Д.Түмэн-Өлзий: Цүнх барьж, зангиа зүүсэн залуусаас ичдэг мэдрэмжээ зоригтойгоор давлаа

"Зөв хүн электорат" эвслээс 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших 60 хүнийг өчигдөр /2020.05.16/ зарласан. Нэр дэвшигчдийн нэг нийтлэлч Артгаа нэрээр нь олон нийт илүүтэй мэдэх Д.Түмэн-Өлзийтэй цөөн хором ярилцлаа.
-Нийтлэлч Артгаад улстөрд хүч сорих шалтгаан юу байв?
-Миний жинхэнэ нэрийг Долгорын Түмэн-Өлзий гэдэг /инээв.сур/. Миний улстөрийн оролцоо зөвхөн бичих, шүүмжлэх магадгүй шоолох хэлбэрээр хязгаарлагдаж байсан бол Электорат хөдөлгөөн гарснаар цүнх барьж, зангиа зүүсэн бусад намын залуусаас ичдэг байсан мэдрэмжээ энэ жил зоригтойгоор давлаа. Өөрөөр хэлбэл өөрийн оролцоог бодитой болгоод улстөрийн үйл явдалд үйлдлээрээ оролцох гэж зорьсон маань энэ.
-Яагаад "Зөв хүн электорат" эвслээс нэр дэвшихээр шийдсэн бэ?
-Бусад намуудыг бодвол нийгэмд гэм хор учруулж байгаагүй намууд энэ эвсэлд нэгдэж байгаа. Мөн нийгэмд гэм хор учруулж байгаагүй, авлига албан тушаалын хэрэгт холбогдож байгаагүй нэр цэвэр, зөв гэж хэлж болох хүмүүс цуглаж байгаа гэдгийг онцлох нь зүйтэй. Тийм учраас монголчуудын сүүлийн 20 гаруй жил хүлээсэн сонголттой сонгууль болно гэж олзуурхаж байна.
-Энэ эвслээс нэр дэвшигчдийн ихэнх нь нэр, мөр цэвэр залуус байх шиг анзаарагдлаа.
-Эвслийн зүгээс 60 хүн нэр дэвшүүллээ. Ихэнх нь өндөр боловсролтой, өмнө нь улстөрийн сонгуульт ажил хийж байгаагүй хүмүүс байна. Тиймээс нийтлэгээр нь “улстөрч биш” гэдгийг онцолмоор байна. Түүнчлэн Электорат өөрөө сонгогчдын хөдөлгөөн. Тийм учраас тэдний санал болгож байгаа хүмүүс гэж бодоход сонгогчдын хувьд “манай өнөө хэн” “манай гудамны залуу” гэж бүрэн дүүрэн хэлэх боломжтой, өөрөөр хэлбэл бидний л нэг болсон хүмүүс Зөв хүн-Электорат эвслээс нэр дэвшлээ дээ. Тэгээд мэдээж “залуу” гэсэн тодотгол дагалдах болно. Дундаж нас 45 гэдэг бол улстөрд цэл залуу нас юм шүү.
-Сонгогчид юуг илүүтэй анхаарвал зүйтэй вэ?
Сонгогчид маань тойргийнхоо хүмүүсийг мэдээж судлах байх. Илүү нухацтай нягтлаарай гэж хэлмээр байна. Царай зүс, олон удаа харж, уулзаж байсан зэргийг давуу тал болговол бурангуй, сөрөг үзэгдэл улам батжин бэхжихийн л баталгаа болно. Тиймээс нэр дэвшиж буй хүмүүсийг нэгд нэгэнгүй судалж үзээрэй гэж зөвлөх байна. Гуравдагч хүчний орон зай гэдэгт хамгийн хүчтэй бөгөөд өөрийн гэсэн саналтай, бодитой төлөвлөгөөтэй, хатуу үзэл санаатай, мэдлэг болон хөдөлмөрийн хамгийн их нөөцтэй байгаа цор ганц хүчин бол Зөв хүн-электорат. Энэ удаад хэрсүү байхыг л сонгогчдодоо захья.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ