ОХУ: Сарьсан багваахайнууд коронавирус тээж байгаа эсэхийг шалгана

Оросын Хэрэглэгчийн хяналтын газар Оросын бүс нутгуудад байгаа сарьсан багваахайнуудад коронавирус байгаа эсэхийг шалгахаар болжээ. Энэ төслийг хэрэгжүүлснээр халдвар дэгдэх, тахлын эрсдлүүдийг үнэлэх боломжтой болно гэж Оросын Хэрэглэгчийн хяналтын газар мэдээлснийг РИА Новости дамжуулсан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, мэргэжилтнүүд Москва, Москва орчим, Воронеж, Волгоград муж, Краснодарын хязгаарын Хар тэнгисийн эрэг дагуу сарьсан багваахайнуудыг судлах аж. Сарьсан багваахайнуудын төрлүүд дунд коронавирус тээгч тохиолдох үнэлгээг гаргах, илрүүлсэн вирусүүд өмнө нь илэрсэн вирустэй ижил төстэй байгаа эсэхийг тогтоох, амьтнаар дамждаг коронавирусүүдийн биологийн олон янз байдлын мэдээллийг авах, Оросын нутаг дэвсгэр даяар сарьсан багваахай идээшилж буй газрхын зургийг гаргах, коронавирусүүдийн дэгдэлтийн замуудыг үнэлэх зорилгоор энэ ажлыг хийж гүйцэтгэнэ гэж судлаачид онцожлээ.
Эргэн сануулахад, дэлхий дахиныг бүрхсэн SARS-CoV-2 коронавирус анх 2019 оны 12 дугаар сард Хятадын Ухань хотод бүртгэгдсэн. Америкийн эрх баригчид Бээжинг дэлхий даяар вирус дэгдээсэн хэмээн буруутгадаг. Түүнчлэн зарим мэргэжилтнүүд вирусийг лабораторийн нөхцөлд гарган авсан гэсэн онол дэвшүүлсэн ч үүнийг батлах баримт олдоогүйн дээр эрдэмтдийн хүрээнд ч энэ хувилбар дэмжигддэггүй юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ