Урт нэртэй төслийн ҮР ДҮНД...
-Биологийн олон янз байдлын хамгаалал нь бүгдийг хайрлахын нэр-
2019 онд нийтлэгдсэн НҮБ-ын тайланд биологийн олон янз байдал урьд өмнө байгаагүй хурдтайгаар устаж, “дэлхийн аль ч өнцөгт байгаа хүний амьдралд маш ноцтой нөлөөлөх хэмжээнд хүрээд байна" гэж онцолжээ.
Тэгвэл биологийн олон янз байдал гэж юу вэ. Энэ хүн төрөлхтөнд хамаатай юу? Онолд “Хуурай газар, далай тэнгис, усны экосистемүүд эдгээрийг агуулж буй экологийн иж бүрдлийг оролцуулсан бүхий л эх үүсвэрээс гаралтай амьд организмын хувьсан өөрчлөгдөх оршихуйн чанарыг хэлнэ” гэж тодорхойлжээ.
Манай дэлхийн амин чухал экосистемийн нэг болох ойн сан нь хуурай газрын гуравны нэгийг эзэлж ургамал, амьтан, шавж хорхойн төрөл зүйлийн амьд организмын 80 гаруй хувийнх нь амьдрах орчин болдог байна. Ой болон бусад эмзэг экосистемийг тогтвортой удирдаж, нөөцийг зөв ашиглах нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх нэн тэргүүний ач холбогдол аж. Тэгвэл энгийнээр тайлбарлавал ой мод, ан амьтан, ургамал гээд бүгдийг хайрлаж чадвал тэр нь биологийн олон янз байдлын хамгаалал болох нь.
Харамсалтай нь ой хээрийн түймэр, хөнөөлт шавж, ашигт малтмалын хэт олборлолт, нөөцийн зохисгүй менежмент, уур амьсгалын өөрчлөлт зэргээс үүдэн ойн мод устах, доройтох аюул Монгол Улсад ч нүүрлээд байна. Эдгээр эрсдэлд биологийн олон янз байдал хамгийн их өртөж, экосистемийн тэнцвэрт байдал алдагдахад хүрчээ.
Иймд ойн санг, амьтдыг, ургамлыг бүхэлд нь хайрлаж, хамгаалах зорилго бүхий уртаас урт нэртэй нэгэн төсөл манай улсад зургаан жилийн турш хэрэгжжээ.
Тодруулбал НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр нь “Ой бүхий аймгуудын биологийн олон янз байдлын хамгаалал, ойн тогтвортой менежмент, нүүрстөрөгчийн хуримтлалыг нэмэгдүүлэх нь” төслийг хэрэгжүүлсэн байна. Энэ төслийн хүрээнд ойн нөхөн сэргээлт, ойжуулалтыг дэмжин, ойн доройтлоос урьдчилан сэргийлэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай үр бүтээлтэйгээр хамтран ажиллажээ. Урт нэрнийхээ адил урагштай, үр дүнтэй хэрэгжсэн энэ төслийн хаалт Хэнтий аймгийн Биндэр суманд боллоо. Зургаан жилийн турш хэрэгжсэн энэ төслийн зорилго нь өнөө болон ирээдүй хойч үеийнхээ төлөө ширхэг мод бүрийг хийгээд түүнийг хүрээлэн буй амьд бичил организм бүрийг хайрлан, хамгаалахад чиглэжээ.
Төсөл Монгол Улсын таван аймаг, 27 суманд хэрэгжсэн. Монголын байгалийг хамгаалах үйлсэд НҮБ-аас 3.5 сая ам.доллар зарцуулжээ. Зөвхөн байгаль хамгаалаад зогсохгүй нутгийн айл өрхүүдийн амжиргааг дэмжиж ойгоо хамгаалж хариуд нь “хаягдал” модоор үйлдвэрлэл эрхлэх тоног төхөөрөмжөөр хангаж өгсөн байна.
Энэ талаар НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра “Монгол улс маш үзэсгэлэнтэй онгон, дагшин байгальтай. Гэвч цаг агаарын эрс тэс уур амьсгалтай. Тийм учраас цаг уурын өөрчлөлтөд илүү өртөмтгий. Үүнийг нэг аргаар шийдэхэд хүндрэлтэй учраас байгальд ээлтэй байдлаар өөрчлөлтийг авчрахын төлөө ажиллаж байна. Цар тахлын үед Монгол Улс халдвараас маш амжилттай хамгаалж байна. Гэвч нөгөө талдаа нийгэм эдийн засагт хүндрэл учирч байгаа. Энэ цаг хугацааг аль болох байгальд ээлтэй даван туулаасай гэдэг үүднээс Монгол Улсын Засгийн газартай хамтран биологийн олон янз байдлыг хамгаалах чиглэлээр ажиллаж байна. Монгол Улс эко аяллыг хөгжүүлэхэд маш тохиромжтой. Тиймээс эдийн засгийг нөхөн сэргээхдээ ногоон салбарт ажлын байрыг нэмэгдүүлэхийн төлөө илүүтэй зорин ажиллаж байгаа” гэлээ.
2014 оноос эхэлсэн энэ төсөл Хэнтий, Дархан-Уул, Хөвсгөл, Булган зэрэг таван аймагт хэрэгжсэн байна. Хэнтий аймгийн хувьд 80.3 мянган метр квадрат нутаг дэвсгэртэй. Газар нутгийн 21.7 хувийг буюу 1 сая 756 мянган га талбайг ойн сан эзэлдэг байна. Энэ ойн сан нь маш өвөрмөц, ховор зүйлүүдтэй аж. Тухайлбал Монгол Улсын улаан номонд орсон дагуур шинэс, крыловын нарс нь зөвхөн тус газарт тархсан. Онон Балжийн байгалийн цогцолборт газар нутгийн 36.3 хувь буюу 1435,9 км2 талбайг ой эзэлж байгаагаас 51.7 хувь нь шинэс, 32.3 хувь нь хус, улиас, 16 хувь нь нарсан ой аж.
Нарсан ойг хамгаалах чиглэлээр нутгийн иргэд ойн нөхөрлөл байгуулжээ. Энэ нөхөрлөлүүд ой модоо хамгаална. Унанга модыг түүнэ, цэвэрлэнэ. Ерөөс ойгоо арчилна. Ингэж иргэд ойтойгоо зүй зохистой харилцаж сурах, цаашлаад байгальд хор хөнөөлгүйгээр байгалийн үр шимийг хүртэх боломжийг энэ төсөл олгож өнгөрсөн хугацаанд 1378 хүнийг сургалтад хамруулж 43 аж ахуй нэгжид тус бүрд нь 57 сая төгрөг олгожээ. Үр дүнд нь ард иргэд өөрийн гэсэн аж ахуйтай, амжиргааны эх үүсвэртэй болсон байна.
Төслийн хаалтад оролцох үеэрээ БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл “НҮБ-ын Суурин төлөөлөгчийн газар болон, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага Монгол Улсад маш их дэмжлэг үзүүлж байгаа. 2014 оноос хойш 2020 онд хэрэгжсэн төсөл өнөөдөр хаалтаа хийж байна. Энэ төслийн хүрээнд таван аймгийн 27 сумын ойг хамгаалах, ард иргэдийг ойтойгоо харилцаж сургах, байгаль хамгаалагчдыг сургалт хамруулахад, ойн унанга модоор бүтээгдэхүүн хийж сургах далимаар үйлдвэр байгуулах зэрэг маш олон төрлийн ач холбогдолтой үйл ажиллагаа хэрэгжсэн. Тухайлбал төсөлд хамрагдсан айл өрхүүд ойн унангаар бүтээгдэхүүн хийх үйлдвэртэй болж чаджээ. Энэ мэтчилэн бидэнд байгалийн ашиг шимийг зүй зохистой ашиглах мэдлэг, мэдээлэл хэрэгтэй байна. Тиймээс цаашид экологийн тэнцвэртэй байдлыг хангах байгаль орчноо хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх гэсэн гурван үндсэн зарчмаар Засгийн газар олон улсын байгууллагатай хамтран ажиллана” гэсэн юм.
Нэг төсөл ингээд дуусч буй ч нөгөө төслийн эхлэл хаалтын үеэр тавигдав. Европын холбооноос 5 сая еврогоор Монголын байгалийг хамгаална. Цаашлаад нутгийн иргэдийн ахуйн амьдралд нь дэм болсон үйлчилгээ, үйлдвэрлэл эрхлэх сургалт өгөх төсөл хэрэгжүүлэхээр тус холбооны төлөөлөгчийн газрын түншлэлийн багийн ахлагч Пиерре Иве Лука судалгаа явуулж эхэлжээ.
Тэрбээр “Залуучуудад ажлын байр нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх бол Европын холбооны тэргүүлэх чиглэлийн үйл ажиллагаа. Цар тахлын энэ үед Европын холбоо бүх боломжоороо Монгол улсад эдийн засгийг нөхөн сэргээхэд дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаа явуулж байна. Тухайлбал ЖДҮ-ийн үйл ажиллагааг сайжруулах, өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор 11 сая еврогийн төсөл хэрэгжүүлж байгаа. Цаашид хөдөө аж ахуйн тогтвортой байдлыг хангах төсөл боловсруулан хэрэгжүүлэх зорилгоор ажиллаж байна. Энэ төслийг ирэх жил эхлүүлнэ. Үүнээс модон бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн салбарт нэмүү өртгийг өсгөх боломж гарч ирэх болов уу гэж харж байна” гэв.
Хэнтий аймгийг Монгол түмний төдийгүй хүн төрөлхтний түүхэнд давтагдашгүй мөрөө үлдээж, дэлхийн талыг эзэлсэн Их эзэн Чингис хааны өлгий нутаг гэдэг. Чингис хааны хүй цөглөж, хүүхэд насаа өнгөрүүлсэн Онон Балжийн хөвөөг хамгаалахаар Байгаль орчны сайдын 2006 оны тушаалаар Хэнтий аймгийн Өндөрхаан хотод Онон Балжийн БЦГ-ын хамгаалалтын захиргааг байгуулсан. Энэ захиргаа 2009 онд Дадал суманд шилжин байрлаж үйл ажиллагаагаа явуулж байна.
Хэнтий аймгийн БОАЖ-ын газрын ойн албаны дарга Б.Нямхатан “Аймгийн хэмжээнд 36 байгаль хамгаалагчтай ажиллаж байна. Манайхаас байгаль хамгаалах чиглэлээр хууль бус ан, ой хээрийн түймэр болон бусад олон арга хэмжээг авч ажилладаг. Ойн нөхөн сэргээлт хийнэ. Тодорхой цэгүүдэд эргүүл, шалгалт тогтмол явуулдаг. 2019 онд 380 сая төгрөгийн төсөвтэй ажилласан. Түймрийн эрсдэл өндөр үед бэлэн байдлыг бэлдүүлэх, уул уурхай, ойн нөхөн сэргээлтийг төсвийнхөө хүрээнд хийж байгаа.
Тулгамдсан асуудал гэвэл орон нутгийн төсвөөс санхүүждэг учраас төсөв санхүү, унаа тэрэг, автомашины хэрэгцээ шаардлага байна. Тухайлбал бидний нэрлэдгээр хятад мотоцикл, эдэлгээ богино. Очоод үзэхэд мотоциклгүй байгаль хамгаалагч байхгүй . Хэрэглээ нь дуусчихсан, туулах чадвар тааруу байдаг. Нэг ойн анги огт төсөвгүй өөрийн орлогоор үйл ажиллагаа явуулдаг. Тэр нь Цэнхэрмандал суманд байгаа. Энэ ойн анги 80.3 мянган га ойн сантай. Гэтэл Ойн судалгаа хөгжлийн төвийн хэрэглэж байсан Пургон автомашиныг авч өөрсдөө чадлынхаа хэрээр засварлан ашиглаж байгаа. Энэ мэтчилэн орон нутгийн байгаль хамгаалагчдад унаа тэрэгний асуудал тулгардаг.
Дараагийн нэг асуудал жимс, самар энэ жил маш сайн ургацтай байгаа. Байгаль хамгаалагчид маань чадлынхаа хэрээр самарчдыг уулнаас буулгаж байна. Өчигдөр Батширээт сумын уулнаас долоон хүн буулгалаа. Очихоор маш олон хүн явж байдаг. Шаардлага тавих их хэцүү. Байгаль хамгаалагчид өөрсдийгөө хамгаалахгүй бол буу шийдэмтэй хүмүүстэй гар нүцгэн ажиллахад хүндрэлтэй” гэж ярилаа.
Самар, жимсчид модыг мунаар цохиж дахин хэзээ ч нөхөн сэргээгдэхгүйгээр гэмтээдэг. Самар, жимснээс амьтдад хоол үлдээлгүй түүдгээс болж баавгай өлсөхийн эрхэнд уулнаасаа бууж хоол хайх болсон гэнэ. Хэнтий аймагт баавгай айлын гэрт хамгийн ойрдоо 6 километрын зайд бууж иржээ. Байгаль хамгаалагчид баавгайг торлон бариад хооллож, гэдэс цатгаад эргүүлэн ойд нь аваачиж тавьсан тухай ярив.
Үүнээс үзэхэд ойгоо, ан амьтнаа хайрлахгүй бол баавгай тал нутагт бууж ирээд хүний амь хохироож ч болох хүндхэн дүр зураг харагдана. Тэгэхээр биологийн олон янз байдлыг хамгаална гэдэг ерөөс ой мод, амьтан, ургамал гээд бүхнийг хамгаалахын л нэр аж. Хамгаалахгүй л бол дэлхий нийтээрээ эгэл, энгийн, амгалан тайван орчинд амьдрах боломжгүйд хүрэх эрсдэл бийг олон улсын байгууллагууд олж харжээ.
Ийнхүү ”Ой бүхий аймгуудын биологийн олон янз байдлын хамгаалал, ойн тогтвортой менежмент, нүүрстөрөгчийн хуримтлалыг нэмэгдүүлэх нь” хэмээх урт нэртэй төслийн ард Монголчууд ойгоо хамгаалж, арчилж, тордож сурсан арвин мэдлэгтэй, нөхөрлөлийн гишүүд унанга модоор үйлдвэрлэл эрхлэх тоног төхөөрөмжтэй, тэдний ард өрхийн орлого нэмэгдэж, амьдрал дээшилсэн гээд сайн, сайхан үр дүнгүүд үлджээ.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ