Турк дахь Монгол иргэн: “Чийгтэй байранд хүүхэд шингэн алдаад бид туйлдаж байна”

www.shuud.mn сайт цар тахлын энэ үед гадаадад сурч, ажиллаж амьдарч байгаа Монгол иргэдтэй онлайнаар холбогдож цаг үеийн асуудлаар цуврал ярилцлага хүргэж байгаа. Энэ удаагийн зочноор Бүгд Найрамдах Турк улсын Истанбул хотод ажиллаж, амьдарч байгаа Ч.Солонгыг урьж, Бүгд Найрамдах Турк улс дахь нөхцөл байдлын талаар цөөн хором ярилцсанаа хүргэе.
-Сайн байна уу? Бүгд Найрамдах Турк улсад ажиллаж, амьдраад хэдэн жил болж байна вэ?
-Сайн сайн байна уу? Бүгд Найрамдах Турк улсад хоёр жил гаруйгийн хугацаанд ажиллаж, амьдарч байна. Энэ жил нутаг буцах төлөвлөгөөтэй байсан юм. Цагаан сар өнгөрөөгөөд гэртээ харих гэсэн боловч коронавирус, цар тахлын улмаас боломжгүй болсон. Хэдийгээр ажил хийдэг байсан ч цар тахал, хөл хорионоос шалтгаалж гуравдугаар сараас ажилгүй боллоо. Турк улсад зургадугаар сараас эхэлж ажлын байр бий болсон ч гадаад иргэдийг ажилд авахгүй байгаа. Учир нь энэ хэцүү үед ямар ч газар өөрийн хүмүүсээ л ажилтай, орлоготой байлгах гэнэ шүү дээ. Хүний нутагт амьдарч байгаа учраас бүхий л үйлдэл мөнгөөр хэмжигдэж байна. Ажиллаж байхдаа илүүчилж хураасан хэдэн төгрөгөө хэрэглэж дууслаа. Байрны түрээс, хоол ундны мөнгөгүй болж гээд л бараа бүтээгдэхүүний үнэ өсөөд бүр ч хэцүү байна. Гадаадад ажиллаж амьдарч байгаа гэхээр хэдэн сая төгрөгийн цалин авч, элбэг байдаг гэж боддог. Гэтэл тийм биш шүү дээ. Хэрэглээний зардалдаа таардаг.
-Бүгд Найрамдах Турк улс дахь өөрийн улсын ерөнхий консулын газар ямар арга хэмжээ авч байна вэ? Иргэддээ тусламж, дэмжлэг үзүүлж байна уу?
-Нутаг буцах хүсэлтээ гуравдугаар сарын 24-нд гаргасан. Консулын газарт өдөр бүр очиж, нутаг буцах хүсэлтээ илэрхийлж байна. Консулын газраас “Бид, нутаг буцах хүмүүсийг бүртгэдэг. УОК шийддэг гэсэн” тайлбарыг тавьсаар л байна. Бид түүнийг ойлгож байгаа ч бидний дуу хоолой болж, хэд хэдэн нислэг үйлдээч гэсэн хүсэлтийг тавьж өгнө үү гэж хүссээр л байгаа. Консулын газраас Турк улсаас нутаг буцах хүсэлтээ илэрхийлсэн хэдэн хүн байгаа талаар асуухад "мянган хүн" байна гэж хариулсан. Гэтэл Турк улс руу маш цөөхөн удаа нислэг үйлдэж байна. Энэ тоо цөөхөн нислэг үйлдэх шалтгаан биш. Биднийг тусгай үүргийн нислэгээр авна гэж найдаж, хүлээж байгаа ч үнэхээр цөхөрч байна. Төр засагтаа гомдож байна. Элэг нэгтнүүддээ гомдож байна. Төр засаг биднийг мөнгө гэж харин монголчууд маань биднийг коронавирус гэж харж байгаа. Бид газраар дамжиж явах боломж байгаа эсэх талаар ОХУ-ын Элчин сайдын яаманд хандсан. ОХУ-ын Элчин сайдын яамнаас өөрийн улсын иргэдийг авч байгаа, газраар дамжин өнгөрөх боломжгүй. Монгол улсын консулын газар хандаарай гэсэн. Бид тусгай үүргийн нислэгт багтах хүртлээ, гадаа байсаар байх болно. Өнөөдрийн байдлаар арав гаруй иргэд консулын газрын гадаа байна. Бид эндээ хононо. Хүний нутагт очих газаргүй бид өөрийн консулын газар хандахгүй өөр хаана хандах вэ.
Консулын газраас бидэнд ямар ч дэмжлэг, туслалцаа үзүүлээгүй. Тусламжийн мөнгө ирсэн гэсэн сураг сонсогдсон. Гэтэл яаж тараагдсан нь тодорхой бус. Бидэнд дэмжлэг үзүүлэхгүй байгаа нь бидэнд бүр ч хэцүү байна.
-Бүгд Найрамдах Турк улсад байгаа монголчуудын амьдрал ямар байна вэ?
-Хэцүү байна. Бид консулын газрын өмнө суулт зарлаад нилээд хэд хонож байгаа. Ахмад настан, бага насны хүүхдүүд, эрүүл мэндийн шалтгаантай хүмүүс байна. Энд байгаа хүмүүс санхүүгийн хүнд нөхцөлд орж, гудамжинд хонох эсвэл байрны түрээсийн хугацаа нь дуусаагүй нэг айлдаа олуулаа очиж хамт байх зэргээр л өдөр хоногийг өнгөрөөж байна. Бид тусгай үүргийн нислэгээр үнэгүй аваач гээгүй. Онгоцны зардал, тусгаарлах байрны зардлаа төлөөд эх орондоо харихыг л хүсэж байна. Бидний амьдарч байгаа газар байрны доод давхар учраас маш их чийгтэй. Тиймээс бага насны хүүхдүүд шингэн алдаж байна.
-Баярлалаа. Эрүүл энх, сайн сайхныг хүсье.
Г.Мичидмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ