М.Болдсайхан: Гар утастай орсон шалгуулагчийн ЭЕШ өгөх эрхийг хассан

Элсэлтийн ерөнхий шалгалт долдугаар сарын 02-05-ны өдрүүдэд зохион байгуулагдаж дууслаа. Энэ жил 30900 шалгуулагч элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлсэн. ЭЕШ хэрхэн явагдсан талаар БҮТ-ийн элсэлтийн шалгалт хариуцсан ахлах мэргэжилтэн М.Болдсайханаас тодрууллаа.
-Энэ жил шалгуулагчдын ирц ямар байсан бэ?
-Энэ жил элсэлтийн ерөнхий шалгалтыг 30900 шалгуулагч, давхардсан тоогоор 99137 шалгалт өгөхөөр бүртгүүлсэн. Үүнээс 91758 хүүхэд шалгалт өгсөн буюу 89,7 хувийн ирцтэй байна. Энэ жилийн ирц өмнө жилийнхтэй ойролцоо үзүүлэлттэй байна гэсэн үг. Жил бүрийн ЭЕШ-д өмнөх оны төгсөгчдийн ирц буурдаг. Үүний шалтгааныг тогтоох боломжгүй. Нэг хичээлийн шалгалтад 4175 багш, эмч эмнэлгийн ажилтан, үйлчлэгч ажилласан. Давхардсан тоогоор 20 мянга гаруй багш ажилчид ажиллаа. Шалгалтад ажилласан багш нарт, шалгалт өгсөн бүх шалгуулагчдад нэг удаагийн бээлий, амны хаалт, зүүлгэж, гарыг нь ариутгаж эрүүл ахуйн дэглэм сахиж ажиллаа. Нийтдээ 110 мянган хос бээлий 35 мянган амны хаалт ашигласан. Ариутгал, цэвэрлэгээний бусад бэлтгэлийг хангаж тогтмол ариутгал халдваргүйтэл хийж байлаа. Мэргэжлийн хяналтын байцаагчид бүх шалгалтын байруудад хяналт тавьж ажилласан.
-Элсэлтийн ерөнхий шалгалтын даалгаврын агуулга өмнөх жилүүдийнхээс хүндэрсэн үү?
-Цаг үеийн асуудал хорио цээрийн дэглэмтэй холбоотойгоор энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтын сэдэв даалгаварт 10,11-р ангийн агуулгыг бүрэн хамруулсан бол 12-р ангийн судалж амжаагүй агуулгыг бүрэн хасаж боловсруулахыг зорьсон.
Олон нийтийн сүлжээгээр математикийн даалгавар хэт хүнд, даалгавар задарсан гэсэн олон асуудал яригдаж байна. Математикийн багш нарын дүгнэлтээр даалгавар илүү хөнгөн болсон. Үүнийг юугаар нотлох вэ гэхээр өнгөрсөн 2019 оны элсэлтийн ерөнхий шалгалтад 18 хүүхэд 800 оноо авч байсан бол энэ жил улсын хэмжээнд 25 хүүхэд 800 оноо авсан. Хичээлээ тогтмол хийдэг, өнгөрсөн хугацаандаа шалгалтандаа бэлдсэн хүүхдүүдэд илүү хөнгөн хялбар болжээ. Харин хичээлээ хийгээгүй хүүхдүүдийн хувьд даалгавар хүндэдсэн гэж ярих, бичих шалтгаан болж байна. Хувь хүн болгон анхаарах хэрэгтэй. Тухайлбал, шалгалтын бэлтгэлээс гадна анги, танхимд олгосон харандааг хугалах, баллуур зажлах, олгосон бээлийг урах зэрэг зөрчлүүд гаргаж байна. Шалгуулагчид бусдаас буруу хайхаасаа өмнө амжилтад хүрээгүй шалтгаанаа өөрөөсөө хайх хэрэгтэй.
-Шалгалтын материал задарсан. Шалгалтын байранд утастай нэвтэрсэн тохиолдол гарсан уу?
-Шалгалтын байранд гар утастай нэвтэрсэн хоёр шалгуулагч байгаа. Тухайн хоёр шалгуулагчийн дүнг хүчингүй болгож, элсэлтийн ерөнхий шалгалт өгөх эрхийг нь хоёр жилээр хассан.
-Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтад өмнө жилүүдийнхээс онцлог зүйл олон байгаа. Тухайн шалгуулагчийг шалгалтын байранд ирэх цаг, нэвтрэх хэсгийг нарийвчлан зааж өгсөн. Энэ дараа дараагийн жилүүдэд хэрэгжээд явна. Мөн 2019 онд шууд засалтын шилэн технологи нэвтрүүлсэн энэ жил сайжирч, шууд дамжуулалт хийсэн.
-Шалгуулагчид шалгалтын материалтайгаа танилцах өргөдөл гаргаж байна уу?
-Өнөөдрийн байдлаар шалгалтын материалтайгаа танилцах 20 өргөдөл ирсэн байгаа. Энэ нь өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад маш бага үзүүлэлт юм. Энэ жил шалгалтын материалыг шууд засалтын шилэн технологиор зассан, шалгалтын дүнг шууд дамжуулсан. Шалгалт илүү ахисан түвшинд явагдлаа. Шалгуулагчид шалгалтад амжилт гаргаж, өндөр оноо аваагүйнхээ бурууг бусад руу чихээд байна.
-Шалгалтын анги танхимд шалгуулагч бүрт харандаа, үзүүрлэгч, баллуур байгаагүй гэсэн мэдээлэл байна? Туслах хэрэгсэл хүрэлцээгүй тохиолдол гарсан уу?
-Шалгуулагч бүрт үзүүрлэгч, харандаа өгсөн.
-ЭЕШ-ын батламж хуудсыг хэзээ олгох вэ?
-Энэ сарын 8-10-ны өдрүүдэд олгоно.
Г.Мичидмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ