Foreign Policy: ОХУ Монголыг байранд нь байлгахаар хичээж байна

Аугаа их Эх орны дайны ялалтын 75 жилийн ой энэ оны тавдугаар сарын есний өдөр тохиосон. Энэ өдөр ОХУ өргөн цар хүрээтэй цэргийн парад зохион байгуулахаар төлөвлөж байсан ч цар тахлын улмаас зургадугаар сарын 24-ний өдөр болгон хойшлуулсан юм. Ялалтын 75 жилийн ойд зориулсан энэхүү парадыг Монголын Үндэсний Олон нийтийн телевиз дахин дамжуулахаар Оросын талтай тохиролцсон байсан ч Монгол Улсын УИХ-ын сонгуулийн санал хураалтын өдөртэй давхацсан тул парад дамжуулахаас татгалзсан байна.
Харин үүнд Монгол дахь ОХУ-ын Элчин сайдын яам ихээхэн дургүйлхэж, илтэд басамжлан, эгдүүцсэн өнгө аястай мэдэгдлийг Фейсбүүк дэх хуудсандаа байршуулсан нь олон нийтийн дунд ихээхэн шүүмжлэлд өртсөн юм. Энэ мэдэгдлээ ОХУ-ын Элчин сайдын яам “В огороде-бузина, а в Киеве-дядька” буюу монголоор “тэмээ гэхээр ямаа гэв” гэх хэлцээр гарчиглан, “цаг агаарын улмаас удирдлагуудын тод хараа нь түр балартаж” гэх мэтээр бичсэн байв. Үүнийг олон нийт “тусгаар улсын телевизийн бодлогод нөлөөлөх гэсэн оролдлого”, “ОХУ-ын байр суурийг бэлхнээ илтгэлээ” хэмээн шүүмжилж байсан. Үүний дараа МҮОНТВ мэдэгдэл гарган, ОХУ-ын ЭСЯ-наас уучлалт гуйхыг шаардсан ч одоо хэр нь ЭСЯ гэдийсээр. Олон улсын ажиглагчид ч энэ нөхцөл байдлыг Орос улс Монголыг “байранд нь байлгахыг хүсч байна” хэмээн үзжээ. Тухайлбал Foreign Policy хэвлэлд Кардифийн их сургуулийн профессор Сергей Радченко дээрх үйл явдалтай холбоотой нийтлэл хэвлүүлснийг товчлон хүргэж байна.
Зургадугаар сарын 24-ний өдөр Орос улс COVID-19 тахлын улмаас сарын өмнө хойшлуулж байсан, Европд Ялалт байгуулсны 75 жилийн ойд зориулсан, түүнчлэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлаарх санал хураалтад зориулж цэрэг-улс төрийн нөхцөл байдал үүсгэх зорилготой өргөн цар хүрээтэй цэргийн парад зохион байгуулав. Ирэх долоо хоногт өндөрлөх санал хураалт дор хаяж 2036 он хүртэл Владимир Путин Ерөнхийлөгчөөр суух замыг тавих юм.
Мөн энэ өдөр Монгол Улсад ээлжит ардчилсан парламентын сонгууль болов. Харин энэхүү өөр хоорондоо уялдаа холбоогүй үйл явдал Москва, Улаанбаатарын хооронд байж боломгүй дипломат маргааныг дэгдээсэн бөгөөд энэ нь Орос улс хөршүүдээ айлгах гэдэг занг нь илэрхий харуулав. Авторитар хөршүүдтэй ардчилсан Монгол улс хүндхэн ирээдүйтэй нүүр тулж байгаа бөгөөд учир нь түүний хоёр том хөрш, хуучны эзэнт гүрнүүд болох Хятад, Орос улс Евразийг өөрсдийн эрхшээлд нийцүүлэн өөрчлөхөөр эрмэлзэж байгаа юм.
Сүүлд дэгдсэн маргаан нь Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз Оросын парадыг шууд дамжуулах төлөвлөгөөнөөсөө татгалзсанаас үүдэлтэй юм. Анхандаа энэ телевиз Монголын Засгийн газар Оросыг хүндэтгэж байгаагаа илэрхийлэл болгон парадад оролцох цэргүүдийг илгээх шийдвэр гаргасан тул энэ парадыг үзэгчдийн хүртээл болгохоор төлөвлөж байж. Гэвч хойшлогдсон парад нь Монголын сонгуулийн өдөртэй давхцаж байгаа тул шууд дамжуулалт хийхгүй байхаар шийджээ.
Харин Улаанбаатар хот дахь Оросын ЭСЯ Фейсбүүк дэх хуудсаараа дамжуулан энэ шийдвэрийг эсэргүүцэн, барууны ашиг сонирхолд захирагдсан гэж МҮОНТВ-ийн удирдлагуудыг буруутгасан юм. “Дэлхий даяар Орос Улсыг өөрсдийн сонгуульд хөндлөнгөөс нөлөөлсөн, оролцсон хэмээн буруутгах кампанит ажиллагааг өрнүүлж байгаа ба түүндээ МҮОНРТ-ийн Зөвлөлийг хүчээн татан оруулав уу, эсвэл Зөвлөл нь уг ажиллагаанд санаандгүй нэгдэв үү?” хэмээн онцолсон байв.
Энэ нь олны дунд маргаан дэгдээв. МҮОНТВ-ийн захирал Л.Нинжжамц Оросын Элчин сайд Искандер Азизовт илгээсэн захидалдаа дээрх мэдэгдлийг шүүмжлээд, албан ёсоор уучлал гуйхыг шаардсан юм. Монгол Улсын Ерөнхий сайд асан, Орост Элчин сайдаар ажиллаж байсан С.Баяр ч мөн ЭСЯ-ны дээрх үйлдлийг Зөвлөлтийн үеийн элчин сайд нар суугаа орондоо юу хийх, эс хийхийг заадаг байсан хуучны арга барилтай нь зүйрлэсэн байна.
Монголчууд Зөвлөлтийн нөлөө, оролцооны талаар багагүй мэднэ. Энэ улс Зөвлөлтийн дагуул улс болж байсан бөгөөд 1930-аад онд Зөвлөлтийнхөн болон тэдний Монгол дахь гар хөл, Монгол ардын хувьсгалт нам шашны эсрэг кампанит ажил өрнүүлж, улс төрийн хэлмэгдүүлэлт явуулах үеэрээ олон мянган хүний амь насыг хөнөөсөн юм.
Амиа алдсан хүмүүсийн дунд Иосиф Сталинтай маргаж зүрхэлсэн, Монголын Ерөнхий сайд П.Гэндэн байв /нэгэн ширүүн маргааны үеэр Зөвлөлтийн дарангуйлагчийн гаансыг тэрбээр шидэж эвдэлсэн гэх цуу яриа бий/. Түүнийг Москва руу илгээн, 1937 онд Зөвлөлтөд цаазалсан юм. Түүний залгамжлагч А. Амарыг мөн ижил хувь тавилан хүлээсэн бөгөөд түүнийг баривчлан, ЗХУ руу илгээж, улмаар тэнд нь 1941 онд цаазалжээ.
Ийнхүү цус асгаруулснаар Монголын Сталин гэгддэг Хорлоогийн Чойбалсан Ерөнхий сайд болсон бөгөөд тэрбээр Азид Зөвлөлтийн ашиг сонирхлын төлөө ажиллаж байсны дээр Монгол дахь бүрэн эрхэт төлөөлөгч Иван Ивановын тасралтгүй хараа хяналтан дор байсан юм. Чухамхүү Х.Чойбалсан болон Ивановын үед Монгол улс 1940-өөд оны үед Зөвлөлтийн цэргийн ажиллагаанд татагдан оролцож, хагас сая гаруй агт илгээн, танкийн бригадыг санхүүжүүлсэн. Түүнчлэн Молнгол улс 1945 оны наймдугаар сард манжуурт япончуудтай хийх Зөвлөлтийн тулаанд ч нэгдсэн юм.
Чойбалсангийн залгамжлагч Юмжаагийн Цэдэнбал Зөвлөлтийн удирдагчдаа баярлуулахаар илүүтэй хичээж, ЗХУ-ыг Монголыг харьяандаа авах хүсэлтийг удаа дараа гаргаж байсан гэх /азаар ЗХУ татгалзсан/. Түүнчлэн Цэдэнбал Хятад-Зөвлөлтийн хурцадмал харилцааны үед Москвагийн талд үйлчилж, 1962 оны 12 дугаар сард Хятадын Ерөнхий сайдтай ярилцах үеэрээ Зөвлөлтийн бодлогыг ширүүхэн хамгаалж, улмаар маргаан дэгдэн, тэд арайтай л гар зөрүүлээгүй юм.
Хувь тавилангийн хоржооноор, чухамхүү ЗХУ нь Цэдэнбалыг 1984 онд төрийн эрхээс буулгахаар шийдэн, Москвад тэтгэвэрт нь гаргаж байв. Үүнийг тухайн үеийн Төв хорооны нарийн бичгийн дарга Михаил Горбачев “найруулсан” гэх бөгөөд Цэдэнбалын Хятадын эсрэг үзэл нь Бээжинтэй харилцаагаа сайжруулах Москвагийн ашиг сонирхолтой зөрчилдөж байсан тул ийнхүү эрх мэдлээс зайлуулсан гэдэг.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ