ШУУД: Улсын хилээ нээхгүй

12:40 цаг:
УОК-ын өргөтгөсөн хуралдаан үргэлжилж байна Хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцлоо. Тэрбээр "Улсын хилээ одоогоор нээхгүй" гэдгийг онцолж, УОК-т чиглэл өглөө.
Тэрбээр,
-Коронавирусээс урьдчилан сэргийлэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг иргэд олон нийтэд сурталчилж, хэрэгжилтийг нь сайтар зохион байгуулах, иргэдэд энэ хуулийн таниулах, сурталчлах хэрэгтэй
Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр эрүүл мэндийн салбарын чадавхийг сайжруулахыг онцгойлон анхааруулж байна. Эрүүл мэндийн салбарыг бэхжүүлэх, онцгойлон анхаарч ажиллах, бэлэн байдлаа тооцоолох, бэлтгэл бэлэн байдлаа хангах зайлшгүй шаардлагатай. Нөхцөл байдал хүндэрсэн тохиолдолд, тоног төхөөрөмж, эм бэлдмэл, оношлуур, хамгаалалтын хэрэгслийг бүрэн хангах талаар шуурхай арга хэмжээ авч ажиллаж байгаад саашааж байна. Эрүүл мэндийн салбарт хүний нөөцийн зохион байгуулалтыг сайн зохион байгуулах шаардлагатай. Гадны улсын тэргүүн туршлагаас суралцах хэрэгтэй. Эмч сувилагч нарыг олон улсын онлайн сургалтад хамруулах ажлыг зохион байгуулах, эмч, эмнэлгийн ажилтнаа сайтар бэлтгэх хэрэгтэй.
Эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа эмч, ажилчдын хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, эрүүл мэнд, дархлааг нь дэмжихэд анхаарал хандуулах, эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа эмч ажилчдын болон тэдний ар гэрийнхэнд тодорхой хэмжээний мөнгөн тусламж олгох асуудлыг судалж, Засгийн газарт танилцуулахыг үүрэг болгож байна.
Улс, нийслэл аймгийн түвшинд халдвар тархах эрсдлийн үнэлгээг тогтмол үе шаттай хийж, эрсдэлд суурилсан төлөвлөгөөг нь тухай бүрт нь хийж, хэрэгжилтийг сайн хангах шаардлагатай байна. Манай улс маш өндөр эрсдэлтэй гэсэн дүгнэлт гарч байна. Одоогийн байдлаар зөөвөрлөгдөн орж ирсэн халдварын тохиолдлыг тархаахгүй байх ажлыг ХӨСҮТ-д ажиллаж байгаа эмч, ажилчид сайтар зохион байгуулж байгаа. Гэвч нөхцөл байдал хүндрэхэд бид хэр бэлэн байдалд байгааг бодитой дүгнэж онцгой анхаарч ажиллахыг нийслэл, аймаг сумдын ОК-ын дарга нарт үүрэг болгож байна.
Халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх дадлага сургууль хийсэн. Энэ маш үр дүнтэй байсан. Хөл хорио тогтоосон үед хүнсний хангамжийг хэрхэн зохицуулах, иргэдийн сэтгэл зүй бэлэн байгаа эсэхийг дадлага сургуулиар харлаа. Иргэдийн сэтгэл зүйг бэлдэх хэрэгтэй. Энэ бол цар тахал, үхэх сэхэхээ үзэж байна.
УИХ-ын ээлжит сонгууль зохион байгуулахад халдвараас урьдчилан сэргийлэх, сонгогчлын эрүүл мэндийг хамгаалах зөөвөр зөвлөмжийг УОК-оос СЕХ-нд заавар зөвлөмж өгч, хамтран ажиллах хэрэгтэй. Зургаадугаар сарын 02-ноос сонгуулийн сурталчилгаа эхэлнэ. Энэ үеэр анхаарал болгоомжтой байж, сонгуулийн сурталчилгааны үйл ажиллагааны үеэр иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах хэрэгтэй. Нэр дэвшигчид УОК-оос гаргах журмыг чанд сахих хэрэгтэй.
-Коронавирусээс урьдчилан сэргийлэх ажлыг идэвхжүүлэх, “Амны хаалтаа зүүцгээе” аяныг үргэлжлүүлэх шаардлагатай. Дүүргийн хэсгийн ахлагч нарт олон нийтийн байцаагч нарын эрх олгогдсон. Иргэд олон нийтийн байцаагчийн шаардлагыг биелүүлэх хэрэгтэй.
Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын үед иргэдийн сэтгэл зүй эмзэг байдаг учраас хэвлэл мэдээллийн байгууллага хариуцлагатай байж, баталгаатай эх сурвалжаас мэдээлэл авч мэдээллэх хэрэгтэй.
Өндөр эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа албан хаагчид, тэдний гэр бүлд тусламж, урамшуулал олгох арга хэмжээ авах нь зүйтэй.
Гадаадад байгаа иргэдээ шат дараатай авч байгаа ч эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийн тоо тогтмол нэмэгдэж байна. Бид үе шаттай татан авах ажиллагаагаа үргэлжлүүлсээр байх болно. Нутаг буцах хүсэлтэй иргэд гадаадын улс орнуудад жагсаал, цуглаан зохион байгуулах, өлсгөлөн зарлана гэж сүрдүүлж байгаа мэдээлэл ирж байна. Бидэнд бүгдийг нь нэг дор татан авах боломж бололцоо байхгүй. Бид боломжийнхоо хэрээр иргэдээ татан авч байна. Тиймээс УОК тодорхой дэг журамтай, аюулгүй байдлаа бүрэн хангаад иргэдээ авч байгаа. Тусгаарлах байрны багтаамж , эмч, эмнэлгийн ажилчид, нисэх онгоц, нисэх багийн хүрэлцээ хязгаарлагдмал байгааг иргэд та бүхэн ойлгож байгаа биз ээ. Улсын хилээ нээх тухай асуудлыг зарим иргэд хөндөж ярьж байна. Улсын хилээ одоогоор нээхгүй. Нөхцал байдал тайван болсон цагт нээнэ. Коронавирусийн вакцин гарсан үед манай улсын өндөржүүлсэн бэлэн байдал дуусгавар болно. УОК, Засгийн газраас иргэддээ худлаа мэдээлэл өгөхгүй. Боломж бололцоогоо хэлнэ. Мөн иргэд маань үүнийг ойлгож, дэмжиж хамтран ажиллаж байгаад баяртай байна.
Коронавирусээс урьдчилан сэргийлэх ажлыг хэрэгжүүлж байгаа төрийн байгууллагын шийдвэрийг мушгин гуйвуулах, ташаа мэдээлэл тараах асуудал мөн гарч байна. Энэ асуудалд хууль хяналтын байгууллагаас хариуцлага тооцно. Дотооддоо вирус тархсаныг Засгийн газар нуусан гэж гүтгэлгийн шинж чанартай мэдээ мэдээлэл гарсан. Энэ зүйл дээр хууль хяналтын байгууллагаас хариуцлага тооцох ёстой. Бид дайны үед амьдарч байна. Засгийн газар, УОК-оос гарч байгаа шийдвэр хүн бүрд таалагдахгүй. Гэхдээ энэ шийдвэр иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах шийдвэр юм. Мөн гаргасан шийдвэрээ хэрэгжүүлэх ёстой гэв.
Хөл хориог зургадугаар сарын 30 хүртэл сунгана
11:30 цаг :
УОК-ын өргөтгөсөн хуралдаан болж байна. Хуралдаанаар коронавирусийн халдварын байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэж байна. Шадар сайд, УОК-ын дарга Ө.Энхтүвшин танилцуулга хийж, өндөржүүлсэн бэлэн байдлыг зургадугаар сарын 30-ныг хүртэл сунгах санал тавилаа.
Монгол Улс өнөөдрийн байдлаар дотооддоо Covid-19 халдвар тархаагүй, зөөвөрлөгдөж, лабораториор батлагдсан 141 тохиолдол байна. Өнөөдрийг хүртэл 6474 иргэн ажиглалтад байснаас 4950 иргэн ажиглалтаас гарч, 1500 гаруй иргэн тусгаарлах байранд байна.
Монгол Улсын дотоодод халдвар байхгүй
11:15 цаг:
УОК-ын өргөтсөн хуралдаан болж байна. Хуралдаанд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэл хийлээ. Өнөөдрийн хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэнэ.
-Түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийж байгаа. Тандалт судалгаагаар хийсэн шинжилгээгээр коронавирус илрээгүй. Энэ нь Монгол Улсын дотоодод халдвар байхгүйг илчилж байна. ОХУ-аас ирсэн оюутнуудаас халдвар илэрсэн. Эмчлэгдэж, эдгэрсэн. Энэ нь эмчилгээ зохиж байгааг харуулж байна хэмээв.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ