Хөгжим эгшиглэж, залуус хөшилдсөн Улаанбаатарын ҮДЭШ

Намрын сэрүүн ойртон ирж буй энэ өдрүүдэд тэнгэр өдөртөө хэд бүрхэж, хэд цэлмэнэ. Нийслэлийн залуус аль хэдийнэ намрын хүрмээ өмсөж, шүхрээ барин алхцгаана.
Дэлхийн 216 оронд тархаад буй шинэ коронавирусийн улмаас өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн найман сарын хугацаанд хорио цээрийн дэглэмд байгаа билээ. Гэсэн хэдий ч УОК -ын шийдвэрээр есдүгээр сарын нэгнээс Ерөнхий боловсролын сургуулийн бүх шатны сургалтын үйл ажиллагааг эхлүүлэх шийдвэрийг гаргасан. Энэ мэдээ нэлээдгүй хугацааг хорионд өнгөрүүлсэн бяцхан жаалуудад баяртай байх нь мэдээж. Удаан уулзаагүй ангийн найзуудтайгаа уулзаж, шинэ авсан хувцсаа өмсөж, цүнхээ үүрэхсэн гэхээс тэсгэл алдана суугаа биз. Шинэ хичээлийн жил эхлэх гэж буйтай холбогдуулан зөвхөн багачууд гэлтгүй эцэг, эхчүүд оюутан залуус ч бас нийслэлээр холхино. Тэгвэл есдүгээр сарын нэгнийг хүлээж буй багачууд эцэг эхтэйгээ хэрхэн оройн цагийг өнгөрүүлж буй болон залуус чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлж байгааг сонирхохоор нийслэлийн хамгийн их хүн цуглардаг газрууд болох төв талбай, Сөүлийн гудамж орчмыг зорьж, Улаанбаатарын үдшийг тольдлоо.
Өглөөний нарыг наранд бүү бод гэдэгчлэн өдөртөө цэлмэг байсан тэнгэр аашаа хувирган ажил тарах үеэр ширүүн бороо, дуу цахилгаантай мөндөр орж эхлэв. Өглөө гэндэж шүхэргүй гарсан нэг нь борооны устайг гайхан, нээлттэй юу л байна хаалгыг бараадан хорогдож зогсоо харагдана.
Хэсэгхэн шаагих аадар борооны дараа нар гарч нийслэл хот нүүрээ угаасан хүүхэд мэт шилэн барилгууд гялалзан, мэлтийнэ. Нийслэлийн залуусын ихэнх нь богино түрүүтэй шаахай өмссөн байх бөгөөд энд тэндгүй тогтсон тогтоол усан дээгүүр сурамгай гэгч нь харайлдах аж.
Нар хэдийн жаргах цаг болж борооны дараах чийг үнэрлэж, цэвэр агаарт агаарлахаар хотын залуус гэрээсээ гарч төв талбайгаар холхицгоож байв. Төв талбайн усан оргилуурын хажуугаар дугуй унасан бяцхан жаалууд, хүүхдээ тэвэрсэн эцэг эх, залуу хосууд, ганцаараа чихэвч сонсож эморсон залуус гээд хүн олонтоо.
Саяны орсон ширүүн бороо түүний дараахан жаргасан нар, цэвэр агаар, чийгний үнэр хэн бүхний сэтгэлийг гэгэлзүүлж гэрээс нь гаргахад хүргээ биз.
Хөгжимт оргилуурын шидийг үзэхээр холоос зорин ирсэн гийчид
Төв талбайн оргилуурын хажууханд хоёр том цүнхтэй зүйл, дунд сургуулийн хүүхдийн багахан цүнх хажуудаа тавьж ойролцоо гэмээр насны дөрвөн хүүхэд дагуулсан залуухан ээж нүдэнд тусаж тэдний хажууханд суулаа.
Дөрвөн хүүхдийн насаар хамгийн бага нь болов уу гэмээр үсээ хоёр хуваан сүлжиж, ягаан өнгийн гүнжтэй үсний боолтоор цэмбийтэл боосон охин ээжээсээ ямар нэгэн юм нэхэж харагдана. Ээж цүнхнээсээ “Жимстэй боов” гарган хүүхдүүдэд тарааж, том савтай “Fuze tea” ундаа гаргаж өгсөнд жаалууд булаалдан уух нь гэрээсээ гараад нэлээдгүй хугацаа өнгөрсөн болов уу гэмээр.
Удалгүй хижээл насны нэгэн эмэгтэй тэдний хажууд ирж жаахан хүүхдүүдийг өхөөрдөн яриа дэлгэлээ. Залуухан ээж хүүхдүүдийн хамтаар Төв аймгийн Заамар сумаас хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл, хувцас авч өгөх мөн хотоор зугаалж хүүхдүүдийг ангийнхандаа ярих сэдэвтэй болгох том үүрэгтэй яваа гэнэ. Тэд өглөө гэрээсээ гарч өдөржин гадуур явсан ч ядарсан шинж огт алга.
Тэдний гол зорилго нь хөгжимт усан оргилуурыг ид шидээ үзүүлэхийг харах. Түүний дараагаар Орбитод байрлах хамаатныхруугаа явах байлаа. Борооны дараа хэсэгхэн зуур нар гарсан ч оройн сэрүүн аль хэдийн оржээ. Дахиад л тэнгэр бүрхэж, харанхуй үүл бөөгнөрсөн ч талбай тойрсон гэрэлд өдөр шиг гэгээтэй тул бүрхэг тэнгэр, шөнө болсныг ч умартан жаалууд тоглосоор л…
Хэсэг хугацааны дараа тэнд эрэгтэй, эмэгтэй хоёр хүүхдээ дагуулсан эгч тухлав. Мөн л адил усан хүүхдүүддээ усан оргилуур үзүүлэхээр дагуулж ирсэн бололтой. Бөмбөлөг барьсан жаал хүү ээжээсээ усан оргилуур хэзээ асахыг лавлаж, мөн амттан нэхэж шалгаана. Ээж хүүхдүүдээс даарч буй эсэхийг асуухад усан оргилуур үзэх гэсэн зангаасаа болсон уу жинхэнээсээ даараагүй юу “Даарахгүй байна” гэж хариуллаа.
Ийнхүү хуучилж байх зуур тэнгэр хэдэнтээ дуугарч ширүүн бороо орж эхэлснээр усан оргилуурын ид шидийг үзэх гэж хүлээсэн “үлгэрийн баатрууд” гэртээ харихаар одов. Ширүүн борооны улмаас оргилуурын ид шидийг үзэж чадаагүй баатрууд маргааш дахиад л зорьж ирэх байхдаа.
Тэдний адилаар оргилуур тойрсон хүмүүс ч хөдөлгөөнд орж борооноос түр халхлах газар хайн тал тал тийш хөдөлцгөөв.
Залуусын гудамж “Сөүл”
Оюутан залуусын хамгийн ихээр очдог газар бол “Сөүлийн гудамж” буюу бидний нэрлэж заншснаар “Хүүхдийн 100” орчим... Хаа нэгтээх паб, баарнаас хөгжмийн ая үе үе эгшиглэж, шөнийн гудамж гэрлэн чимэглэлээ асаажээ.
Нээрээ л залуусын гудамж гэмээр бөөн бөөнөөрөө зогсож хууч хөөрсөн охид залуус, хөтлөлцөн алхах залуу хосууд олонтоо харагдана. Зорилго нь тодорхой болов уу гэмээр хэсэг залуус Grand Royal гэх пабруу орцгоов. Хэсэг хугацааны дараа гаднах сул ширээнд захиалга өгч пиво тулган сууцгааж харагдана. Эдний шөнийн амьдрал одоо л эхэлж байгаа аж.
Түүнээс цааш явбал туслах замын уулзарт машинаа тулган зогсоод, машинаасаа бууж хэн нэгнийг хүлээж буй болов уу гэмээр гуч орчим насны залуу хажуугаар өнгөрөх залууст хандан “Ажиллаж байгаа баар байна шүү” гэж шивнэх төдий хэлэх нь сонсогдоно.
Түүний энэ ярианаас залуусын гудамжны шөнийн амьдрал ингэж л эхэлдэг болохыг харж болохоор. Ширүүн бороо хэдэнтээ орсон ч шөнийн хотын амьдрал аль хэдийнээ эхэлж, Choco, Teezy, зэргээр үйлчлүүлэгчид нь дүүрсэн харагдана. Тэднээс хамгийн ихээр сонирхол төрүүлсэн зүйл бол TOUS les JOURS бакерэйн үүдэнд хөгжим тоглож, дуу дуулах залуус.
Найзуудаараа болов уу гэмээр үе тэнгийн долоо, найман залуус чөлөөт цагаа өөрсдийн хийх дуртай зүйлээ хийж өнгөрүүлж буйн энэ аж. Ийнхүү удахгүй орох хичээлийнхээ өмнө чөлөөт цагаа өөр өөрсдийн хэмжээндээ үр бүтээлтэй өнгөрүүлж буй нийслэл хотынхны нэг оройн амьдрал үргэлжилсээр…
Л.Отгонмягмар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ