А.Амбасэлмаа: 14 хүн эдгэрч, 615 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.08.05/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, Эрүүл мэндийн яамны тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов.
Дэлхийн 216 улс оронд коронавирусийн халдвар бүртгэгдлээ. Нийт 18 сая 434 мянган хүн халдвар авч, 699 мянган хүн нас баржээ. Сүүлийн 24 цагийн байдлаар өвчлөл 219 мянга гаруйгаар нэмэгдсэн байна.
Манай улсад ажиглалтаас 25 хүн гарч гэрийн ажиглалт руу шилжсэн бол 74 хүн шинээр ажиглалтад орлоо. Ажиглалтад нийт 2823 хүн байна. Орон нутгийн 11 чиглэлийн галт тэргэнд төмөр замын нэгдсэн эмнэлгийн эмч, ажилтан ажиллаж, 5000 гаруй хүнд тандалт хийлээ. Коронавирусийн сэжигтэй тохиолдол илрээгүй.119 дугаарын утсанд 103 дуудлага ирсэн байна. 119 шуурхай дугаарын аппликейшнд нэг дуудлага ирсэн.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:
-ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул аймгийн лабораторид нийт 615 хүнд шинжилгээ хийлээ. Коронавирус илрээгүй.
Эдгээр шинжилгээг задалж хэлбэл, долдугаар сарын 15-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн хүмүүсийн давтан шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдсан хоёр хүний давтан шинжилгээ, ажиглах байранд ажиллаж байгаа 19 эмч ажилчдын шинжилгээ, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 28 ачаа тээврийн жолоочийн шинжилгээ, Сэлэнгэ аймагт тусгаарлагдаж байсан хоёр хүний шинжилгээ, Замын-Үүд боомтоор ачаа тээврийн үйл ажиллагаа явуулж байгаа 100 жолоочийн шинжилгээ, додугаар сарын 21-нд Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн хүмүүсийн давтан шинжилгээ, тандалтын зорилгоор авсан 16 хүний шинжилгээ байна.
Сайн мэдээ 14 хүн эдгэрч дараагийн сувилал руу шилжлээ. Эдгээр иргэд нь долдугаар сарын 12, 14-нд ирсэн энхийг сахиулагчид байна.
Манай улсын нийт батлагдсан тохиолдол 293 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 244 боллоо. Харин эмчилгээнд 49 хүн байгаа. Биеийн байдлаар нь үнэлбэл 46 хүн хөнгөн, гурван хүн хүндэвтэр байна. ХӨСҮД- 72 хүн эмчилгээ тандалтад байна. Коронавирусийн халдвар авч эдгэсэн нийт 244 хүний 31 нь сувиллын тандалтад байгаа бол гэрийн ажиглалтад 44 хүн байгаа. Харин 169 хүний хяналт тандалтын хугацаа дууссан. Манай батлагдсан нийт тохиолдлын 72 хувь нь оюутан бол 12 буюу 5,5 хувь нь сурагчид байна. Хүйсийн хувьд эрэгтэй хүйс илүүтэй. Дундаж нас нь 26,7 байна гэлээ.
Г.Мичидмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ