А.Амбасэлмаа: 621 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй


Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.08.10/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, Эрүүл мэндийн яамны тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов.
Дэлхийн 216 улс оронд коронавирусийн халдвар бүртгэгдлээ. Нийт 19 сая 736 мянган хүн халдвар авч, 731 мянган хүн нас баржээ. Сүүлийн 24 цагийн байдлаар өвчлөл 273 мянга гаруйгаар нэмэгдсэн байна.
Манай улсад ажиглалтаас 26 хүн гарч гэрийн ажиглалт руу шилжсэн бол 289 хүн шинээр ажиглалтад орлоо. Ажиглалтад нийт 3358 хүн байна. 119 дугаарын утсанд 98 дуудлага ирсэн байна. 119 шуурхай дугаарын аппликейшнд нэг дуудлага ирсэн.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:
-ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн лабораторид нийт 621 хүнд шинжилгээ хийлээ. Коронавирус илрээгүй.
Эдгээр шинжилгээг задалж хэлбэл,энэ сарын 9-нд Франфурт-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 260 хүний шинжилгээ, долдугаар сарын 21-нд Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 262 хүний давтан шинжилгээ, ажиглах байранд байгаа таван хүний шинжилгээ, 30 эмч, ажилчдын шинжилгээ, цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдаж байгаа 11 хүний давтан шинжилгээ Дархан-Уул аймагт тусгаарлагдаж байгаа 36 хүний шинжилгээ, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 16 ачаа тээврийн жолоочдын шинжилгээ байна.
Манай улсын нийт батлагдсан тохиолдол 293 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 263 боллоо. Харин эмчилгээнд 30 хүн байгаа. Нийт эдгэрээд гарсан 263 хүний 47 нь сувиллын ажиглалт тандалтад байгаа бол 23 хүн гэрийн ажиглалт тандалтад байгаа. Ажиглалт тандалтын хугацаа дууссан 193 хүн байна.
Г.Мичидмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ