Э.Өлзийчимэг: Төрийн тэргүүнээс одонгоо гардах үед сүрдээд айсан

Ерөнхийлөгч олон хүүхэд төрүүлж өсгөсөн ээжүүдэд “Эхийн алдар” одонг гардуулж байгаа. Энэ удаад нийслэлийн Хан-Уул, Налайх, Багануур, Багахангай дүүргийн 838 ээжид “Эхийн алдар” одон гардууллаа. Эхийн алдар нэгдүгээр одонт, зургаан хүүхдийн ээж Э.Өлзийчимэгтэй ярилцлаа.
-Эхийн одон авах мөчийн сэтгэгдлээсээ хуваалцана уу?
-Ханийгаа бас хүүхдүүдээ бодоод тэднээр бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрж байсан. Төрийн тэргүүний хажууд зогсож одонгоо зүүлгэн авахдаа айж байсан. Сүрдээд байдаг юм болов уу даа айгаад байдаг юм билээ.
-Өмнө нь Төрийн ордонд орж байсан уу?
-Энэ удаагийнх анхных нь байсан. Одонгоо авч гарч ирээд гэрийнхнээ харахаар өөрийн эрхгүй уйлчих гээд байсан. За хүүхдүүдээ айлгачихна болохгүй шүү гээд арай гэж тэвчсэн.
-Алдарт эхийн хоёрдугаар одонгоо хэзээ авч байсан бэ?
-2014 оны зургадугаар сарын 20-нд одонгийн хүүхдээ төрүүлж байсан. Одонгоо хэзээ авснаа сайн санадаггүй ээ. Гэхдээ Эх үрсийн баярын өдөр авч байсан. алдарт эхийн нэгдүгээр одонг авдаг хүн цөөн байдаг юм байна. Манай Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хорооноос хоёрхон ээж нэгдүгээр одон авч байгаагийн нэг нь би байлаа. Одонгийн маань охин нэг ой 5 сартай.
-Том залуугаас бусад нь бүгд охин юм байна. Охид өсгөх ямар байдаг вэ?
-Охид өсгөхөд арчилгаа их хэрэгтэй байдаг. Ийш тийшээ дагуулж явахад үсийг нь самнах, хувцас сонголтод анхаарсаар байтал өдрийн авчихдаг. Охидоо дагуулж гарах бол эрт босоод гангална шүү дээ. Хүү маань олон охин дүүтэй. Зодоон, цохион гэж бараг мэдэхгүй болохоор их зөөлөн сэтгэлтэй.
-Ээж хүн сайн сурган хүмүүжүүлэгч байж үрсээ зөв зүгт чиглүүлдэг шиг санагддаг. Таны хувьд хүүхдүүдээ хэрхэн хүмүүжүүлдэг вэ?
-Ээж хүн гэр бүлийнхээ залуур юм уу даа. Хүүхдүүдээ хүмүүжүүлэх аргын хувьд халуун гэр бүлээрээ байхыг эрхэмлэдэг. Ямар ч үед хүүхдүүдээ айл руу явуулж, өөрөө хариуцлагаас зугтахыг боддоггүй. Бүх зүйл гэр дотор болж, өөрийн зан, хандлагаараа ямагт дэргэдээсээ үлгэрлэн өсгөхийг хичээдэг. Бас тэднийг аль болох өөрийнхөөр нь байлгадаг.
Би хүүхдүүддээ сургаал хэлэх нь ховор. Манай хүн миний дутууг нөхдөг болов уу гэмээр ах хүн ийм үүрэгтэй, ингэж байж дүү нартаа хүндлэгдэнэ. Дүү нарт нь бас ах, эгчээ хүндэлж байж хайрлуулна гээд л сургаалууд нь ундардаг.
-Та удахгүй амаржих нь. Шинэ хүн хэзээ төрөх вэ?
-Шинэ хүн ирэх оны эхээр мэндэлнэ. Би удахгүй долоон үртэй болно.
-Олон сайхан үрсийн элбэрэлт ээж байх их хувьд нь баяр хүргэж гэр бүлд нь эрүүл энх, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
-Баярлалаа
Э.Үүрийнцолмон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ