Г.Нэргүй: Тээврийн товчоод болон бусад замууд дээр эргүүл ажиллаж байна
2020-08-06



Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй цаг агаарын байдлаас улбаатай гол усны үерээс урьдчилан сэргийлэх ажилд онцгой анхаарч ажиллаж байгаагаас гадна тарваган тахлаас сэргийлэхийн тулд хийгдэж буй тодорхой ажлуудын талаар мэдээлэл өглөө. 


Түүний өгүүлснээр, наймдугаар сарын 15-10 сарын 15-ыг хүртэл Нийслэлийн авто тээврийн товчоодыг түшиглэн 24 цагаар гурван  ээлжээр хяналт үзлэг тандалтын эргүүл гарах захирамж гарсан. Авто тээврийн товчоодоос гадна нэмэлтээр  Тэрэлж, Гачуурт, Өлзийт зэрэг зургаан постод хяналт эргүүл гарч ажиллах юм байна. Мөн “хулгайн зам” гэгддэг  баталгаат бус замаар хөдөлгөөнт эргүүлүүд гарч, хяналт шалгалт хийх аж.  Тиймээс иргэд зөвшөөрөлгүй тарвага тээвэрлэж явахгүй байхыг анхааруулжээ.


Мөн гэнэтийн шалгалтаар БГД-ийн нэгдүгээр худалдааны төвд иргэн Б- хоёр  тарваганы мах худалдаалах гэж байсныг наймдугаар сарын тавны өдөр илрүүлсэн байна. Түүнчлэн Налайх  дүүрэгт  Алдар-Улааны худгийн дэргэд үхсэн тарвага байсныг олж ойролцоох 100м орчныг ариутган халдваргүйжүүлж, Зооноз судлалын төвд  хүлээлгэн өгчээ. Тарваган тахал өвчнөөс сэргийлэхийн тулд агнахгүй байх, түүхий мах эд эрхтнийг эрүүл мэндийн зориулалтаар хэрэглэхгүй байх, үхсэн тарвага таарсан тохиолдолд мэргэжлийн байгууллагад мэдэгдэх, Улаанбаатар хотод оруулж ирэхгүй, сэг зэмээр нь оролдохгүй байхыг зөвлөж байна.


Үерээс сэргийлэх зорилгоор өглөөний 9-21.30 цаг хүртэл  завьт болон хөдөлгөөнт эргүүл гол орчмын бүсээр эргүүл хийж, иргэдийг усанд осолдохоос сэргийлж байгаа талаар Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй мэдээллээ. Сүүлийн өдрүүдэд Туул голын усны түвшин 10-25 см нэмэгдсэн тул иргэд голын усанд орох, бага насны хүүхдүүдийг хараа  хяналтгүй орхидог байдалдаа хяналт тавих мөн архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг зөвлөв.

 

Э.Үүрийнцолмон

Shuud.mn
Сонин хачин