Залуучууд "СОНГУУЛЬ"-ийг сонгож байна


Монгол Улсын УИХ-ын 2020 оны ээлжит сонгууль өнөөдөр /2020.06.23/ 07.00 цагт орон даяар албан ёсоор эхэллээ.
Нийслэлийн 28-р тойргийн 3 дугаар хэсгийн санал хураалтын байранд өглөө 08.30 цагт очиход хэдийн урт дараалал үүссэн байв. Үндэсний дээлээрээ гоёсон залуухан охид "Ахаа бид хоёрын зургийг аваад өг" гэхэд мөн л монгол цамц өмссөн ахимаг насны ах "Алив, бодвол өндөр л гарна гэх биз" хэмээн цааргалах зүйлгүй хичээнгүйлж байна.
Дараалан зогсох сонгогчдын ихэнх нь залуучууд байх аж. Өмнө нь 2016 оны УИХ-ын сонгуулийн өглөөний энэ цагт ахимаг насныхан ганц, нэгээрээ уван цуван ирж харагдсан бол өнөө сонгуулийн тод өнгө нь залуус байна.
Тэдний нас залуу жавхаа, "Хэнд саналаа өгөх гэж байна" гэдэг асуултад "Хэлэхгүй" гэх зориг шулуун хариулт сайн цагийн эхлэлийг билэгдэх шиг өөдрөг, гэгээн.
2016 оны сонгуульд 18-25 насны сонгогчдын 50.8 хувь, 25-30 насныхны 65.2 хувь, харин 60-с дээш насныхан 97 хувийн идэвх, оролцоотой саналаа өгсөн гэх статистик мэдээ бий. Тэгвэл 2020 оны сонгогчдын 42 хувь нь 18-34 насны, 18 хувь нь 55-с дээш насны хүмүүс байна.
Залуусаа, сонгуулийн ирцээ бүрдүүлж, Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж, сонгуульдаа идэвхтэй оролцоорой.
Б.Итгэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ