Х.Цэцэгсүрэн:Цэцэрлэгийн хүүхдүүдийн хэрэглээний зүйлсийг улирлаар нь авч байна

Өвс ногооны сөл суларч шаргалтах хөдөөнөөс ирээд удаагүй би цэцэрлэгийн бүртгэл, бэлтгэл ажил хэр дөнгүүр яваатай танилцахаар Сүхбаатар дүүргийн 2-р цэцэрлэгийг зүглэлээ.
Жиндүү сэрүүхэн өдрүүд айсуй. Намрын сэрүүнд Их хотынхон цув, хүрмээ өмсөцгөөжээ. Замын түгжрэл нэмэгдсэнийг хүмүүс оюутнууд ирчхэж гэх. Харин тэр дунд цэцэрлэг сургуулийн элсэлтэд амжиж бүртгүүлэх гэсэн олон хүмүүс яваа биз. Эргэн тойрноо ажин гэлдэрсээр өнөөх цэцэрлэгийн хашааны гадаа нь очтол нэг эрэгтэй “Хөөе, хөгшөөн аль хаалгаар нь орж байна уу” гэж хээв нэг асуулаа. “Би бас хайж л явна” гэхэд өөр тийш явчхав. Хашаагаар нь орон төв хаалгыг зүглэж байтал хашааны баруунтаах тоглоомын талбайд гурван хүүхэд тоглож байна. “Би одоо гулгая, ердөөсөө чоно туулай гэж тоглоё, би чоно шүү” гээд биенээ элдэж гүйлээ. Тэднийг харсаар төв хаалгаар ортол гар ариутган халуун шалгав. Энэ цэцэрлэг халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиж буй болтой.
Цэцэрлэгт бүртгэгдсэн хүүхдүүд шинжилгээнд хамрагдах ёстой бөгөөд харьяа дүүргийнхээ Эрүүл мэндийн төвд шинжилгээгээ өгөх юм байна. Тэднээс шээс болон цагаан хорхойн шинжилгээ авах бөгөөд нийтдээ шинжилгээний зардал 5000 төгрөг. Харин багш ажилчдын өгөх шинжилгээний зардал хүний 20,000 төгрөг. Бүртгэл энэ сарын 3-28-ныг хүртэл явагдана.
Энд тэнд арчиж, зүлгэж нааш, цааш ширээ сандал зөөж байлаа. Тэднийг болон орчныг нь хараад хүүхдийн цэцэрлэг ийм л өнгөлөг гэрэл сайтай байдаг даа гэж бодож зогстол хажууханд нэг эмэгтэй “Манайх гоё цэцэрлэг байгаа биз, миний дүү бүртгэл хийлгэхээр ирсэн үү, би энэ цэцэрлэгийн бүлгийн багш” гэж байна. Тэр эмэгтэй надад мэдээлэл өгөх эрхлэгчээ зааж өгөв. Энэ цэцэрлэгийн эрхлэгчийг Х.Цэцэгсүрэн гэдэг. Намайг ирэхэд хавь ойрын юмсыг хаана байрлуулахыг нь хүн нэг бүрт зааж байсан юм. Харин дөхөж очоод ажлын явцыг асуухад хийж байснаа орхиод уриалагханаар надад хандан “Манай цэцэрлэг бэлтгэл ажлаа хийгээд шувтрах тал руугаа орж байна. Өнөөдөр дуусгахаар ажилчид маань хичээж байгаа. Яамнаас гаргасан зөвлөмжийн дагуу бүх зүйлээ зохицуулан ажиллаж байна.
Манайх олон хүүхэд хамруулахын тулд нэг ангидаа 25 хүүхэд авч байгаа. Хүүхдүүдийн хэрэглээний зүйлсийг жилээр нь авдаг байсан бол энэ удаад гурван сарын хэрэглээгээр тооцон урьдчилсан байдлаар авсан. Нэг метр хоорондын зай барих дотоод зохицуулалтаа хангах боломжтой болчихсон. Одоогоор манай цэцэрлэгийн бүртгэл 90 гаруй хувьтай байна. Хуучин хамрагдаж байсан хүүхдүүдээ утсаар дуудан бүртгэлээ хийн шинжилгээгээ өгөөрэй гэж хэлээд байгаа. Утсаар дуудаад цувруулан бүртгэхдээ зай барих шугам тавьсан учраас бөөгнөрөл үүсэхгүй байна. Хүүхдүүдээ уламжлалт аргаар баталгаажуулж, бүртгэж байгаа. Манайх гурван бүлэг 75 хүүхдийн хүчин чадалтай боловч 165 хүүхэд авдаг юм. Ноднин 30 хүүхэд төгссөн энэ жил 130 хүүхэд бүртгэж, тэдэн дундаа зохицуулалтаа хийнэ. Хуучин хүүхдүүд дээр шинээр нэмэгдсэн таван настай зургаан хүүхэд бүртгүүлсэн. Дүүргийн эрүүл мэндийн газраас дөрвөн гар ариутгагч сургалт явуулах үедээ өгсөн. Бусад халдвар хамгаалал ариутгалын хэрэгслүүдийг бид, эцэг, эхчүүдтэйгээ хамтраад зохицуулж байна. Төсөв санхүү хэцүүхэн байгаа” гэж ярьсан юм.
Энэ цэцэрлэг хүүхдүүдийн гар нүүрийн алчуурыг Covid-ийн үед халж гар арчих цаасыг хэрэглэхээр болжээ. Хүүхдүүд цэцэрлэгтээ орж ирээд маскаа авч болно. Мөн Хятадаас орж ирж буй амны хаалтыг хэрэглэхгүй байж хоёр ээлжийн даавуун маск оёж зүүхээр ярилцсан гэнэ. Цэцэрлэгийн орчиндоо хоёр цаг тутамд агаар сэлгэлт хийж гарын ариун цэврийг сахиулах бөгөөд хүүхдүүд ангидаа орж ирэхдээ үүдэндээ гараа ариутган, цааш танхимдаа орох аж.
Цэцэрлэг сургуульдаа явахаар хүлээн догдлох хүүхдүүдээ боловсролын байгууллагынхан угтахдаа бэлдэж буй энэ билээ.
Э.Үүрийнцолмон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ