Э.Бат-Үүл: У.Хүрэлсүх нарыг надтай өрсөлдөж шударга шүүхээр шүүлгэхийг уриалж байна

Хотын экс мэр Э.Бат-Үүл цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр:
-МАН намайг хулгайч дээрэмчин, алуурчин болгож, гүтгэх ажиллагааг гучин жил явуулж байгааг та бүхэн мэднэ. Энэ удаад гэр бүлээр минь гүтгэн доромжилж байна.
Сонгууль бүрийн өмнө намайг айл ухдаг хулгайч, хүн зоддог, дээрэмчин, өөрийн журмын анд С.Зоригийг хөнөөсөн гэж ярьж 30 жил гүжирдлээ. Харамсалтай нь энэ гүтгэлгийг илчлэх боломж надад даанч алга. Цагдан хоригдсон М.Энхсайханы аюул занал намайг хүлээж байна. Гагцхүү миний бие шударга шүүхээр нээлттэй шүүлгэх эрхээ эдэлнэ гэдэгтээ итгэж, иргэний журамт үүргээ биелүүлэхээр тэвчиж сууна. Шүүхээс өмнө намайг гэмт хэрэгтэн болгож байгаад би маш их сэтгэл зовж байна. Аливаа нөлөөнөөс ангид шударга шүүх болоосой гэж хүсэж байна. Шударга шүүхээр шүүлгэх хуулийн дагуу шүүгдсэний дараа энэ бүхэн ямар муухай гүтгэлэг байсныг олон түмэн мэдэх болно. Гүтгэлгийн цаана миний эхлүүлсэн гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг гутаах гэсэн улс төрийн зорилготой үйл ажиллагаа явагдаж байна.
Энэ зорилгын төлөө МАН сүүлийн дөрвөн жил ажиллаж, гэр хорооллын дахин төлөвлөлтийг зогсоосон. Тиймээс миний бие МАН-ын дарга У.Хүрэлсүх, ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нарыг УИХ-ын 2020 оны сонгуулиар нийслэлийн сонгуулийн тойрогт тэр тусмаа гэр хороолол, Баянзүрх дүүрэгт нэр дэвшиж, надтай өрсөлдөж, сонгогчдын шударга шүүхээр шүүлгэхийг уриалж байна. Хүний араар гүтгэхээ боль. Сонгогчдынхоо өмнө очоод үнэн мөнийг ярьж, сонгогчдын шударга шүүхээр шүүлгэх хэрэгтэй. Би гучин жил улс төрд байхдаа хэзээ ч хүний хувийн асуудлаар гүжирдэж хувийн сонирхлоор хандаж байгаагүй. Зөвхөн улс төрчдийн бодлого, үнэт зүйлтэй холбогдуулан шүүмжилж ирсэн. Хуулийг баримталж явах ёстой хэмээн бүх цаг үед хэлдэг байсныг тэр тусмаа МАН-ын дарга У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Занданшатар хоёр мэдэхийн дээдээр мэднэ гэж мэдээллээд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Таны хувьд улс төрийн шийдвэрээ гаргасан уу? Таныг бие дааж нэр дэвших гэж байгаа гэсэн мэдээлэл байсан?
-Өнөөдөр бие дааж дэвших 800 хүнийхээ гарын үсгийг цуглуулах ажлыг эхлүүлэх гэж байна. Хамгийн гол нь У.Хүрэлсүх, Амарбаясгалант нарыг нийслэлийн УИХ-ын тойрогт нэр дэвшиж, шударга шүүхээр шүүлгээсэй гэж хүсэж байна.
-Нэр дэвшигчдийг СЕХ албан ёсоор бүртгэхээс өмнө таныг ямар нэгэн байдлаар хууль эрх зүйн хувьд боломжгүй болгох нөхцөл байдал үүсвэл яах вэ?
-Сая Ерөнхий сайд асан М.Энхсайханыг ямар байдалд оруулсныг мэдэж байгаа. М.Энхсайхан сонгуульд нэр дэвшинэ гэж байсан... Гэхдээ шоронгоороо намайг айлгахгүй.
Г.Мичидмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ