Завьчин А.Мөнхгал: “Хүмүүсийн айсан, хөөрсөн, догдолсон мэдрэмж бүр миний ажил”
2020-07-28

Хөдөө хийх ажил олдохгүй гээд хотыг бараадах залуус цөөнгүй. Гэтэл нутагтаа л амьдрах хүсэл тээсээр их хотоос эргэж ирээд буйдхан сууриндаа бүтэн жаргалтай амьдарч яваа залуу гэр бүл ч байна.

 

Гэрэл зургийг А.Эрхэмбаяр

 

Хөвсгөл аймгийн уугуул А.Мөнхгал Улаанбаатар хотод, ШУТИС-д инженер мэргэжил эзэмшиж төгсчээ. Хот газар сэтгэл дасаагүй тул инженерийн дипломоо өвөртлөн, эхнэрээ хөтлөөд Хөвсгөл нутгаа зорьсон тэрбээр өдгөө тав дахь жилдээ завь жолоодож буй. Гэр нь далайн эрэгт, ажил нь далай дунд. Албан тушаал нь аялал жуулчлалыг хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж яваа залуухан завьчин. 

 

Хөдөллөө. Хүслийн хад орлоо. Буцаж ирээд зорчигчдоо буулгалаа. Нэг хүний 20-40 мянган төгрөг. Амархан мөнгө олж болох боломжийн бизнес мэт. Гэвч аливаа бүхэн харагдаж буй шигээ тийм ч хялбар биш.

 

Завьчин болохын тулд эхлээд мэргэжлийн хичээл заалгана. Үүний дараа шалгалт өгч тэнцсэн тохиолдолд завь жолоодох эрхийн үнэмлэхээ авдаг аж. Сургалтыг Далайн захиргааны газраас зохион байгуулдаг бол шалгалтыг ОХУ-аас мэргэжлийн хүмүүс ирж авдаг байна. Дараа нь завь худалдаж авна. Нэг завь 70 орчим сая төгрөгийн үнэтэй гэнэ.

 

Гэрэл зургийг А.Эрхэмбаяр

 

Үндэсний их баяр наадмын таван хоногийн амралтаар хэн хүнгүй л Хөвсгөл тийш сэтгэл тэмүүлдэг тул энэ өдрүүдэд А.Мөнхгал хамгийн завгүй, ачаалалтай ажилладаг байна. Өглөө 08.00 цагт далайд гараад орой 22.00 цагт гэртээ харьдаг аж. Хүмүүсийн айсан, хөөрсөн, цочирдсон зэрэг мэдрэмж бүрээс ажиллаад л байх хүсэл, тэмүүлэл тээдэг тухай А.Мөнхгал ярьсан. Мөн далайн давалгаа маш хатуу тул өдөржин давалгаанд цохиулах нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Далайд 10-20 жил завь жолоодсон хүмүүс ихэвчлэн нурууны өвчтэй болдог тухай тэр хэлж байлаа.  Гэхдээ тэрбээр ажлаа хүнд, хэцүү гэж огтхон ч гомдоллоогүй болохыг дурдах нь зүйтэй. 

 

Хатгалын эрэгт өссөн хүү багаасаа ахтайгаа хамт сэлүүрт завиар жуулчдад үйлчилсээр хязгаар үгүй цэнхэр далайдаа дурлажээ. “Зундаа моторт завиар, өвөлдөө морь чаргаар жуулчдад үйлчилдэг. Өвөл, зуны алинд ч аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чадах чинээгээрээ хувь нэмэр оруулж байгаа гэж боддог. Миний бодлоор хүмүүст үзүүлж сонирхуулах зүйлсийг илүү нэмэх хэрэгтэй гэж хардаг. Мөн хөдөө орон нутагт хүмүүс ажил олдохгүй, амьдрахад бэрх байна гэдэг. Гэхдээ залхуудаа ажилгүй байгаа юм биш. Аль нэг байдлаар хөдөлмөр эрхлэх, үйлдвэрлэл эхлүүлэх хүсэл байгаа. Эдийн засаг талаас нь жаахан дэмжээд өгвөл л болох юм шиг надад санагддаг” гэж завьчин А.Мөнхгал хэлсэн.

 

Гэрэл зургийг А.Эрхэмбаяр

 

Тэрбээр эхнэр, хүүгийн хамт Хатгалын эрэгт амьдардаг. Хүү нь ой нэг сартай. “Орой хүүгээ санасаар гэртээ орох хамгийн сайхан. Гэр бүлдээ эсэн мэнд харихын тулд мөн өөрийн болон бусдын амь насыг хариуцаж байгаа учраас аюулгүй байдал хамгийн чухал гэдгийг тэр онцолж байлаа.  Түүний завины бүхээгэн дээр “Яараад яах вэ дээ” гэсэн бичиг наалттай байх нь хариуцлагатай жолооч болохыг нь илтгэж байв. 

 

Нар салхинд борлож гандсан ч нүдээрээ инээсэн төрх, залуу насаараа гоёсон эгэл даруухан инженер “капитан”-ы холын мөрөөдөл, хүсэл бүхэн нь дардан байг ээ.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Naizdaa ajln amjilt ,ger bvld n az jargl ervvl enhg hvsey.Mundg bnshdee
2020-07-30
Saihan, muruudul duuren amidarch bgaa huu bnadaa. Ger buld n az jargal husye. Ayulgui baidal hamgiin chuhal shuu
2020-07-28