Т.Бат-Эрдэнэ: Солонгост эмчлүүлэх дөрвөн хүний визний асуудал шийдэгдээгүй байгаа

img

 

ГССҮТ-ийн Түлэнхийн тасгийн эрхлэгч Т.Бат-Эрдэнэ цаг үеийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.

 

-Танай төвд өдөрт хичнээн дуудлага ирж байна вэ? Ачаалал хэр байна.

 

-Манайд эмнэлэгт өдөрт 400-450 орчим хүн хүлээн авахаар үйлчлүүлж байна. Зуны улиралд хүлээн авахын ачаалал ихэсдэг ч энэ зун баар, караоке ажиллаагүй болохоор харьцангуй бага байна. Ачаалал ихтэй өдөрт дуудлага 500 орчимд хүрдэг. Багадаа 370 орчим дуудлага ирдэг. Үүнээс 20-30 хувь нв түлэгдэж гэмтэж байна.

 

-Дулааны улиралд ихэвчлэн ямар төрлийн гэмтэл зонхилдог вэ?

 

-Зам тээврийн, барилга үйлдвэрийн, ахуйн хүрээний, архидан согтуурснаас үүдэлтэй осол гэмтэл их байдаг. Мөн хөдөө гадаа явж байгаад аваар осолд өртөхөөс гадна хорхог боодогны шөлөнд түлэгдэх тохиолдол цөөнгүй гарч байна. Сүүлийн үед уул хаднаас унах, могойд хатгуулах зэрэг гэмтэл ихсэж байна. Мөн үйлчилгээний газруудын цаг уртассантай холбогдон хөл хөдөлгөөн ихсэж архидалт, зодоон нүдээнтэй холбогдох гэмтлүүд ихсэж байна.

 

-Гэмтэл осол гэмтлийг бууруулахад юуг анхаарах вэ?

 

-Монголчуудын хэнэггүй байдал, архидан согтуурал, хууль дүрмээ баримтлаагүйгээс болж гэмтэл гардаг. Гэмтлийн асуудлыг бууруулахыг тулд Монголчууд хууль дүрмээ баримталдаг байхад болох зүйл. Жолооч нар замын хөдөлгөөний дүрмээ баримталвал зам тээврийн осол буурна. Үүнтэй л адил.

 

-Могойд хатгуулсан тохиолдолд ямар шинж тэмдэг илэрдэг вэ? Зарим хүмүүс могойд хатгуулснаа мэдэхгүй, хүндрүүлсэн байдаг.

 

-Могойд хатгуулбал хатгагдсан шарх үүсэхээс гадна өвдөж хавдаж улайна. Могойн хорын нөлөөгөөр дотор чухал эрхтний үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлдэг. Жишээ нь Зөвхөн гарын эрхий хуруугаа хатгуулсан байлаа гэхэд гарын бугалга руу болон гарын хуруунууд хавддаг. Яаралтай тусламж авахгүй бол маш аюултай. Могойн хороос болж тухайн хэсэг нь хавдаж цусан хангамжийг барьчихдаг. Тэгэхээр тэр хэсэгт үхжилт явагдана. Үхжил нь дотор эрхтнээр дамжиж бие организм эрхтний үйл ажиллагаанд маш сөрөг нөлөө үзүүлдэг. Иймээс амь насанд аюултай. Хэрэв могойд хатгуулбал нэгээс хоёр цагийн дотор хавдана.

 

-Эмч ирэхээс өмнө анхан шатны ямар тусламж үзүүлж болох бол?

 

-Нэгдүгээрт шарханд цэвэр боолт хийж хүйтэн жин тавина, өвчин намдаах эм ууна. Шингэх зүйл сайн ууна, мөчдийг хавдахаас сэргийлж сойно. Хамгийн гол нь оролдож болохгүй. Яаралтай эмнэлэгт хандах чухал. Могойд хатгуулахгүй байх боломжтой. Иргэд хөдөө гадаа явахдаа хөл нүцгэн эсвэл сандаал өмсдөг. Түрийтэй гутал, зузаан материалтай хувцас өмсөх нь могойд хатгуулахаас хамгаална. Мөн могойгоор оролдохгүй байх нь чухал. Хүүхэд багачууд могойг мэдэхгүй барьж авах гэдэг. Үүнээс болж хатгуулсан тохиолдол цөөнгүй.

 

-Түлэнхийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүс дунд хүүхдүүд голцуу харагдаж байна. Хичнээн хувийг хүүхдийн гэмтэл эзэлдэг вэ?

 

-Түлэгдэлтэд хүүхэд өртөх нь их байдаг.  50 орчим хувийг хүүхдийн түлэгдэлт эзэлдэг. Ихэвчлэн эцэг эхийн хараа хяналт суларснаас болон хэнэггүй зангаас болдог. Голдуу  1-5 настангууд их түлэгддэг. Тиймээс эцэг эхчүүд хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах хэрэгтэй.

 

-Цагаан давааны замд осолдож, гэмтэн түлэгдсэн иргэдийн биеийн байдал хэр байна вэ?

 

-Цагаан давааны ослын улмаас дөрвөн гэр бүл ирсэн. Үүнээс харьцангуй хөнгөн түлэгдэлтэй 1 гэр бүлийн хоёр хос эмнэлгээс гарсан. Дөрвөн сартай хүүхдийн хувьд ээж нь хамаг хувцсаараа боож биеэрээ халхлан галаас гарсан учир харьцангуй бага түлэгдэлтэй байсан. Иймээс биеийн байдал нь дээрдэж эмнэлгээс гарсан.  Бусад хүмүүсийн биеийн байдал хүнд байна.

 

-Хүнд түлэгдсэн дөрвөн хүнийг Солонгос улсад эмчлүүлнэ гэж байна. Хэзээ явах вэ?

 

-Эдгээр хүмүүсээс дөрвөн хүний биеийн байдал  хүнд байгаа учир Солонгос улс руу явах хэрэгтэй болсон. Манайхаас хяналтаар нэг эмч, нэг сувилагч хамт явна. Наймдугаар сарын нэгнээс явахаар төлөвлөж байгаа. Гэхдээ одоогоор тодорхойгүй байна. Визний асуудал нь шийдэгдээгүй байгаа.

 

-Энэ хүмүүст ямар эмчилгээ хийж байна вэ? Шаардлагатай эм, тариа манайд бий юу?

 

-Шаардлагатай эмчилгээг стандартыг дагуу авч байгаа. Арьс нөхөх хагалгаа болон дараагийн шатны түлэнхийн яаралтай хагалгаануудад орсон. Эмчилгээг үргэлжлүүлэн хийж байна.

 

-Эдгээр иргэдийн сэтгэлзүй ямар байна.

 

-Маш хүнд байгаа. Сэтгэл засах эмчилгээг хийж байгаа.

 

-Гадаадад эмчлүүлбэл эдгэрэх бүрэн боломжтой юу? Эмчилгээний зардал, санхүүжилтийг яаж хаанаас гаргаж байна вэ?

 

-Бүрэн эдгэрэх боломжтой гэж хэлэхэд хэцүү ч эмчилгээний  үр дүн сайн байх болно. Зардал мөнгөө хувиасаа гаргаж байгаа.

 

Хандивын данс: Очбаярын Цэнгэл Хаан Банк – 5021715838 Голомт банк – 2205040025 Худалдаа Хөгжлийн Банк – 472008534  Холбогдох утас: 95452112   Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай!

Э.Үүрийнцолмон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ