АНУ Тяньаньмэний талбайд болсон хядлагын үеэр алагдсан хүмүүсийн тоог зарлахыг уриаллаа

АНУ-ын Төрийн департамент Хятадын Тяньаньмэний талбай дээр 31 жилийн өмнө болсон үйл явдалтай холбоотойгоор мэдэгдэл гаргажээ.
"Өнөөдөр бид 1989 оны зургадугаар сарын дөрөвний өдөр ардчилал, хүний эрх, авлигаас ангид нийгэмд тайван замаар уриалсан ч Хятадын Коммунист нам Тяньаньмэний талбай руу танк болон зэвсэгтэй Ардын чөлөөлөх армийнхныг илгээн хүчээр дарсан үйл явдлын хохирогч болсон Хятадын эр зоригт иргэдэд хүндэтгэл үзүүлж байна. Тяньаньмэний талбай дахь эсэргүүцэл Зөвлөлт Холбоот Улс болон Дорнод Европ дахь хавчлага доорх иргэдэд ардчилсан өөрчлөлтийг шаардах урам өгч байх тэр үед Хятадын коммунист засгийн газар мэдээллийг хатуу хянаж, хэрцгийлэл үйлдэн тэсч үлдсэн" хэмээн Төрийн департаментын албан ёсны төлөөлөгч Морган Ортагус мэдэгджээ.
Энэ мэдэгдэлд, 31 жилийн дараа ч ор сураггүй болсон эсвэл алагдсан хүмүүсийн тоо тодорхойгүй хэвээр байгааг онцолсон байна. Мөн "АНУ ойр дотныхоо хүнийг алдаад өнөө хэр гашуудаж байгаа гэр бүлүүд, тэр дундаа үр хүүхдээ алдсаны хариуцлагыг нэхэхээ зогсоогоогүй зоригт эхчүүдийн уй гашууг ойлгож, Америкийн ард түмэн тэднийг дэмжсээр байх болно. Тяньаньмэний талбай дээр болсон үйл явдлын үеэр сураггүй болсон болон амиа алдсан хүмүүсийн талаарх тайланг олонд мэдээлэхийг дахин уриалж байна" хэмээжээ.
Эргэн сануулахад, одоогоос 31 жилийн тэртээ 1989 оны зургадугаар сарын дөрөвний өдөр Бээжин хотын Тяньаньмэний талбай дээрх бослогыг хүчээр дарсан эмгэнэлтэй хэрэг болж байв. 1989 оны дөрөвдүгээр сард энэ талбай дээр сая гаруй хүн цуглан, Коммунист Хятадын түүхэн дэх хамгийн өргөн цар хүрээтэй эсэргүүцэл эхлэн, сар гаруй хугацаанд үргэлжилсэн юм.
Харин зургадугаар сарын гуравны өдөр Тяньаньмэний талбай руу хэдэн талаас нь танк орж ирэн, цагдаагийнхан зэвсэггүй жагсагчид руу гал нээж, олон хүн амиа алдаж, шархдсан юм. Хятадын Засгийн газар талбай дээр нэг ч хүн амиа алдаагүй гэж мэдэгдсэн ч үнэн хэрэгтээ хэдэн зуу, олон мянган хүн амиа алдсан гэсэн хөндлөнгийн судалгаа, тайлан байдаг аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ