Л.Отгонсүрэн: Шаардлага хангасан өдөр өнжүүлэх төв хэвийн ажиллана

Хичээлийн шинэ жил эхлэхэд хэдхэн хоног үлджээ. 2020-2021 оны хичээлийн шинэ жил өндөржүүлсэн бэлэн байдлын үед эхлэх гэж байгаа учраас хэд хэдэн шинэ зохицуулалт хийгдсэн. Шинэ зохицуулалтаар хичээлийн шинэ жилийн нээлтийг уламжлалт хэлбэрээр зохион байгуулахгүй. Сурагчид гурван өдөр танхимаар хоёр өдөр цахимаар хичээллэнэ. Ингэхдээ нэг ангид 20-иос дээшгүй сурагч суралцана. Ангийн сурагчдыг дэд бүлэгт хуваан хичээллүүлнэ. Хэрэв эцэг эхчүүд хүүхдээ танхимаар суралцах нь эрсдэлтэй гэж үзвэл цахимаар суралцуулах боломжтой. Энэ шинэ зохицуулалтаар жишээлбэл, нэг ангийн 40 хүүхэд хоёр хуваагдаж эхний групп 08:00-10:30 цагийн хооронд, дараагийн групп 11:00-13:30 хүртэл хичээллэнэ гэсэн үг. Үүнээс үүдэн эцэг эхчүүдийн санааг чилээж байгаа асуудал бол хүүхдийг шинэ зохицуулалтын хичээлийн цагийн хуваарийн дагуу сургуульд нь хүргэж өгч авах. Энэ үед эдгээр асуудлын гаргалгаа нь өдөр өнжүүлэх төв болоод байгаа. Тэгвэл өдөр өнжүүлэх төвүүд үйл ажиллагаа явуулах уу? Энэ талаар БШУЯ-ны Бага дунд боловсролын газрын мэргэжилтэн Л.Отгонсүрэнгээс тодрууллаа. Тэрбээр:
-БШУЯ-наас өдөр өнжүүлэх төвүүдийг ажиллуулахгүй гэдэг шийдвэр гаргаагүй. Өдөр өнжүүлэх төвийн зохицуулалт хэвээр байгаа. Өдөр өнжүүлэх төвд тавигдах нийтлэг шаардлагууд байдаг. Нийтлэг шаардлагад тухайн аймаг нийслэлийн хүүхдийн төлөө зөвлөл ажлын хэсэг байгуулж, өдөр өнжүүлэх төвийн үйл ажиллагаанд хяналт тавихаар туссан. Тухайн өдөр өнжүүлэх төв үйл ажиллагаагаа явуулах зөвшөөрөл авсан тохиолдолд хоёр төрлийн гэрээ байгуулна. Нэгдүгээрт тухайн хүүхдийн эцэг эхтэй. Хоёрдугаарт харьяа сургуулийн удирдлага, багштай ярилцаж гэрээ байгуулна. Өдөр өнжүүлэх төв эрүүл ахуй халдваргүйтэлийн дэглэмийг сахиж, аюулгүй орчин бүрдүүлсэн байх шаардлагатай гэв.
Өдөр өнжүүлэх үйлчилгээнд тавигдах шаардлагуудаас:
- Өдөр өнжүүлэх үйлчилгээ зохион байгуулах иргэн, байгууллага үйчилгээ явуулах харьяалах нутаг дэвсгэрийн ерөнхий боловсролын сургуульд хандаж хамтран ажиллах санамж бичиг байгуулна.
- Өдөр өнжүүлэх үйлчилгээнд хичээлийн бус цагаар ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг эцэг эх, асран хамгаалагчийн хүсэлтийн дагуу хамруулна.
- Өдөр өнжүүлэх үйлчилгээг хүүхдийн эцэх эх, асран хамгаалагчтай харилцан тохиролцож үйлдсэн гэрээний үндсэн дээр зохион байгуулна.
- Өдөр өнжүүлэх үйлчилгээ нь бүлгийн зохион байгуулалттай байх бөгөөл нэг бүлэгт арван тав хүртэл хүүхэд байна.
- Өдөр өнжүүлэх бүлэгт хүүхдийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн дараах үйл ажиллагааг дангаар нь эсвэл хэсэгчлэн зохион байгуулна. Үүнд, ном унших, уншиж ойлгох чадварыг сайжруулах, уламжлалаа дээдэлж, монгол ёс заншлаас суралцах, авьяас, бие бялдрын хөгжлийг дэмжих, гэрийн даалгавар хийхэд дэмжлэг үзүүлэх
- Өдөр өнжүүлэх үйлчилгээ эрхлэгч нь багш, ажилтан тус бүрийн чиг үүрэг, хариуцлага, хүүхдийн аюулгүй байдлыг хангах заавар болон хүүхдийг тогло, амрах хичээллэх өдрийн дэглэм, цагийн хуваарийг баталж мөрдүүлнэ.
- Хүүхдийг сургуульд хүргэх, хүлээн авах хуваарь болон хоол, хүнс аюулгүй байдлыг хангах, хяналт тавих асуудлыг эцэг эх, асран хамгаалагчтай харилцан тохиролцож, гэрээнд тусгана.
- Өдөр өнжүүлэх үйлчилгээний багшийн туслах ажилтан хүүхдийг хичээлд хүргэх, авахдаа анги удирдсан багшид хүлээлгэн өгч, хичээлийн дараа хүлээн авна.
- Өдөр өнжүүлэх үйлчилгээнд хамрагдаж буй хүүхдийн бүртгэл, мэдээллийг бүлгийн багш тогтмол хөтөлж, сургуульд мэдээлнэ
- Өдөр өнжүүлэх үйлчилгээний өрөө, тасалгаа нь барилга байгууламжийн гурав хүртэлх давхарт байрласан байна. Зоорийн давхарт /В1 давхар/ өдөр өнжүүлэх үйлчилгээ эрхлэхийг хориглоно.
- Өдөр өнжүүлэх бүлэг бүр хүүхэд амрах тоглох, хичээллэх, хооллох өрөө, ариун цэврийн өрөө, хувцас солих хэсэгтэй байна.
- Өрөө тасалгааны нийт талбайн нэг хүүхдэд ногдох хэмжээ нь 5 м2 -аас багагүй байна.
- Өрөө тасалгааны тавилга хэрэгслийг бүрэн бүтэн байдлыг хангаж, хөдөлгөөнгүй, тогтвортой байрлуулж, хүүхэд бэртэх , гэмтэхээс урьдчилан сэргийлсэн , аюулгүй байдлыг хангасан байна.
- Өдөр өнжүүлэх үйлчилгээний өрөө, тасалгаа бүр нь камерын бүрэн хяналтад байх бөгөөд камер нь бүрэн ажиллагаатай, бичлэгийг нэг сараас доошгүй хугацаанд хадгална.
- Өрөө тасалгааны агаарын хэм 18-22С, агаарын хэвийн солилцоог хангах ердийн болон механик салхивчтай, харьцангуй чийгшил 40-60 хувь байна.
- Ариун цэврийн өрөө нь хүүхдийн нас, хүйсийн онцлогт тохирсон суултуур, гар угаагуурт байх бөгөөд байнгын бүрэн ажиллагаатай байна. Ажилтнуудад зориулсан тусдаа суултуур, ариун цэврийн өрөөтэй байна
- Гадна бие засах газар, хэсгийн бохир ус зайлуулах системтэй тохиолдолд “Нүхэн жорлон, угаадасны нүх. Техникийн шаардлага. MNS 5924” стандартын шаардлагыг хангасан байна.
- Зөөврийн усан хангамжтай тохиолдолд ундны ус зөөх, хадгалах сав нь хүнсний зориулалтыэ, угаааж цэвэрлэхэд хялбар байх ба ундны усны савыг 7 хоногт 1-2 удаа бүрэн суллаж, угааж халдваргүйжүүлнэ.
- Цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийг шинжилгээ баталгаажилттай, батлагдсан бодисоор өдөр тутам зааврын дагуу хийнэ
- Шавж, мэрэгч устгал болон халдваргүйжүүлэлтийг тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээ байгуулж хийлгэнэ. Шавж, мэрэгч илэрсэн тохиолдолд тухай бүрт устгал, халдваргүйжүүлэлт хийлгэнэ.
- Өдөр өнжүүлэх үйлчилгээнд хамрагдаж буй хүүхдэд эрүүл, шим тэжээллэг халуун хоол цайгаар үйлчилнэ.
- Хүүхдийн хоол хүнсний бүтээгдэхүүн гарал үүслийн бичигтэй, шинжилгээ баталгаажилттай, хаяг, шошго бүрэн бүтэн, стандартын шаардлага хангасан байна.
- Эрүүл мэндийн урьдчилсан сэргийлэх үзлэг, шинжилгээнд өдөр өнжүүлэх бүлгийн багш жилд нэг удаа, багшийн туслах, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний тээвэрлэлт, хадгалалт, боловсруулалт, түгээлтийн үйл ажиллагаанд оролцдог ажилтан, ажиллагсад зургаан сар тутам хамрагдана.
- Өвчний шинж тэмдэг илэрсэн, хоолны хордлого, халдвар гарсан тохиолдолд эцэг эх, асран хамгаалагч, эрүүл мэндийн байгууллагад яаралтай мэдээлж, халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг холбогдох журам, зааврын дагуу авч хэрэгжүүлнэ.
- Хүүхэд хүссэн үедээ ундны цэвэр ус уух боломжийг бүрдүүлсэн байна.
- Хүүхдийг байнгын хараа хяналттай байлгана
- Өдөр өнжүүлэх үйлчилгээний өрөө, тасалгаанд хүн амьдрах гадны хүн оруулахгүй байх зэрэг нийтлэг шаардлагууд тавигддаг байна.
Г.Мичидмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ