Д.Лүндээжанцан: Шинэ хотыг Тулуй гэж нэрлэх нь утга төгөлдөр

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Хот байгуулах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа:
-Хот байгуулах асуудлаар ажлын хэсэг байгуулсан уу. Хот байгуулахад хэдий хэмжээний зардал орох вэ? Тооцоо, судалгаа үндэслэл байна уу. Бид Хархоринд хот байгуулна гээд зарласан. Дархан, Эрдэнэтийг улсын зэрэглэлтэй хот болгоно гэсэн. Өмнөх дээрээ ажил хэрэг болгоогүй байж цаасан дээр нэмээд хот байгуулах нь зөв үү?
БХБ-ын дэд сайд Б.Мөнхбаатар:
-Хотын ихэнх шийдвэрийг социалзмын үед гаргаж байсан юм билээ. Үүссэн нөхцөл байдалтай холбоотой зайлшгүй асуудал оруулсан. Тооцоо, судалгаатай оруулж ирсэн. Дэд бүтэц, барилга байгууламжийг цогцоор нь харсан. Дархан, Эрдэнэт Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу хот байгуулахаар шийднэ.
УИХ-ын гишүүн М.Энхболд:
-Тулуй хот гэдгийг эсэргүүцээд байгаа зүйлгүй. Д.Лүндээжанцан гишүүний ярьж байгаа зүйлийг аймгийнхан сонсож, ИТХ нь хэлэлцсэн байна. Энэ хүмүүс "Шинэ зуу мод" гэдэг нэрийг өгөх талаар ярилцсан байна. Энэ талаар хэлж өгөөч гэсэн. Тиймээс Д.Лүндээжанцан гишүүн саналаа татаж авна уу. Олон улсын нисэх буудлыг дагасан том хот болно.
Майдар хотын нэрийг шууд өөрчилж болохгүй. Яагаад гэвэл энэ хотын талаар Берлинд төвтэй Олон улсын тогтвортой хөгжлийн байгууллага дэлхийн эко хотын жагсаалтад төлөвлөлтийн хүрээнд Майдар нэрээр нь өгч сертификат авсан.
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:
-Яам "Аэросити" гэдэг нэртэй хот оруулж ирсэн. Төв аймаг бол алдартнуудын нутаг, нэр өгөх хэрэгтэй гэдэг санал тавьсан. Чингис хаан дөрвөн хүүтэй байсан. Отгон хүү Тулуйдаа одоогийн Монгол Улсыг өгсөн. Тулуй бол хаадын аав, Монгол Улсын гол голомтыг сахисан хүн юм. Улаан тэнгисээс нааш хэсгийнхэн шинэ нисэхэд буухдаа Хүлэг хааны аавын нэртэй хотод бууж байна гэж бодно. Ази, америкийнхан тэр чигээрээ Хубилай хааны аавын нэрээр нэрлэсэн хот, Европынхон Мөнх хааны аавын нэрээр нэрлэсэн хот юм байна гэж бодно. Гадаад ч, дотоод ч талдаа Тулуй гэж нэрлэх нь утга төгөлдөр юм болов уу гэж бодсон.
УИХ-ын дарга Г.Занданшатар:
-Хүн бүр л нэг нэг нэр гаргаад санал хурааж болно. Д.Лүндээжанцан гишүүн саналаа татаад авчих. Хоёр хотын нэр, нэршлийг аймаг, орон нутгийн иргэд, ИТХ-аар хэлэлцүүлж, санал авч тогтооно гэж зааж өгөх хэрэгтэй. Аэросити хот бол Улаанбаатарын төвлөрлийг сайжруулахад маш том дэвшил гарна. Хурдны зам, дэд бүтэц тавигдсан. Солонгосын хөрөнгө оруулалттай. Тиймээс Зуу мод, Майдар, Айросити хот хоорондоо уялдаатай хөгжинө. Цаашдаа их, дээд сургуулиуд ч гэсэн хотууд руугаа гарна.
Ийнхүү байнгын хорооны хуралдаан Аэросити хотын нэрийг дахин хэлэлцэхээр болж, Д.Лүндээжанцан гишүүн саналаа буцаан татсан юм.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ