Даралт ихэссэн үед эмээ уугаад тайван байх хэрэгтэй

Зуны халуун өдрүүд үргэлжилж байна. Өнөөдөр Улаанбаатарт +33 хэмийн халуун болно гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлсэн. Ийм халуун өдрүүдэд даралт ихдэх тохиолдол их байдаг. Иймд Нийслэлийн түргэн тусламж төвийн их эмч Б.Батзулаас зарим зүйлийг тодрууллаа.
-Ойрын өдрүүдэд танайх түргэн тусламжийн дуудлага хэр байна вэ?
-Дулааны улирал эхлэхээр нийт Монголчуудад зүрх судасны өвчлөл давамгайлдаг. Зүрх судас дотроо халууны улиралд даралт ихдэх нэмэгддэг.
-Даралт ихсэх нь ямар шалтгаанаас үүдэлтэй вэ?
-Даралтын хэлбэлзэлд нөлөөлөх хүчин зүйл нь халуун бүгчим байдлаас гадна хүмүүсийн амьдралын хэв маяг нөлөөлдөг. Оройн цагаар махан хоол идэх, хэт их давсны хэрэглээгээ хянах ёстой. Даралтаа үзүүлээд даралт ихдэх өвчтэй гэдгээ мэдсэн хэр нь урьдчилан сэргийлэх эмийг тогтмол уудаггүй. Даралт ихсэхээр буюу зовуур илэрсэн хойно хэрэглэдэг. Энэ нь нэг ёсондоо харвах эрсдэлийг улам нэмэгдүүлж байдаг. Мөн дийлэнх Монголчууд эрүүл мэндийн боловсрол дутмаг. Тогтмол даралтаа үздэг хүмүүс ховор. Ихэссэн хойно нь тусламж авах гэдэг. Уг нь өмнө нь урьдчилан сэргийлэх арга хэрэглэх ёстой шүү дээ.
-Буруу хэвшлээс үүдэн даралт ихэсчихлээ. Энэ үед яах ёстой вэ уухгүй байсан даралтын эмээ уух нь зөв үү? Ихэнх хүмүүс ихэслээ гээд эмээ ууж харагддаг.
-Даралт ихэссэн үед эхлээд сандарч тэвдэлгүй өөрийгөө тайван байлгах хэрэгтэй. Дараа нь шилэн хүзүүн дээрээ хүйтэн жин тавьж цээжин биеэ босоо байлган, бүгчим халуун газар байгаа бол агаар сайтай сэрүүн орчинд даралтаа үзэж хэрэгтэй. Даралт ихэсдэг хүн ямар нэг зовуур илрэхээр миний даралт ихэсчихлээ гээд шууд эм уудаг. Эмээ уухаас өмнө даралтаа үзэх байсан. Наранд цохиулах зэрэг өөр төрлийн эмгэг илэрч байхад өнөөх эмээ уугаад даралтаа унагаачихсан тохиолдол гардаг. Тиймээс даралтаа үзэж хэвших, өөрийн хэвийн даралтаа мэдэж байх түүнээс гадна гэрээр авах арга буюу даралтаа үзээд ихэссэн бол эмээ уугаад аль болох тайван, сэрүүн орчинд байх хэрэгтэй.
-Даралт ихэссэн үед хэвтэж болдоггүй юм байна. Яагаад?
-Хэвтвэл тархи руу очих цусан хангамжийн ачаалал ихэсдэг. Тиймээс хэвтэж болохгүй аль болох босоо байрлалд байна.
-Дуудлагын үед хүндрэл гардаг уу?
-Харвалт өгөх аюултай шинж тэмдэг буюу тасралтгүй огьж бөөлжих, толгойгоор маш хүчтэй лугшиж өвдөх, биеийн аль нэг газраас цус алдах, гар хөл сулрах, бадайрах, зүрх рүү маш хүчтэй өвдөх, хэл ам ээдрэх, ухаан санаа балартсан тохиолдолд эмийн үйлчлэх хугацааг хүлээлгүй яаралтай дуудлага өгөх нь зөв. Энгийн шинж буюу шилэн хүзүү хөших, нүүр ам халуу дүгэх, толгой бага зэргийн өвдөх, дотор муухайрах зэрэг хөнгөн шинж тэмдгийн үед заавал түргэн тусламж дуудах шаардлагагүй. Манайхан ийм шинж тэмдэг илрэхээр эм уучихаад сандраад дуудлага өгдөг. Ачаалал ихтэй өдрүүдэд дуудлагын дагуу яваад очихоор зүгээр болчихсон сууж байдаг. Эмийн үйлчлэх хугацаа буюу 15-20 минут хүлээсний ар дээр зовуур буухгүй бол дуудлага өгнө. Энэ хооронд маш олон дуудлага хүлээгддэг. Авто осол, өндрөөс унасан, цус алдсан хутга шөвгөнд өртсөн гээд эмээр намжихгүй өвдсөн хүмүүс эмчийн тусламжийг хүлээж байдаг.
-Өнгөрсөн саруудад даралт ихэслээ гэсэн дуудлага хэчнээн ирсэн бэ?
-Нийслэлийн хэмжээнд даралт ихэслээ гэсэн дуудлага тавдугаар сард 2900, зургадугаар сард 2700, энэ сарын байдлаар 2400 гаруй ирсэн.
Э.Үүрийнцолмон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ