ШУУД: Ард түмэн УИХ-д биш Засгийн газрын ажилд дүн тавьдаг шүү

10:30 цаг:
УИХ-ын Анхдугаар чуулганаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимын сайд нарын томилгоогоо танилцууллаа. Танилцуулгын дараагаар УИХ-ын гишүүд асуулт тавьж, хариулт авав.
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:
-УИХ-ын гишүүнээр ажиллаж байгаагүй хүмүүс сайд болохоороо тэнгэрээс унаж, газраас ургасан юм шиг болчихдог шүү. УИХ-ын үгийг сайн сонсоорой. Яаманд очоод төрийн албан хаагчдын халаа сэлгээ хийж, бужигнуулж болохгүй.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:
-Засгийн газрын гишүүдийн 50 хувийг танихгүй юм байна. МАН-ын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлээрэй. Гоншигнодог цаг өнгөрсөн шүү. Ард түмэн УИХ-д гэхээсээ Засгийн газрын ажилд дүн тавьдаг юм байна. Хууль болохгүй байна асуудал байхгүй шүү.
УИХ-ын гишүүн Г.Дамдинням:
-Зам тээврийн сайдад н.Халтарт хандаж хэлэхэд Дархан, Сэлэнгийн замыг дуусгах хэрэгтэй гэж хэлье. Хэдэн оны хэдэн сард Дарханы замыг тавьж дуусгах вэ. Тавьж дуусгахгүй бол өрөөний чинь үүдэнд очоод суучихна шүү.
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:
-Бид хэрэглээний татвараа ангилмаар байна. Энэ бол орчин үед байх ёстой зүйл. Тансаг хэрэглээ, орон байр, машин зэрэгт татварыг ангилж тогтоох хэрэгтэй. Эрүүл бус хэрэглээ гэж айхтар зүйл байна. Бид ажлын байр гэж ярьдаг. Үйлдвэрлэгчдийн хамгийн их гомдоллоод байгаа зүйл бол татвар. Гаальд 5 хувь, дахиад 10 хувь НӨАТ төлнө. Ингээд 100 төгрөгнөөс 15.5 төгрөг нь татварт явж байгаа. Ажлын байрыг нэмэгдүүлж, үйлдвэрлэгчдийг дэмждэг орон биш болоод байна. Бид нэгэнтээ үйлдвэрлэж чадахгүй байгаа.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:
-Гадаад байгаа иргэдээ анхаарах хэрэгтэй. АНУ-аас оюутнуудыг хөөж байна гэсэн яриа байна. Х.Нямбаатар сайд Ж.Эрдэнэбат гишүүнийг хорьсон асуудалд анхаарлаа хандуулах байх.
Сайд нарын томилгоог танилцуулж байна
10:05 цаг:
УИХ-ын чуулганы Анхдугаар хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын сайдын томилгоог танилцуулж байна.
Шинэ Засгийн газар дараах бүтэц, бүрэлдэхүүнтэй. Үүнд:
- ЗГХЭГ-ын даргад Л.Оюун-Эрдэнэ (УИХ-ын гишүүн)
- Шадар сайдад Я.Содбаатар (УИХ-ын гишүүн асан)
- Эрчим хүчний сайдад Н.Тавинбэх (Багануур дүүргийн захирагч)
- БСШУ-ын сайдад Л.Цэдэвсүрэн (БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга)
- Сангийн сайдад Ч.Хүрэлбаатар (УИХ-ын гишүүн,Сангийн сайд)
- Гадаад харилцааны сайдад Н.Энхтайван (УИХ дахь МАН-ын бүлгийн дарга)
- Зам тээврийн хөгжлийн сайдад Л.Халтар (ЗТХ-ийн дэд сайд)
- ХХААХҮ-ийн сайдад З.Мэндсайхан (ТӨБЗ-ын газрын дарга)
- Соёлын сайдад С.Чулуун (түүхч, академич)
- Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад Д.Сарангэрэл (Эрүүл мэндийн сайд)
- Эрүүл мэндийн сайдад н.Мөнхсайхан
- Барилга хот байгуулалтын сайдад Б.Мөнхбаатар (БХ-ийн дэд сайд)
- Хууль зүй, дотоод хэргийн сайдад Х.Нямбаатар (УИХ-ын гишүүн)
- Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдад А.Ариунзаяа (Үндэсний статистикийн хорооны дарга)
- Батлан хамгаалахын сайдад Г.Сайханбаяр (Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга)
- Уул уурхайн сайдад Г.Ёндон (“Монголросцветмет” ТӨҮГ-ын Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирал )
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүдээ нэг бүрчлэн танилцуулж байгаа юм.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ