ФОТО: Хустайн нурууг зорих шалтгаан ба санамж

Урин дулаан улирал ирсэн энэ өдрүүдэд улигт сонгуулийн сурталчилгаа дүүрэн уйт хотын гудамжаа цээж дүүрэн амьсгалах цэнгэг агаартай байгалиар түр солихыг хүсвэл Хустайг нурууг зорьж нүд баясгаж, сэтгэл сэргээхийг зөвлөж байна.
Хустайн нурууг зорих ТАВАН шалтгаан:
1. Улаанбаатар хотоос 80 километрийн зайд байрлах тул бямба, ням гарагийн амралтын өдрүүдэд гэр бүл, найз нөхдөөрөө байгалийн сайханд гараад ирэх боломжтой.

2. Хустайн нуруу хүрэх замд “Молцог элс” бий.

3. Улсын тусгай хамгаалалттай байгалийн цогцолбор газарт ховордсон ан амьтны нэг тарвага хаа сайгүй олноор гүйж яваа.

4. Хустайн нурууны энэ бүс нутагт 1992 оноос тахь нутагшуулах төслийг хэрэгжүүлсэн. Өдгөө 370 тахь нутагшиж байна.

5. Халиун буга, гөрөөс, зэрлэг гахай болон олон төрлийн мэрэгч амьтан элбэг байдаг. Мөн 126 зүйл шувуутай.


Хустайн нуруунд баримтлах ТАВАН санамж:
1. Улаанбаатар хотоос километрээ тэглэж хөдлөөд замын хажуугийн “82” тоот багана, “Хустайн нуруу” гэх таних тэмдгээр салж шороон замаар 13 километр явна. Шороон зам дэржигнүүртэй, багагүй элстэйг анхаараарай.

2. Хустайн байгалийн цогцолторт газрын бааз хүрч нэг хүний 5000 мянган төгрөгийн хураамж төлж дотогш нэвтэрнэ.

3. Цааш тээврийн хэрэгслээр хөдөлгөөн үйлдэхдээ төв замаас огт салж болохгүй бөгөөд тусгай тэмдэглэгээтэй таван зогсоол бий. Уг зогсоолд автомашинаа байрлуулж тахь, халиун буга зэрэг амьтдыг хөтөчийн тусламжтайгаар дурандан харах боломжтой. Мөн явганаар амьтдыг айлгаж, үргээхгүйгээр ойроос харж, зураг авахуулж болно.


4. Тусгай хамгаалалттай газарт нэвтэрсэн тул амьтдыг айлгаж, үргээж болохгүй дүрэмтэй. Дуут дохио хангинуулж, буун дуу гаргах энд хатуу хориотой.

5.Хэрэв та дэлхийн сүүлчийн, цор ганц зэрлэг адуу тахь харахыг хүсч Хустайн нурууг зорих гэж байгаа бол үдээс хойш буюу нар буух үед тус газарт нэвтрэхийг зөвлөж байна. Учир нь адуу өдрийн халуунд уулын орой өөд гарч, сэрүү орох үед усандаа бууж ирдэг. Тиймээс өдрийн халуун биш өглөө, оройн сэрүүнд зоривол тахь харах магадлал тун өндөр болохыг санаарай.

Бэлтгэсэн: Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ