Ким Жон Ун тахалтай тэмцэхийн тулд "баячуудыг шахна"

Дэлхийн хамгийн хаалттай улсуудын нэг Хойд Солонгос коронавирусийн цар тахлын улмаас эдийн засгийн гүн хямралтай нүүр тулсан гэж Financial Times мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Пхеньян сүүлийн 17 жилийн туршид анх удаа бонд гаргахаар төлөвлөж байгаа гэнэ. Түүнчлэн Хойд Солонгосын тэргүүн Ким Жон Ун чинээлэг элитүүдийг хувьцаа худалдан авахыг шаардаж, ингэснээр төсвийн 60 хувийг санхүүжүүлэх гадаад валютыг татахаар төлөвлөж байгаа аж. Бонд худалдан авах нь тус улсын дэглэмд үнэнчээ харуулах хэрэг болно гэж Америкийн Foreign Policy Research Institute судалгааны төвийн ажилтан Бенжамин Силберстейн өгүүлжээ.
Ийнхүү бонд гаргаж байгаа нь энэ улс хориг арга хэмжээ болон вирусийн улмаас санхүүгийн ноцтой асуудалтай тулгарсны тод илэрхийлэл хэмээн Венийн их сургуулийн Хойд Солонгосын асуудлаарх шинжээч Питер Уорд үзсэн байна. Мөн энэ бондыг авсан хүмүүст зээлийн хөрөнгийг эргүүлэн олгоно гэсэн баталгаа байхгүйг шинжээч онцолжээ.
Fitch рейтингийн агентлагийн таамагласнаар Хойд Солонгосын эдийн засаг 2020 онд зургаан хувиар унах гэнэ. Энэ улсын эдийн засаг 2018-2019 онд хориг болон ган гачгаас үүдэлтэйгээр унаж эхэлсэн бөгөөд энэ онд байдал бүр хурцдана гэж рейтийнгийн агентлаг үзжээ.
Үүн дээр дэлхий дахиныг хамарсан цар тахлаас үүдэлтэйгээр БНАСАУ-ын эдийн засаг ноцтой хямарсан гэж шинжээчид мэдэгдсэн байна. Хойд Солонгос коронавирусийн халдвар гараагүй гэж албан ёсоор мэдэгддэг ч барууны хэвлэлүүдээр тус улсад хэдийнэ халдвар тархсан хэмээн мэдээлдэг юм. Мөн өнгөрсөн гуравдугаар сард БНАСАУ коронавирусийн тархалттай холбоотойгоор олон улсаас тусламж гуйсан, коронавирусийн тест авах хүсэлтэй гэсэн мэдээлэл гарч байв. Түүнчлэн ДЭМБ, Улаан загалмайн нийгэмлэг болон Орос, Хятадаас ч тусламж гуйсан талаарх мэдээлэл гарч байлаа.
Коронавирусийн тархалтын дэлхийн статистикт Хойд Солонгосын талаарх мэдээлэл байдаггүй. Түүнчлэн энэ улсад вирус тээгчийг оношлох хангалттай боломж байхгүй гэж шинжээчид үздэг юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ