Д.Нямхүү: Нэг хүн эдгэрч, 13 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.07.14/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов.
Дэлхийн 216 улс оронд коронавирусийн халдвар бүртгэгдлээ. Нийт 13 сая 214 мянган хүн халдвар авч, 574 мянган хүн нас баржээ. Сүүлийн 24 цагийн байдлаар өвчлөл 180 мянга гаруйгаар нэмэгдсэн байна.
Манай улсад ажиглалтаас 24 хүн гарч гэрийн ажиглалт руу шилжсэн бол 109 хүн шинээр ажиглалтад орлоо. Ажиглалтад нийт 2794 хүн байна. 0-5 насын 163 хүүхэд, 104 жирэмсэн эмэгтэй, архаг хууч өвчтэй 307 хүн байгаа. Коронавирусийн сэжигтэй тохиолдол илрээгүй. Орон нутгийн 17 чиглэлийн галт тэргэнд төмөр замын нэгдсэн эмнэлгийн эмч, ажилтан ажиллаж, тандалт хийлээ. Коронавирусийн сэжигтэй тохиолдол илрээгүй. 119 дугаарын утсанд 109 дуудлага ирсэн байна. 119 шуурхай дугаарын аппликейшнд хоёр дуудлага ирсэн.
АНУ-д 60400 гаруй шинэ тохиолдол, 312 нас баралт нэмж бүртгэгджээ. Харин Бразил улсад 20200 гаруй шинэ тохиолдол, 733 нас баралт нэмж бүртгэгджээ. Тус улсын нийт батлагдсан тохиолдол өссөн дүнгээр 1 сая 884 мянга гаруй болжээ. БНЭУ-д 28700 гаруй шинэ тохиолдол нэмж бүртгэгдлээ.
БНСУ-д 33 шинэ тохиолдол нэмж бүртгэгджээ. Япон улсад 261 шинэ тохиолдол нэмж бүртгэгдсэн байна.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:
-ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн лабораторид нийт 168 хүнд шинжилгээ хийлээ. 155 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Харин 13 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Эдгээр иргэдийн арав нь Афганистанаас ирсэн Зэвсэгт хүчний дайчид бол ажиглах байранд тусгаарлагдаж байсан гурван хүний гурав дахь давтан шинжилгээнд коронавирус илэрлээ.
Сайн мэдээ нэг хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс дараагийн шатны сувилал руу шилжлээ. Тухайн иргэн нь 52 настай эмэгтэй, 46 хоног эмчлэгдээд гарлаа.
Манай нийт батлагдсан тохиолдол 243 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 204 боллоо. Харин эмчилгээнд 39 хүн байгаа.
Г.Мичидмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ