Д.Нямхүү: Дөрвөн хүн эдгэрч, 557 хүний шинжилгээний хариу сөрөг гарлаа

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.07.04/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов.
Дэлхийн 216 улс оронд коронавирусийн халдвар бүртгэгдлээ. 11 сая 168 мянган хүн халдвар авч, 528 мянган хүн нас баржээ. Сүүлийн 24 цагийн байдлаар өвчлөл 195 мянга гаруйгаар нас баралт 4 мянга гаруйгаар нэмэгдсэн байна.
Манай улсад ажиглалтаас 66 хүн гарч гэрийн ажиглалт руу шилжлээ. Ажиглалтад нийт 2661 хүн байна. 1-5 насын 108 хүүхэд, 43 жирэмсэн эмэгтэй, архаг хууч өвчтэй 293 хүн байгаа. Орон нутгийн 17 чиглэлийн галт тэргэнд төмөр замын нэгдсэн эмнэлгийн эмч, ажилтан ажиллаж, 6000 гаруй зорчигчдод коронавирусийн тандалт хийлээ. Коронавирусийн сэжигтэй тохиолдол илрээгүй. 119 дугаарын утсанд 108 дуудлага ирсэн байна. 119 шуурхай дугаарын аппликейшнд 3 дуудлага ирсэн.
АНУ-д 53300 гаруй шинэ тохиолдол, 624 нас баралт нэмж бүртгэгджээ. Харин Бразил улсад 42200 гаруй шинэ тохиолдол нэмж бүртгэгдэж, тус улсын нийт батлагдсан тохиолдол өссөн дүнгээр 1 сая 539 мянга гаруйд хүрээд байна. Харин нийт нас баралт 63100 гаруй болжээ.
БНСУ-д 63 шинэ тохиолдол, нэг нас баралт нэмж бүртгэгджээ. БНХАУ-д гурван шинэ тохиолдол нэмж бүртгэгдсэн байна. Батлагдсан тохиолдлын хоёр нь гаднаас зөөвөрлөгдсөн, нэг нь дотоодын халдвар байна.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:
-ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул аймгийн лабораторид нийт 557 хүнд шинжилгээ хийлээ. Коронавирус илрээгүй. Эдгээр шинжилгээг задалж хэлбэл ажиглах байранд тусгаарлагдаж байсан 428 хүний шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 11 хүний давтан шинжилгээ, тандалтын зорилгоор гурван хүний шинжилгээ, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 28 ачаа тээврийн жолоочийн шинжилгээ, Сэлэнгэ аймагт тусгаарлагдаж байсан зургаан хүний шинжилгээ байна.
Сайн мэдээ дөрвөн хүн эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн сувилал руу шилжлээ. Тухайн иргэдийн гурван нь жолооч байна. Тухайн жолоочдын хоёр нь 37 настай Беларусь улсын иргэн, нэг нь орос жолооч байгаа. Мөн Нурсултан-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн нэг эмэгтэй байна. Дахин сайн мэдээ өнөө өглөө тусгаарлах байранд байсан эмэгтэй ХӨСҮТ-д амаржиж, хүү төрлөө. Баяр хүргэе.
Манай нийт батлагдсан тохиолдол 220 эдгэрсэн тохиолдол 183 боллоо. Харин эмчилгээнд 37 хүн байгаа. Биеийн байдал хөнгөн 31, хүндэвтэр 6 иргэн байна.
Г.Мичидмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ