Нэг медаль, хоёр олимпийн эрх

img

Сонирхогчдын боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Азербайжаны нийслэл Баку хотноо амжилттай болж өндөрлөлөө. Есдүгээр сарын 22-ноос эхлэн Бакугийн рингэнд 127 орны 700 гаруй ширэн бээлийтнүүд тулалдсаар өнгөрсөн бямба гаригт жин тус бүрт алтан медалийн эздээ тодруулсан юм. Манай улсаас найман жинд боксчид тулалдсанаас Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Пүрэвдоржийн Сэрдамба хүрэл медалийн болзол хангасан билээ. Мөн Монгол Улсын гавьяат тамирчин Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ жиндээ шөвгийн наймд үлдсэнээр олимпийн эрхийг өвөртөлсөн билээ. Ингэснээр манай улс энэ удаагийн боксын ДАШТ-д нэг медаль, хоёр олимпийн эрх авсан амжилттай оролцлоо. Өнгөрсөн баасан гаригт медалийн өнгө хувиргах тулаанд манай боксчин П.Сэрдамба дэлхийн аваргын хүрэл, азийн аваргын алтан медальт Өмнөд Солонгосын боксчин Шин Жин Хунтай тулалдаж 20:11-ээр ялагдсанаар хүрэл медаль дээр буусан. Азийн аваргаар манай боксчин Шин Жин Хунд мөн ялагдал хүлээж байсан юм. Ийнхүү П.Сэрдамба дэлхийн аваргын нэг алт, хошой хүрэл медальтай болж байна. Харин У.Мөнх-Эрдэнийн хувьд Италийн боксчин Винченцо Мангиакапред 16:11-ийн харьцаатай ялагдал хүлээснээр дараа жил Лондоны олимпод оролцох эрхээ баталгаажууллаа. Манай бусад боксчид ДАШТ-ийн эхний тойргуудад амжилттай тулалдаж ээлж дараалан ялалтын буухиаг үргэлжлүүлж байсан ч бүгд бүдэрсэн. Зарим тулаанууд дээр шүүгчийн зүгээс алдаатай гэмээр шүүлт гаргасан тохиолдол ч гарч байлаа. Ийнхүү П.Сэрдамба, У.Мөнх-Эрдэнэ нараас бусад боксчид маань ирэх жилийн тивийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпийн эрхээ авах үүрэгтэй үлдэж байна. Энэ жилийн ДАШТ-д Укриан улсын ширэн бээлийтнүүд гайхалтай тулаан үзүүлж 10 боксчноос нь 5 нь медаль хүртсэн. Эдгээр таван медалийн дөрөв нь алтан медаль байсан. Тиймээс багийн амжилтаараа Укриан улс энэ удаагийн ДАШТ-ийг тэргүүлсэн юм. Укрианы боксчид 60 кг-ийн жинд Васил Ломаченко, 69 кг-ийн жинд Тарас Шелестюк, 75 кг-ийн жинд Эвен Хитров, 91 кг-ийн жинд  Александр Усык нар жин тус бүртээ алтан медаль хүртсэнээр ийнхүү Укрианчууд тэд дэлхийн аваргад анх удаагаа ийм өндөр амжилт үзүүлж байна. ОХУ, Кубын өндөр найдлагатай боксчид нь энэ удаа төдийлөн гялалзсан амжилт гаргаж амжсангүй. Укриан – 4 алт, 1 мөнгө Куба – 2 алт, 1 мөнгө Азербайжан – 1 алт, 1 өнгө ОХУ – 1 алт, 2 хүрэл Бразил – 1 алт, 1 хүрэл БНХАУ – 1 алт, 1 хүрэл Казакстан – 2 мөнгө, 2 хүрэл Англи- 2 мөнгө, 1 хүрэл Япон-1 мөнгө БНСУ-1 мөнгө Уэллс -1 мөнгө Итали-2 хүрэл Узбекстан-2 хүрэл Монгол-1 хүрэл    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ