Маскнаас бүү татгалзаарай

Дэлхий дахинаа коронавирусийн халдвар тархаад хагас жил өнгөрчээ. Харамсалтай нь энэ хугацаанд вирусийн улмаас олон мянган хүн хорвоог орхиж, хагацал, харуусал мэдрүүлсээр байна. Харин манай улс дотооддоо халдвар алдаагүй цөөхөн хэдэн орны нэг. Манайд бүртгэгдсэн 287 тохиолдол, бүгд гаднаас зөөвөрлөгдсөн. Үүнээс одоогийн байдлаар 214 хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс дараагийн шат руу шилжсэн байна. Дараагийн шат гэдэг нь эмчлэгдэж эдгэрээд ХӨСҮТ-өөс гарч сувилалд 14 хоног ажиглалтад байна гэсэн үг. Хэрэв сувилалд байх 14 хоногийн хугацаанд лабораторийн шинжилгээгээр дахин коронавирус илрээгүй бол нийтийн өмнө гарч байгаа. Гэтэл эдгэрч сувилалд шилжсэн иргэдээс коронавирусийн халдвар дахин илэрлээ. Энэ зуны дэлгэр цагт халдвар, хамгааллаа сулруулж назгайрсан олон нийтэд түгшүүр төрүүлсэн. "Энэ бол зөвхөн манай улс гэлтгүй дэлхийн улс орнуудад ч илэрч байгаа" гэсэн албаны хүмүүсийн жижүүрийн тайлбар ч биднийг тайвшруулаагүй. Амны хаалтаа зүүж, гарын ариун цэврээ сахих хэрэгтэй гэсэн эрүүл мэндийн зөвлөгөө өдөр бүр ирж байгаа. Гэвч бид аливаа зүйлд хурдан дасамтгай бас уйдамхай. Манайд коронавирус халдварын эхний тохиолдол бүртгэгдэхэд нэг хэсэгтээ л хотын гудамж эзэнгүйрч, иргэд гэртээ байж, ажилдаа явсан ч аюулгүй байдлаа хангаж амны хаалт, гар ариутгагчтай явдаг байж. Гэтэл сүүлийн өдрүүдэд дотооддоо халдвар алдаагүй гэж хэнэггүйтэх нь хэтрээд ч байх шиг. Тиймээс гудамж талбай, нийтийн тээвэрт нөхцөл байдал ямар байгааг хүргэе.
Автобус
“Нэг хүн байна. Голоороо хойшоо яваад өгөөч” гэж сонсогдох автобусны жолооч ахын танил дуу хоолой. Жолоочийг ингэж хэлэхэд хэн ч “хэт их шахаад байна” гэж хэлэхгүй. Адилхан ажилдаа яараа байлгүй гэж бодно. Гэвч цар тахлын энэ үед хүн хоорондын зай 1,5-2 метр, хүн бүр амны хаалт зүүж халдвараас урьдчилан сэргийлэх үүрэгтэй. Манайд халдварын эхний тохиолдол бүртгэгдэхэд хүн хоорондын зайгаа баримталж, амны хаалт зүүж, автобус унаа хүртэл ариутгал халдваргүйжүүлэлтийг сайн хийж байлаа. Харин өнөөдөр нийтийн тээвэрт хүн хоорондын зай баримтлах нь битгий хэл, хөл тавих ч зайгүй “чихчихсэн” давхиж явна. Халууцаж, бачимдсан хүмүүс амны хаалтаа аваад шидчихнэ. Зарим хэнэггүй жолооч нь амны хаалт ч зүүгээгүй явж харагдана. Уг нь хамгийн эрсдэлтэй газар бол нийтийн тээвэр. Тиймээс нийтийн тээвэрт онцгой анхаарч, ариутгал, халдваргүйжүүлэлтээ тогтмол хийж, автобусны жолооч бүр амны хаалт зүүж, иргэн та ч хариуцлагатай байх хэрэгтэй.
Их хотын гудамж
Ажил тараад алхаж явна. Хотын гудамж хөл хөдөлгөөн ихтэй байлаа. УОК-ын зөвлөмжийн дагуу үйлчилгээний газруудыг хэсэгчлэн нээж байгаа. Амралт, аялал зугаалгаар яваагүй, явж амжаагүй байгаа хүмүүс талбай, үндэсний цэцэрлэгт хүрээлэнг зорьж, салхилах нь ч аргагүй юм. Гэвч зөрж өнгөрөх таван хүн тутмын хоёр нь амны хаалт зүүгээгүй явж байх юм. Харин ч бүр гартаа барьсан зайрмагуудаа хольж, солиод идэж байна. Тэр тусмаа бага насны хүүхдүүд амны хаалтгүйгээр олон дунд явж байгаа нь харамсалтай. Хэдийгээр зуны бүгчим халуунд амны хаалт зүүгээд явах нь хэн хүнд хэцүү байгаа ч өөрийнхөө болоод хайртай хүмүүсийнхээ төлөө тэсэхээс өөр аргагүй.
Энэ бүхнээс харвал амны хаалт зүүж, гараа ариутгах нь коронавирусээс хамгаалах хамгийн энгийн арга гэдгийг мэднэ. Гэвч бидний амьдралд энэ энгийн арга хэвшил болоогүй л байна. Аагим халуун өдрүүдэд ч олны дунд амны хаалтаа зүүцгээе.
Г.Мичидмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ