ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН иргэдээс ирсэн санал, судалгааны дүнг чиглэл болгон ажиллаж байна

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс иргэдийн сэтгэл ханамжийн асуумж судалагааг 2020 оны 07 дугаар сарын 01–08-ны өдрүүдэд цаасан болон цахим хэлбээр авсан ба үндсэн хоёр чиглэлээр иргэдийн сэтгэл ханамжийг тодорхойлсон байна.
Байгууллагын үйл ажиллагаа болон худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн талаар иргэдийн сэтгэгдэл, санал хүсэлтийг үйл ажиллагаандаа тусгах зорилготой юм. Тус судалгаанд нийт 800 орчим иргэд оролцсон ба долоо хоногийн турш өглөө, өдөр, оройн цагуудаар авсан байна.
Иргэдийн санал хүсэлт, шаардлагыг үйл ажиллагаандаа тусгах зорилготой “Цаашид үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн үйл ажиллагааг сайжруулахын тулд таны санал?” гэсэн асуулгад хамгийн их давтамжтайгаар ирсэн саналыг эрэмбэлбэл нэгдүгээрт шорлогны үйл ажиллагааг зогсоох, цэгцлэх, утаа, үнэргүй хоол, үйлчилгээ эрхлүүлэх гэсэн байна. Мөн эрүүл ахуйн шаардлага хангадаггүй, цэцэрлэгт хүрээлэнгийн ойр орчмын айл, оршин суугчдад шорлогны үнэр, утаа цонхоор орж ирдэг гэсэн хариултыг өгсөн байна. Хоёрдугаарт ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хүчил төрөгч ихээр ялгаруулдаг мод, бут, цэцэг тарих гэсэн бол гуравдугаарт гар дээрээс худалдаа наймаа эрхлэгчдийг болиулах, цэгцлэх гэсэн хариултуудыг хамгийн их давтамжтайгаар ирүүлсэн байна.
Цэцэрлэгт хүрээлэнгээр үйлчлүүлж байгаа иргэд ихэвчлэн орой болон өглөөний цагаар хамгийн их очдог бадавтагдсан тоогоор 64% нь алхах, 55% нь цэвэр агаар амьсгалах гэж хариулсан бол 36% нь дугуй унах, 33% нь гүйх, 30% нь хүүхдээ тоглуулах, 19% нь дасгал хийх, 13% нь спортоор хичээллэх зорилгоор үйлчлүүлдэг гэсэн хариулт өгсөн байна. Хамгийн бага хувийг зохиогдож буй арга хэмжээнд оролцох, хоол идэх, мод, зүлэг тарих, гэрийн тэжээвэр амьтан салхилуулах, байгаль орчноо хамгаалах, цэвэрлэх гэж хариулжээ.Үйлчлүүлж байгаа иргэдийн 60 гаруй хувь нь гэр бүлээрээ очдог бол 25 хувь нь найз нөхөд, хосоороо очдог гэсэн судалгааны дүн гарсан байна.
Мөн судалгаагаар “Цэцэрлэгт хүрээлэнд үйл ажиллагаа явуулж буй худалдаа үйлчилгээнд сэтгэл ханамжтай байдаг уу?” гэсэн асуултанд 80 гаруй хувь нь сайжруулах шаардлагатай гэж хариулсан бол “Нэн тэргүүнд сайжруулах шаардлагатай үйл ажиллагааны чиглэлийг нэрлэнэ үү” гэсэн асуултад нэгдүгээрт аюулгүй байдал, хоёрдугаарт худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн ажилчдын харилцаа, гуравдугаарт эвдрэл гэмтэл, ногоон байгууламжийн арчилгааг сайжруулах шаардлагатай гэж хариулсан байна.
Дээрх судалгааны үр дүн болон иргэдээс ирж буй санал хүсэлтүүдэд шуурхай арга хэмжээ авч, үйл ажиллагаандаа тусган ажиллаж байгаа юм байна.Иргэдийн сэтгэл ханамжид тулгуурлан үйл ажиллагаа явуулах, сайжруулах, өөрчлөх зорилгоор Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс сар бүр сэтгэл ханамжийн судалгааг авч байхаар болсон байна.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ