ааруул,  мах нь манай энд л байна даа.

 

-Коронавирусийн цар тахлын улмаас хилээ хаасан. Ингэснээр ямааны ноолуур үнэд хүрэхгүй байгаа. Орон нутагт кг ноолуурыг 40-50 мянган төгрөгөөр  авч байна гэсэн. Танай нутагт хэдэн төгрөгөөр авч байна?

 

-Манайх энэ жил 300-аад ямаа самнана. Ноолуур кг нь  40 гаруй мянган төгрөг  байх шиг байна. Ноолуур авч байгаа ченжүүд ч ховор байна. Манай эндэхийнхэн ямаагаа самнаж дуусах үеэр хэд хүрэх бол мэдэхгүй л юм. Ер нь л өмнөх аймгуудыг бодвол килограмм тутамд 10, 20 мянган төгрөгөөр хямд өгдөг шүү.

 

-Засгийн газраас эдийн засгийн үйл ажиллагааг дэмжих хоёр дахь багц арга хэмжээндээ ноолуур худалдан авахад  кг  тутамд 20 мянган төгрөгний урамшуулал олгох шийдвэр гарсан. Энэ шийдвэр таны бодлоор?

 

-Телевизээр шийдвэрийг сонслоо. Засгийн газраас малчдыгаа дэмжих шийдвэр гаргасан нь сайхан байна. Зарим хүмүүс ч сонгууль болох гэж байгаа болохоор сонгуулийн шоу гэж ярьж л байх л юм. Малчид бид худалдаачдад ноолуураа борлуулаад л 20 мянган төгрөгний урамшуулал авах бөгөөд тоолсон ямааны тоогоор л өгөх  юм гэсэн ойлголттой байгаа.

 

-Орон нутгийн удирдлагуудаас малчдадаа дэмжлэг үзүүлж байна уу?

 

-Нутгийн удирдлагууд аль болох талаас нь тусалж дэмждэг.

 

-Бидний ярилцлагыг уншиж байгаа мал маллах сонирхолтой залуус, залуу малчдад хандаж хэлэхэд?

 

-Залуус мал маллах нь их ховордсон байна.Туслах малчингаар ажиллаж байгаа залуус ажлын хөлсөндөө мал авч өсгөж үржүүлье гэх биш, бэлэн мөнгө авах сонирхолтой. Бэлэн мөнгийг нь өгөхөөр тэр нь алинд ч үгүй ойр тутмын хэрэглээнд зориулагдаад дуусаж байна. Залуусыг мал маллаж, малтай болъё гэсэн залуусыг хажуудаа аваад малжуулахад бэлэн байна.

Г.Мичидмаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ