Я.Содбаатар: Хурандаа Б.Ууганбаяр нарын 69 хүнийг шалгаж байгаа

Шадар сайд Я.Содбаатар цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт намын мөрийн хөтөлбөрт тусгагдсан зүйлсийн агуулгыг бүдгэрүүлж оруулж ирсэн байна. Жишээлбэл, ядуурлын түвшинг хоёр дахин бууруулах гэдгийг ядуурлыг бууруулна гэсэн ерөнхий агуулгаар оруулж ирсэн гэсэн шүүмжлэл байна?
-УИХ-ын сонгуульд ялсан намын мөрийн хөтөлбөрт түшиглэж Засгийн газрын үйл ажилллагааны дөрвөн жилийн хөтөлбөр гардаг. Энэ хөтөлбөрийг хуулийн хугацаанд өргөн барьж, ээлжит бус чуулган хуралдаж байна. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр дотор намын мөрийн хөтөлбөрт дэвшүүлэн тавьж байсан зорилтуудыг оруулсан. Нэмж коронавирустай холбоотой тусгайлсан бүлэг оруулсан. Учир нь дэлхий нийт коронавирусийн цар тахалтай холбоотой нийгэм эдийн засгийн арга хэмжээнүүдийг авч байна. Коронавирусийн нөлөө ирэх дөрвөн жилд аливаа улс орны эдийн засаг, дэлхийн эдийн засагт нөлөөллөө үзүүлж байгаа. Тийм учраас 11 зүйлтэй бүлэг оруулсан. Салбарын заалтуудыг ерөнхий Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр эргэж хэмжигдэхүйц, түүнийгээ дүгнэдэг. Тиймээс улс төрийн үг хэллэгээс арай илүү албаны хэллэгт оруулж бичсэн. Үүнээс шалтгаалж гишүүд зарим нэг зорилтуудыг бүдгэрүүлсэн, албаны үг хэллэгтээ болсон гэдэг зүйлийг ярьж байна. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр үндсэн чиглэл, үндэсний хөтөлбөрүүд албаны үг хэллэгтээ болсон байгаа. Парламентед төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар ахлуулсан ажлын хэсэг гарч байгаа. Энэ ажлын хэсэг Засгийн газрын дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөрийг сайжруулах, ялангуяа гишүүдийн гаргаж байгаа санал чиглэлийг тусгахад ажиллана. Засгийн газрын мөрийн хөтөлбөр иргэдэд амалж байсныхаа дагуу хүний хөгжил, эдийн засаг, засаглал, ногоон хөгжил, хот болон бүсүүдийн хөгжлийн асуудлыг тавьсан. Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн үндсэн дөрвөн чиглэл байгаа.
Нэгдүгээрт, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлж, дундаж давхаргыг нэмэгдүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа идэвхжүүлэх. Энэ бодлогын хүрээнд халамж нийгмийн хамгааллын бодлого, цалин хөлс, хөдөлмөр эрхлэлт, ажлын байрны бодлого үүний хүрээнд явдаг байх.
Хоёрдугаарт, эдийн засгийн хувьд олон жил ярьсан тулгамдаж байгаа томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зорилт дэвшүүлж байгаа. Үүнийг дагаад Засгийн газраас тодорхой ажлын байрны дүнг зарлаж байна. Ядуурлыг бууруулах, ажлын байрыг нэмэгдүүлэхийн тулд эдийн засгийн идэвхжлийг сайжруулах, ажлын байрыг олноор нь бий болгож байж ядуурлаас гарна. Тийм учраас энэ чиглэлээр эдийн засгийн томоохон зорилтуудыг дэвшүүлж байна. Мөн биелэх боломжгүй төслийг зарлахгүй байхаар болж байна.
Гуравдугаарт, нийгмийн шударга ёсыг тогтоох. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг өнгөрсөн парламент хийсэн. Үүний дагуу “Эрх зүйн шинэчлэл II” хөтөлбөрийг хэрэгжүүлж, эрх зүйн томоохон шинэчлэлийг хэрэгжүүлж ялангуяа шүүх засаглал дээр, эрх мэдлийн хуваарилалт зарчим дээр, хүний эрхийн асуудал дээр, засаглал дээр хамгийн гол цахим шилжилтийг энэ дөрвөн жил хийх.
Дөрөвдүгээрт, байгаль орчны асуудал. Уул уурхайн томоохон бүтээн байгуулалтын ард усны асуудал хүндэрч байгаа. Тийм учраас байгаль эх дэлхийгээ хайрлах, хамгаалах энэ чиглэлээр олон санал тусгагдсан. Хөдөөгийн хөгжлийг хотын хөгжилтэй уялдуулан авч үздэг байх. Эдгээр зорилтууд МАН-ын мөрийн хөтөлбөрт байсан үндсэн агуулга юм.
-Ипотекийн зээлийн хүүг 4-6 хувь болгох тухай тусгасан байсан. Энэ хэзээнээс биелэлээ олох вэ?
-Арилжааны зээлийн хүүг бууруулах тэр тусмаа ипотекийн зээлийн хүүг бууруулах асуудалд тодорхой ажлын хэсэг гарч ажиллаж байна. Ипотекийн зээлийн хүү нэг жилийн хугацаанд багц гарна гэж бодож байгаа. Ипотекийн зээлийн хүүг эдийн засгийн аргачиллаар бууруулна. Тийм учраас Монгол банк мэргэжлийн байгууллага ороод маш олон талын тооцоо хийж байгаад энэ удаагийн улсын их хурлын чуулганаар зээлийг хүүгээ бууруулах стратегийг баталж авна. Стратегийн бодлогын баримт бичгийн хүрээнд шийдэгдэнэ.
-Гадаадад гацсан иргэдийг татан авч байгаатай холбогдуулан зочид буудалтай холбоотой гомдол маш их гарч байна. Ямар стандарт шаардлага тавьдаг вэ?
-Иргэдээ татан авах ажил амаргүй нөхцөлд өрнөж байна. Цар тахлын улмаас улс орнуудын хил хаалттай, хөл хориотой байгаа. Манай улс тусгай үүргийн нислэгээр татан авалт хийх, Алтанбулагийн боомт, газраар татан авах ажиллагааг зохион байгуулж байна. Энэ нь олон улсын гэрээ хэлэлцээрээ нарийн зохицуулагдаж байгаа. Жишээлбэл, АНУ, Австрали руу манай улс олон улсын нислэгийн гэрээ байхгүй. Тиймээс бид сар бүхэн тодорхой зөвшөөрөл авч нислэг хийж байна. Өнөөдрийн байдлаар 12 мянга гаруй иргэд ирэх хүсэлтээ УОК-д өгсөн байгаа. Энэ тоо цаашдаа ч нэмэгдэх байх. Харин таван шалтгаантай иргэдийн тоо буурч байгаа. Намайг ажил авахад 8000 гаруй хүний өргөдөл байсан. Одоо бол 5000 болж буурсан. Тавдугаар сард 1200 хүн, зургадугаар сард 2 мянган хүн, долдугаар сард 3500, энэ сард 4250 хүн татахаар болж байгаа. Энэ бол зөвхөн тусгай үүргийн нислэгээр татаж буй нь юм. Мөн Замын-Үүд, болон бусад боомтоор эрчимтэй татаж байгаа. Тусгаарлах байртай холбоотой шүүмжлэл гарч байна. Тийм учраас байрнуудыг шалгах ажлын хэсэг гарч, дахин шалгаж байгаа. Зарим нэг аж ахуй нэгжүүдийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж байгаа зүйл гарч байна.
Хамгийн эхэнд ажлын хэсэг очиж үзээд дүгнэлт гаргадаг. Дүгнэлтийн дагуу бүх л аж ахуй нэгжүүд шаардлага хангаж, иргэдээ авч байгаа. Харамсалтай нь зарим аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаатай холбоотой гомдол санал гарч байгаа болохоор тухайн аж ахуй нэгжүүдэд хариуцлага тооцох, тусгаарлах байрны зөвшөөрлийг цуцлах арга хэмжээг цаг тухайд авч байгаа. Ер нь иргэдийн татан авалт нэмэгдэж байгаа учраас Улаанбаатар хотын 100 км-ын радиуст байгаа 213 буудал, 46 амралтын газрыг судалж, нэг бүрчлэн дүгнэсэн. Цөөхөн газар нь шаардлагад нийцэж байгаа. Зарим одтой буудлуудыг авч олон улсын дипломат албаны ажилчдыг татан авах арга хэмжээнүүдийг авч байна. Гаднаас иргэдээ авч тусгаарлаж эхэлж байх үед сард 900 ор хоног байсан. Харин одоо дөрвөн мянган хүнийг авах боломжтой. Тийм учраас нислэгийн тоо нэмэгдсэн.
-Тусгай үүргийн нислэгт багтахын тулд авилга өгч байна гэсэн асуудал яригдаж байна. Энэ асуудлыг шалгаж байгаа юу?
-Шуурхай штабын дарга хурандаа Б.Ууганбаяр тэргүүтэй ажиллаж байгаа 69 хүн байгаа. Найман байгууллагын албан хаагчид салбар хоорондын уялдаа холбоог ханган ажиллаж байна. Тухайн хүмүүсийг УИХ-ын гишүүн С.Одонтуяагийн гарын үсэгтэй бичиг очиж шалгаж байгаа. Мөн өөрсдөө хүсэлт гаргаад хууль, хүчний байгууллагаар шалгуулж байна. Одоогийн байдлаар хөрөнгө мөнгөтэй холбоотой тогтоогдож байгаа зүйл алга. Би долдугаар сарын 9-нд ажил авсан. Үүнээс хойш хөрөнгө мөнгөтэй холбоотой тогтоогдсон зүйл байхгүй. Иргэдээс өдөрт 10, 20 гомдол ирдэг. Гэсэн ч шалгаж үзэхэд тогтоогдоогүй байна. Ажил хариуцаж авсан хүмүүсээс ямар нэгэн мөнгө төгрөг авсан зүйл тогтоогдохгүй байна. Дипломат газруудад асуудал байна гэж бас яриад байгаа. Түүн дээр мөн хууль хүчний байгууллага ажиллаж байна. Хэрвээ ямар нэгэн байдлаар иргэдээ гаднаас татан авах асуудал дээр төрийн албан хаагчдын хөрөнгө мөнгө, авлигатай холбоотой асуудал байгаа бол УОК-т хандаарай. Бид өргөдөл гомдлыг тэр дор нь шийдвэрлэж, хууль хүчний байгууллагатай хамтран ажиллаж байгаа.
Г.Мичидмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ