COVID-19: Европ дахин хязгаарлалт тавьж, БНАСАУ анхны тохиолдлын талаар зарлав

Ням гаригийн байдлаар дэлхий даяар коронавирусийн халдвар авсан хүний тоо 16 саяыг давав. Их Британи Испаниас ирсэн хүмүүсийг хоёр долоо хоногийн хугацаанд хөл хорионд байлгах журмыг дахин нэвтрүүлсэн бол Герман, Францад халдвар авсан хүний тоо дахин өсч, харин Хойд Солонгост коронавирусийн анхны тохиолдол бүртгэгдэв.
Британи: Хоёр долоо хоногийн тусгаарлалт
Испанид коронавирусийн халдварын тоо дахин өсч байгаа тул Британийн эрх баригчид энэ улсаас ирсэн хүмүүсийг 14 хоног өөрийгөө тусгаарлах журмыг дахин сэргээжээ. Энэ журам нь зөвхөн Англи, Уэльс төдийгүй Шотланд, Хойд Ирландад ч үйлчилж байгаа гэнэ.
Улмаар Британийн томоохон аялал жуулчлалын компани болох Tui ирэх сарын есний өдрийг хүртэл Испанийн амралтын газрууд руу аялах тасалбар худалдаалахаа зогсоожээ. Энэ нь баасан гаригт Испанид дахин халдвар дэгдэж, өдөрт 900 гаруй халдвар бүртгэгдсэнтэй холбоотой юм.
Испанийн El Pais сонины мэдээлснээр тус улсын 52 мужийн 30-д нь халдвар авсан хүний тоо дахин өсч байгаа гэнэ. Хөл хорионы хязгаарлалтуудыг цуцалснаас сарын дараа энэ улсын Барселона, Сарагоса, Мадридад халдвар авсан хүний тоо дахин өссөн байна. Зургадугаар сард Испанид COVID-19 халдварын тохиолдол улс даяар өдөрт 250 орчим бүртгэгдэж байсан бол өнгөрсөн долоо хоногт өдөрт л 1,5 мянган тохиолдол бүртгэгдэх болжээ. Харин ПЦР тест эерэг гарах тохиолдол зургадугаар сард ердөө нэг хюв байсан бол долдугаар сард 2,6 хувь болон өссөн гэсэн судалгааны дүн гарсан байна.
Улмаар Каталоны эрх баригчид ойрын хоёр долоо хоногийн туршид бүхий л шөнийн цэнгээний клуб, бааруудыг хаах шийдвэр гаргасан бол Барселонад наран шарлагын газруудыг хааж, соёлын болон спортын арга хэмжээнүүдийг цуцлан, 10-аас дээш хүн нэг дор цугларахыг хоригложээ.
Европ түгшив
Испанид үүссэн нөхцөл байдал Европын бусад орнуудыг түгшээв. Британиас гадна Норвеги улс Испаниас ирсэн хүмүүсийг хөл хорионд байлгах шийдвэр гаргасан бол Францын эрх баригчид иргэдэд Каталони руу зорчихгүй байхыг зөвлөжээ. Харин Бельги улс иргэдээ Испанийн Уэск, Льед хотууд руу зорчихыг хориглосны дээр бусад хотууд руу зорчихгүй байхыг зөвлөсөн байна.
Өнгөрсөн долоо хоногт Европын холбооны олон оронд халдварын тоо дахин өссөн ч эдгээр орнуудын ихэнх нь хатуу хязгаарлалтыг дахин авч хэрэгжүүлэхээс одоогоор зайлсхийн, харин зорчих хөдөлгөөнд хязгаарлалт тавьсан хэвээр байна.
Австри улс халдварын нөхцөл байдал таагүй орнуудаас ирж буй хүмүүст тавих шаардлагаа чангатгаж, 32 орноос ирж буй хүмүүсийг коронавирусийн тест өгсөн байхыг шаардаж байгаа аж.
Хойд Солонгост анхны тохиолдол бүртгэгдэв
БНАСАУ "коронавирусийн сэжигтэй анхны тохиолдол" бүртгэгдсэн талаар мэдээллээ. ВВС агентлагийн мэдээлснээр, халдвар авсан хүн нь гурван жилийн өмнө Өмнөд Солонгос руу дүрвэсэн ч саяхан цэрэггүй бүсээр дамжин эх орондоо ирсэн хүн гэнэ.
Халдварын анхны тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотойгоор тус улсын удирдагч Ким Жон Ун танхимынхаа гишүүдтэй онц хурал зарлан хуралдуулж, хилийн бүсд байх Кэсон хотод хөл хорио тогтоожээ. Өмнө нь тус улсад халдвар огт гараагүй гэж тус улс мэдэгдэж байсан ч шинжээчид энэ мэдээлэлд эргэлзээтэй ханддаг юм.
ВВС агентлагийн мэдээлснээр, дүрвэгч онцгой хамгаалалттай бүсээр хэрхэн нэвтэрснийг тодруулах үүргийг Ким Жон Ун өгсөн бөгөөд буруутай этгээдийг хатуу шийтгэнэ гэж мэдэгдсэн байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ