Энэ хичээлийн жил дүрэмт хувцсаар жигдрэх үү

img

 

 

 

2020-2021 оны хичээлийн жилд цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургалтын байгууллага,  их дээд сургууль, коллежийн хичээлийг танхимын, танхимын бус /теле болон цахим хичээл/ хослуулан явуулах шийдвэр гаргасан.  Мөн сургууль цэцэрлэгийн ажиллагаа есдүгээр сарын 01-ний өдрөөс, мэргэжлийн сургалт, үйлдвэрийн төвийн хичээл есдүгээр сарын 14, их, дээд сургууль, коллежийн хичээл аравдугаар сарын 05-ны өдрөөс тус  тус  эхэлнэ.  Ингэхдээ ерөнхий боловсролын сургууль гурван өдөр танхимаар хоёр өдөр цахимаар хичээллэнэ. Мөн эцэг эхчүүд хүүхдээ танхимын сургалтад хамруулах нь эрсдэлтэй гэж үзвэл танхимын сургалтад суулгахгүйгээр теле болон цахимаар хичээллүүлэх боломжтой.

 

Хичээлийн шинэ жил эхлэх нь тодорхой болсон эдгээр өдрүүдэд хөл хөдөлгөөн ихсэж,  оюутан, сурагчид хичээлийн хэрэгслээ бэлтгэхээр зах, худалдааны төвүүдийг зорьж байна. Энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн сурагчид заавал сурагчийн дүрэмт хувцсаар  жигдрэх шаардлагатай юу гэсэн асуулт эцэг, эхчүүдийг эргэлзүүлж байгаа.

 

Коронавирус, цар тахлын энэ үед өрх бүрд эдийн засгийн асуудал үүссэн. Зарим аж ахуйн нэгж сул зогсолт хийсэн. Ажилтай байгаа ч гар дээр олгогддог цалингийн хэмжээ буурсан гээд л олон олон хүндрэл дагуулж байгаа. Өнөөгийн нөхцөлд нэг өрхийн  олон хүүхэд сургуульд сурдаг бол  бүр ч хэцүү. Өнгөрсөн жилийн сурагчийн дүрэмт хувцас энэ жил таарах эсэх нь эргэлзээтэй.  Харин эцэг эхчүүд энэ асуудалд ямар байр суурьтай байгаа бол?

 

Өнгөрсөн жил өмсөж байсан дүрэмт хувцсыг нь өмсүүлнэ 

 

Иргэн Ц.Норовсүрэн:

 

-Өнгөрсөн жил өмсөж байсан сурагчийн форм нь байгаа. Формыг нь өмсүүлээд хичээлд нь явуулна. Сурагчийн дүрэмт хувцастай байхаар  өдөр бүр өөр өөр хувцас өмсөхгүй амар байдаг. Тиймээс үнэтэй байсан ч эцэг эхчүүд хүүхдүүддээ дүрэмт хувцас авч өгөх хэрэгтэй. 

 

 Энэ жилдээ сурагчийн дүрэмт хувцас өмсөх шаардлагагүй 

 

Иргэн Г.Гантөмөр:

 

-Коронавирусийн асуудлаас үүдсэн шинэ зохицуулалтыг харахад энэ жилдээ сурагчийн дүрэмт хувцас өмсөх шаардлагагүй. Ялангуяа нэгдүгээр ангид шинээр элсэж орох хүүхдүүд энэ жилдээ энгийн хувцас эсвэл  цагаан цамц өмсчихвөл эдийн засагт хэмнэлттэй байна. Муугаар бодоход коронавирусийн асуудал хүндэрвэл хичээл танхимаар орохгүй. Тиймээс цар тахал намжиж, хичээл таван өдөр танхимаар хичээллэх боломжтой болсон үед л дүрэмт хувцасны асуудал ярих нь зүйтэй. 

 

Сурагчид форм өмсөх нь зүйтэй

 

Иргэн Н.Туяанаа:

 

-Сурагчийн дүрэмт хувцас үнэтэй байгаа ч сурагчид форм өмсөх нь зүйтэй. Хүүхдүүд энгийн хувцас өмсөж хичээлд суухаар баян, ядуугийн ялгаа харагддаг. Өнгөрсөн жил  хүүхдүүддээ шинэ форм авч өгсөн.  Хоёр, гурван жилдээ өмсөх байх гэж бодоод том разремыг авсан. Тиймээс энэ жил өнгөрсөн жилийнх нь  формыг өмсүүлнэ. 

 

Заавал форм өмсөх ёстой гэсэн шаардлага тавих ёсгүй

 

Иргэн Ц.Наранцэцэг: 

 

-Коронавирусийн энэ үед сургуулийн хүүхдэд заавал форм өмсөх ёстой гэсэн шаардлага тавих ёсгүй. Хүүхэд өөрийн  биед эвтэйхэн дулаахан хувцсаа л өмсөх нь зүйтэй. Цаашдаа коронавирусийн халдвар намжиж тайван болохоор дүрэмт хувцас өмсөх эсэх асуудлыг шийдсэн нь дээр байх.

 

Иргэд ийн ярьж байна. Энд дуулгахад, зах худалдааны төвүүдэд  бага ангийн хүүхдийн форм 91 мянган төгрөг, эмэгтэй дүрэмт хувцас 70 мянган төгрөг, дунд ангийн эмэгтэй хүүхдийн форм 111 мянган төгрөг, харин эрэгтэй нь 115 мянган төгрөг байна. Харин ахлах ангийн хөвгүүдийн форм 155 мянган төгрөг, охидынх 140 мянган төгрөгний дундаж өртөгтэй байна. 

 

Харин энэ асуудалд БШУЯ-ны мэргэжилтнүүд ямар зохицуулалт хийх бол? Бид дараагийн удаа  БШУЯ-наас энэ асуудлын талаар  тодруулах болно. 

Г.Мичид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ