Шоглох яах вэ, сэтгэл олъё

Хотын гудамжинд дөрвөн жилийн өмнөх дүр зураг хэдийн бий болжээ. Өглөө булан эргэтэл нэр дэвшигчийн хамаг байдгаараа гоёж, хачин сайхан инээмсэглэсэн гэрэл зурагтай самбар байршсан байна.

Өнөө жил нэр дэвшигчдийн өрсөлдөөний гол талбар гудамж биш сошиал байх бололтой. Эхнээсээ бие биенээ “гөвж” харагдана. Нэр дэвшигчид гэхээсээ илүүтэй сонгогчид өнөө хэдийн хичээж авахуулсан зураг, бичлэгийг хошигнол болгон хөхрөлдөж байх юм. Ихэнхдээ тэдний өмссөн зүүсэн, уран сайхны тавилттай зургийг хуваалцаж баахан инээлдэх аж. Ард нь улстөрчийн биш уран бүтээлчдийн хэдэн шөнийн нойргүй хөдөлмөр яваа даа.
Шоглох яахав ээ. Хүссэн хүсээгүй бид нэгнийх нь нэрийг дугуйлж таарна. Харин хэнийг вэ гэдэг чухал. Энэ удаагийн сонголтдоо ул суурьтай чамбай хандахгүй бол дахиад л төрд гомдсон, цөхөрсөн он жилүүдийг туулна. Атал үүнийг л сонгоё гээд итгэл дүүрэн дугуйлчих хүн 606 дотор цөөн. Тэгвэл ядаж л сэтгэлтэйг нь олж сонгоё. Хүнд сэтгэл байхад олон зүйлийг бүтээж болдог.
Хэт драмлаг жүжиглэлт, нялуун үгсээс илүүтэй итгэл төрүүлэхүйц үнэнг нь, амбиц, алдар нэрд дуртайг биш амьдрал мэддэгийг нь таньж дугуйлъя л даа. “Хэдүүлээ хуваад идчихье ээ, чишш” гэхэд “Энэ чинь иргэдийн өмч” гээд ширээ цохиод босоод ирэх шударгыг нь олъё л доо.
Бэл бэлчинтэй, бэлэн мөнгө амалсныг биш. Үрээд л дуусах мөнгөнөөс илүүтэй ирээдүйд тайван амгалан амьдрахад гар татахгүй нэгийг нь гаргаад үзье.

Болж л өгвөл идэж уучих гээд байхыг огт биш. Боломж нөхцөл, багахан дэмжлэг байхад “босоод” ирэх бизнесийг дэмжихийн төлөө шатаж, шаналж чадахыг нь сонгоё.
Аягахан хоолны төлөө аль байдгаараа тэмцэж яваа амьдралыг зүрхээрээ мэдэрч “Яав л дээр вэ” хэмээн нойргүй хөрвөөн үүр цайлгаж чадах нэгнийг төрд төлөөлөл болгон илгээе. Дараа нь тэднийд дайлуулсан шиг гурилтай шөл шорхийтэл сорж суух гудиггүй нөхрийг л дугуйлъя.
Б.Итгэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ