УИХ-ын хаврын чуулганыг завсарлуулж УИХ-ын дарга үг хэллээ. Ингэхдээ энэ парламентын онцлох 7 гишүүдийг нэрлэсэн юм.
“Монгол төрийн ой санамж, туршлагатай гишүүн”-ээр Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж:
Монгол төрийн ой санамж, шударга ёсны төлөө тууштай тэмцэл, төрийн түшиг тулгуур бол туршлагатай парламентчид. Тэднийг бүтээхэд төр, парламент 20-30 жилийг зарцуулдаг учраас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг баригч Д.Лүндээжанцан, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг бодитой хэрэгжүүлэгч Ц.Нямдорж нар бол Монгол төрийн хууль тогтоох ажиллагааны нөмөр нөөлөг, түшиг тулгуур гэдгийг тодотгов.
“Төрийн хатан эрдэнэ”-ээр Эрүүл мэндийн сайд Ц.Сарангэрэл:
Ковид 19-тэй тэмцэхэд салбараа манлайлан ажилласан, Төрийн хатан эрдэнэ буюу Монголын төр асрангуй, энэрэнгүй, ард түмэндээ ачлалтай, энэрэлтэй байхын бэлгэ тэмдэг болсон тул эмэгтэй гишүүдийг, эрүүл мэндийн салбарыг төлөөлөн Д.Сарангэрэлийг тодруулсан байна.
“Монгол төрийн манлай түшээ”-гээр Д.Тогтохсүрэн, С.Бямбацогт:
Хууль санаачлан батлуулсан тоо, ажлын хэсэгт оролцсон эрэмбэ, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд оролцсон оролцоо, зохион байгуулсан үүргийг харгалзсан.
“Манлай түшээ”-ээр УИХ-ын дэд дарга Я.Санжмятав: УИХ олонх, цөөнхийн тэнцвэрийн байгууллага бөгөөд цөөнхийн тэнцвэрийг хангаж, чуулганд оролцсон ирц, бүтээлч хамтын ажиллагаа, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд оруулсан хувь нэмэр, цагаатгах ажлыг зохион байгуулсан.
“Шилдэг залуу түшээ”-гээр Т.Аюурсайхан: Түүнийг үнэн, зөвийн төлөө манлайлан оролцож, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороог даргалж олон асуудал тэр дундаа авлига хээл хахуультай тэмцэх, нийгмийн сайн сайхны төлөөлсөн байна.
Эдгээр долоон гишүүнийг чуулганы ирц, идэвх болон хийсэн ажилд нь үндэслэн тодруулсан бөгөөд онцгой гишүүнээр тодорсныг гэрчлэх тэмдэг олгожээ.
Н.Энх