Л.Отгонсүрэн: Сурагчид дүрэмт хувцастай хичээллэнэ

2020-2021 оны шинэ хичээлийн жилд коронавирус, цаг үеийн асуудлаас үүдэн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид гурван өдөр танхимаар хоёр өдөр цахимаар хичээллэнэ. Үүнээс үүдэн энэ хичээлийн жилд сурагчид дүрэмт хувцсаар жигдрэх эсэх гэсэн асуулт бий болсон. Бид өмнө нь энэ асуултад эцэг эхчүүдийн бодлыг сонссон бол энэ удаа БШУЯ-ны Бага дунд боловсролын газрын мэргэжилтэн Л.Отгонсүрэнгээс тодрууллаа.
Сурагчид нэг өдөр хичээлд суусан ч дүрэмт хувцастай сууна. Дүрэмт хувцас өмсөж хичээлд суух нь хүүхдийн сэтгэлзүйд сайн нөлөөтэй. Амьжиргааны түвшингээс үл хамааран бүх хүүхэд ижилхэн хувцастай байна гэдэг нь сэтгэлзүйн сайн нөлөөг үзүүлдэг. Нөгөөтэйгүүр бага ангийн хүүхдүүдэд "би энэ ангийн нэг, бүх хүүхдүүд бүгд адил" гэсэн бодлыг төрүүлдэг.
-Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид дүрэмт хувцастай байна гэсэн хуулийн заалт байдаг. Зарим эцэг эхчүүд энэ жил гурван өдөр танхимаар, хоёр өдөр цахимаар орох учраас дүрэмт хувцасгүй сууж болох байх гэж бодож байгаа. Сурагчид нэг өдөр хичээлд суусан ч дүрэмт хувцастай сууна. Дүрэмт хувцас өмсөж хичээлд суух нь хүүхдийн сэтгэлзүйд сайн нөлөөтэй. Амьжиргааны түвшингээс үл хамааран бүх хүүхэд ижилхэн хувцастай байна гэдэг нь сэтгэлзүйн сайн нөлөөг үзүүлдэг. Нөгөөтэйгүүр бага ангийн хүүхдүүдэд "би энэ ангийн нэг, бүх хүүхдүүд бүгд адил" гэсэн бодлыг төрүүлдэг. Өөрөөр хэлбэл ямар нэгэн зохион байгуулалтад орохдоо, өөрийгөө бусдын нэг гэж төсөөлөхдөө амархан, бусдыг өөртөөгөө адилхан гэж харах зан төлөвшилд хүүхдийг сургадаг.
-Сурагчийн дүрэмт хувцасны стандарт шинэчлэгдэх үү?
-Хамгийн анх 2005 онд Засгийн газрын тогтоол гарч, сурагчийн дүрэмт хувцсанд тавигдах шаардлагуудыг тогтоосон. Тэр дагуу үндэсний үйлдвэрлэгчид дүрэмт хувцсаар сурагчдыг хангана гэж заасан. Үүний дагуу төсөл байдлаар ихээхэн хэмжээний зардал гаргаж, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжин сурагчийн дүрэмт хувцсыг үйлдвэрлэж эхэлсэн. Түүнээс хойш 2013 онд сурагчийн дүрэмт хувцасны стандартчилсан загварыг БШУЯ-наас санаачилж гаргаад оюуны өмчийн газраар патентжуулсан. Дүрэмт хувцасны загварын эрх нь БШУЯ-нд байдаг. Тухайн үед гаргасан загвар стандарт нь өнөөдрийг хүртэл хэвээр мөрдөгдөж байгаа. Харин 2023 онд хүчин төгөлдөр бус болно. Мөн 2019 оны арванхоёрдугаар сард шинээр "сурагчийн дүрэмт хувцас" гэдэг стандарт батлагдсан. Тухайн стандарт нь загвараас бусад хүүхдийн дүрэмт хувцсанд тавигдах эрүүл ахуй, хийц, зардал, хэмжээ, материал зэрэг бүхий л шаардлагыг тусгаж батлагдсан. Өөрөөр хэлбэл Засгийн газрын тогтоол, дүрэмт хувцасны загварын патентийн эрх, сурагчийн дүрэмт хувцас гэсэн стандарт энэ гурван эрх зүйн баримт бичгээр зохицуулагдаж байгаа.
Г.Мичидмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ