Ундаа борлуулалтгүй болж хүмүүс маск л авч байна

img

 

Дэлхий даяар тархаад буй шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд манай улс нэлээдгүй олон сарыг хорио цээрийн дэглэмд өнгөрүүлсэн билээ. Тэгвэл Улсын онцгой комиссоос 9 дүгээр сарын нэгний өдрөөс Ерөнхий боловсролын  сургуулиудын хичээлийг  эхлүүлэх шийдвэр гаргасан.  Хичээлийн шинэ жил эхлэхэд ердөө долоо ч хүрэхгүй хоног  үлдээд буй энэ үеэр нийслэлийн зах худалдааны төвүүдийн ачаалал нэмэгддэг.  Энэ удаагийн сурвалжлагаар жилээс жилд хөл хөдөлгөөн ихтэй байдаг Нарантуул захыг зорилоо.

 

“Өдрийн хоолны мөнгөтэй л харьж байна”

 

 

“Нарантуул” зах урьдын адил хүний хөлд дарагдсан хэвээр хүүхдээ дагуулсан эцэг, эхчүүд хичээлийн хэрэгсэл, хүүхдийн хувцасны лангуунд дугаарласан нь  олонтоо харагдав.

 

“Нарантуул”  худалдааны төвийн үүднээс эхлээд жижиг тэргэн дээр жижиглэнгийн бараа, тор зардаг эмээ нар хамгийн түрүүн нүдэнд туссан юм.  Тэдний нэг болох худалдагч эмээ тус захад 10 орчим жил  наймаа хийж байна.

 

“Энэ жилийн хувьд  худалдан авагч харьцангуй  тааруу байна.   Жижиглэн худалдаа хийдэг хүмүүс ихэнхдээ тааруу орлого олдог.  Миний хувьд л гэхэд  өдрийн орлого гэж   20000-30000 төгрөг түүгээрээ буцаагаад бараагаа авчихдаг.  Өдрийн хоолныхоо мөнгөтэй гэртээ харивал их юм” гэлээ.

 

 Цааш явбал мөн адил  тэргэнд  жижиглэнгийн бараа маск зарж буй  эгчээс  худалдан авалтын  талаар тодруулахад:

 

-Энэ жилийн хувьд өмнөх жилүүдийг бодвол харьцангуй бага байна. Ойрын өдрүүдэд  хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан худалдан авалт харьцангуй нэмэгдэж байна. Том наймаа эрхэлдэг хүмүүсийн орлого бол биднээс сайн байна. Жижиглэнгийн бараа борлуулдаг миний хувьд маскнаас өөр зүйлийг бараг хүмүүс сонирхохгүй байгаа гэлээ. Өмнө нь ундаа борлуулдаг байсан ч ямар  ч борлуулалтгүй болсон тул ийнхүү бараагаа сольж маск болон жижиглэнгийн бараа борлуулдаг болсон. Жижиглэнгийн бараа их борлогддоггүй ч цагаан сарын дараах карантины үеийг бодвол дээрдсэн гэдгийг хэлж байлаа.  Өдрийн борлуулалтын дийлэнх хувийг эзэлдэг маскыг 10 ширхэгийг 1500-2000 төгрөгөөр борлуулж байв.

 

Шинэ хичээлийн жил эхлэхтэй холбогдуулан орлого нэмэгдсэн

 

 

Худалдан авагчдын хамгийн ихээр дугаарлан зогссон хичээлийн хэрэгслийн лангуугаар орход  Польш, Монгол дэвтэр, өнгө өнгийн үзгийн сав, харандаа, бал  гээд олон төрлийн барааг эгнүүлэн өрсөн байх аж. Улаанбаатар Принтийн дэвтэр 12-96 хуудастайг 200-1200 төгрөг, Польш дэвтэр 12-96 хуудастайг 100-950 төгрөгний үнэтэй.

 

Нарантуул захын хичээлийн хэрэгсэл, хүүхдийн хувцасны лангууныхан  бараагаа борлуулаад тун ч завгүй харагдлаа. Хүүхдийн хувцас худалдаалдаг хэд хэдэн лангуугаар орж борлуулалтын талаар тодруулахад  худалдагчид энэ жилийн хувьд өмнө жилүүдийнхтэй харьцуулахад борлуулалт тааруу байсан ч ойрын өдрүүдэд  харьцангуй нэмэгдэж байна гэх хариултыг хэлцгээж байлаа.

 

Коронавирусийн улмаас уналтад ороод байсан зах худалдааны төвүүд хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан бага ч гэсэн орлого нэмэгдсэнд сайшаалтай байна гэв.

Л.Отгонмягмар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ