ВИДЕО: ОХУ-аас ирсэн 37 иргэнээс коронавирус илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.05.016/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов.
Өнөөдрийн байдлаар коронавирусийн цар тахал дэлхийн 216 улсад бүртгэгдэж, 4.628.000 хүн энэ өвчнөөр өвчилж, 308.000 нас барж, 1.7 сая хүн эдгэрч гарсан бол 2.5 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэнэ.
Сүүлийн 24 цагт дэлхий дахинд 108.000 хүн халдвар авч, 5600 гаруй хүн нас бараад байна. Өмнөх өдөртэй харьцуулахад өвчлөл 10мянгаар нэмэгджээ. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:
Өчигдөр гурван лабораторид нийт 238 хүнд шинжилгээ хийсэн, вирус илрээгүй. Мөн Алтанбулаг боомтоор орж ирсэн 26 жолоочид шинжилгээ хийхэд вирус илрээгүй.
ОХУ-аас Алтанбулагийн боомтоор тавдугаар сарын 15-нд орж ирсэн 193 хүнд шинжилгээ хийхэд 37-гоос нь вирус илэрлээ. Тэднийг ХӨСҮТ рүү авч ирэх ажлыг зохион байгуулж байна. Өнөөдөр (2020.05.16)-ийн байдлаар ХӨСҮТ-д 78 хүн эмчлэгдэж байна. Монголд коронавирусийн халдвартай нь батлагдсан хүний тоо 135 боллоо гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ